Өнгөрч буй долоо хоногт дотоодын улс төр, нийгмийн амьдралд болсон үйл явдал, өөрчлөлт, шийдвэрийг тоймлон хүргэж байна.
Улс төр
Анхдугаар чуулган өндөрлөлөө
Энэ долоо хоногийн мягмар гаригт УИХ-ын анхдугаар чуулган нэгдсэн 71 гишүүнээс 38 нь ирж 53.5 хувийн ирцтэйгээр өндөрлөлөө. Уг хуралдаанаар зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэний дараа нь дэд хороодын бүрэлдэхүүнийг баталсан юм.
Засгийн газар анхны хуралдаанаа хийж, сайдууд ажилдаа орлоо
Харин Засгийн газар анхны хуралдаанаа өнөөдөр хийгээд буй. Шинээр томилогдсон сайдууд салбарынхантайгаа болон гадаадын төлөөлөгчидтэй уулзаж, салбартаа тулгамдаад буй асуудалд ханцуй шамлан орж эхэлжээ.
Шинэ засгийн газар анхны зочноо хүлээн авлаа
Түүнчлэн, Шинэ Засгийн газрын урилгаар айлчилж буй анхны зочин бөгөөд энэ онд БНХАУ-ын талаас Монголд айлчилж байгаа хамгийн өндөр албан тушаалтан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо байлаа.
Агентлагуудыг цөөлсөнөөр төрийн алба хаагчид цомхотголд орж магадгүй
Мөн шинээр байгуулагдсан Засгийн газар 16 яамтай болж, 40 гаруй агентлагаас 10 гаруйг нь татан буулгахаар болсон. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд заасны дагуу тохируулагч 11, хэрэгжүүлэгч 17 нийт 28 агентлагтай байхаар болсон билээ. Ингэснээр 300 төрийн алба хаагч цомхотголд орох болоод байгаа аж. Гэтэл ажлаас чөлөөлөгдөж буй иргэдийн зарим нь тэтгэмжээ авна, өөр нэг хэсэг нь жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн мэдэгдээд байгаа ажээ.
Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
АН-ын бүлэг даваа гаригт хуралдаж, орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ярилцан, "Орон нутгийн сонгуулийн тухай хуульд мажоритар, пропорциональ 50:50 хувиар холимог болгох, улмаар Засаг даргыг иргэдээс нэр дэвшүүлж сонгодог зарчим руу шилжүүлэх" асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан бол УИХ-ын дарга З.Энхболдод Р.Бурмаа, А.Бакей нарын нэр бүхий гишүүд өргөн мэдүүллээ.
Ерөнхийлөгчийн зарлиг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр зарлиг гаргасны нэг нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших Алтай ханы Таванбогд уул, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд орших Говь гурван сайхан уулын Их Тахилгат хайрханыг тус тус төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа /дэлгэрэнгүй.../. Мөн “Лондон-2012” олимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Ням-Очирт гавьяат тамирчин, спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, олимпийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаанд соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг олгов.
НИТХ
Замын түгжрэл, хууль бус газар олголттой тэмцэж эхэллээ
Харин НИТХ-ын дарга Э.Бат-Үүл даруй ажилдаа орж, хоёр ч удаа иргэний танхимын хурлаа зохион байгуулж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын түгжрэлийг багасгах арга хэмжээ авч эхэллээ. Тодруулбал, зарим их, дээд сургууль /дэлгэрэнгүй.../ болон захуудын /дэлгэрэнгүй.../ цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, тээврийн хэрэгслийн төгсгөлийн дугаараар нь тодорхой өдөр хөдөлгөөнд оролцуулахгүй байх /дэлгэрэнгүй.../, автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах /дэлгэрэнгүй.../, төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах, төлбөртэй зогсоолыг нэмэгдүүлэх, зөрчил гаргасан автомашиныг зөөвөрлөх машин нэмэх /дэлгэрэнгүй.../, нийтийн тээврийнхнийг урамшуулахаар /дэлгэрэнгүй.../ болоод байна. Хоёр дахь долоо хоногийн хурал “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч буй зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай” хэлэлцлээ. Энэ үеэр хууль бус газар олгож, барилга барьж байгаа тухай холбогдох албан тушаалтнуудад иргэд түлхүү мэдээлэл өгч, засч залруулах хэрэгтэйг сануулж байв. Ингээд Нийслэлийн Засаг дарга 2030 оны хот төлөвлөлтийг УИХ-аар батлагдтал нийслэлд газар олголтыг зогсоох шийдвэр гаргасан юм.
Боловсролын салбарт
Есдүгээр сарын 1 болох гэж байгаатай холбогдуулан боловсролын салбарт энэ долоо хоногт өрнүүн үйл явдал ихтэй байлаа.
Шинэ сайд анхны шагналаа гардууллаа
Салбарын сайд Л.Гантөмөр сайд болоод анхны шагналаа улсын олимпиадад тэргүүлсэн 11-р анги төгсөгчдөд элсэлтийн шалгалтгүйгээр их, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичгийг нь гардуулсан юм.
Их, дээд сургуулийн төлбөрийг 10 хувиас илүү нэмүүлэхгүй
Боловсролын сайдаас сэтгүүчид их, дээд сургуулийн төлбөрийг нэмэгдэх эсэх талаар тодруулахад 10 хувиас илүү нэмүүлэхгүй байх талаар арга хэмжээ авч, ням гаригт сургуулиудын санхүүгийнхэнтэй уулзахаар болоод байгаа.
14 мянган оюутан оюутны байранд хамрагдана
Мөн орон нутгаас суралцаж буй оюутнуудад тулгардаг асуудал нь оюутны дотуур байр байдаг. Өөрөөр хэлбэл оюутны дотуур байр хаанаа ч хүрэлцдэггүй. Энэ жил 14 мянган оюутан л оюутны байранд хамрагдах боломжтой /дэлгэрэнгүй.../ бол үлдсэн нь хөлсний байр, подваль, айл зэргээр амьдран суралцах болох нь ээ.
Түүнчлэн оюутны виза картны захиалга 27-ноос эхлэх бөгөөд аравдугаар сарын 1 хүртэл хуучин виза картаараа зорчихоор болоод байгаа.
Цэцэрлэгийн бүртгэл өндөрлөлөө
Сургуулийн өмнөх хүмүүжил буюу цэцэрлэгийн боловсрол эзэмшүүлэх бүртгэл явагдаж дууслаа. Цэцэрлэг хүрэлцээгүй байдаг тухай шүүмжлэл энэ удаа ч тасраагүй. Дугаарлаж хоноод, ажилтай байгаад бүртгүүлж амжилгүй хоцорлоо гэсэн мэдээлэл ч байгаа юм. Хэдий цэцэрлэг хүрэлцээгүй байгаа ч энэ жил хувийн 58 цэцэрлэг 1200 хүүхэд хамруулах /дэлгэрэнгүй..:/ боломжтой болжээ.
Мөн дунд сургуулийн сурах бичиг бэлэн болжээ. Амьжиргааны түвшин, хэддүгээр ангид суралцдагаасаа хамаараад өөр өөр хэлбэрээр /дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү/ олгогдохоор болжээ.
25 сургуулийн засвар, өргөтгөл дуусаагүй тул гурван ээлжээр хичээллэнэ
Жил бүрийн хичээлийн шинэ жилийг угтан их, бага хэмжээгээр сургууль, цэцэрлэгүүд засвар, цэвэрлэгээг хийдэг билээ. Гэтэл улсын хэмжээнд 25 сургуулийн засвар, өргөтгөл дуусаагүй тул 131 бүлэг гурван ээлжээр хичээллэхээр /дэлгэрэнгүй.../ болоод байна.
Зам тээврийн ослоос сэргийлж гэрэл цацруулагчтай цүнх, хурд сааруулагч ашиглана
Бага насны болон ЕБС-ийн хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь их байдаг тухай тоо баримт эцэг, эхийн санааг зовоодог асуудлуудын нэг. Тэгвэл өнгөрсөн жил хэрэгжүүлж эхлээд байсан гэрэл цацруулагчтай цүнхийг энэ хичээлийн жилд нийслэлийн бүх сургуулиудад хэрэгжүүлэхээр шийдээд /дэлгэрэнгүй.../ байгаа аж. Мөн зарим сургуулиудын ойролцоох замд хурд сааруулагч тэмдэглэгээ байрлуулах /дэлгэрэнгүй/ юм.
628,200,000 төгрөгийн тусламж үзүүллээ
Японы Засгийн газар “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн хүрээнд Дархан-Уул, Хөвсгөл, Улаанбаатарын зарим сургууль, цэцэрлэгийн их засварт 628,200,000 төгрөгийн тусламж /дэлгэрэнгүй.../ үзүүллээ.
Нийгэм, цаг үе
Ургац хураалт 7-10 хоног хойшилно
Намрын ургац хураалт 7-10 хоног хойшлох төлөвтэй байна. Учир нь таримал ургамлыг соёолоход тодорхой хэмжээний чийг, дулаан шаарддаг. Энэ хавар их сэрүүхэн байсан учраас ургамлын соёололтод бага зэрэг сөрөг нөлөө үзүүлсэн. Мөн бороо хур элбэг байгаа учраас чийг дутахааргүй байсан ч дулааны дутагдал байгаа хэмээн мэргэжлийн хүмүүс мэдэгдээд байна.
Өвөрмонголчууд Монголд амьдрах хүсэлтэй байна
Өвөрмонголчуудын “Олуулаа” дугуйлан хэвлэлийн хурал зарлаж Монголд амьдрах хүсэлтэй Өвөрмонгол иргэдэд амьдрах, иргэн харьяат болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барих гэж байгаа тухайгаа мэдэгдэв. Учир нь Монголд амьдрах хүсэлтэй, сэтгэлтэй ястан /буриад, барга г.м/ их байдаг гэсэн юм. Энэ тухай мэдээлэл авсан иргэдийн зарим нь дургүйцэж байгаа бол нөгөө хэсэг нь “Зөв шүү дээ. Монголчууд олуулаа хүчтэй болох хэрэгтэй” хэмээн үзээд буй. Энд дарж үзнэ үү
Тэсрэх бөмбөг гэсэн нь дуу чимээ гаргадаг хэрэгсэл байв
Өчигдөр буюу баасан гаригт Чингис хаан нисэх онгоцны буудлаас тэсрэх бөмбөг байж болзошгүй гэх ууттай зүйл олдож, түр зуур онц байдал зарлаад байсан. Харин удалгүй шалгасны үр дүнд сургалтын дуу чимээ гаргадаг хэрэгсэл болох нь тогтоогдсон юм.
Энэ долоо хоногийн томилгоо:
УИХ-ын дэд дарга Л.Цог
Шадар сайд Д.Тэрбишдагва
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар С.Оюун
Эрчим хүчний сайдаар М.Сономпил
Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал
Сангийн сайд Ч.Улаан
Тохижилт үйлчилгээний компанийн даргаар Д.Энхсайхан
Нийслэлийн засаг даргын захирамжаар:
Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа
Улаанбаатар хотын Захирагчийн хүний нөөцийн асуудал хариуцсан зөвлөхөөр Д.Батмөнх
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр
Ё.Гэрэлчулуун
НЗД-ын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү
НЗД-ын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа
НЗД-ын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор Н.Гантөмөр
Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Л.Ганхөлөг
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Очирбат
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана тус тус томилогдлоо.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )