Хүүхдийнхээ санхүүгийн мэдлэгийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Сургууль бидний хүүхдүүдэд математик, англи хэл, газар зүй гээд төрөл бүрийн хичээлийн мэдлэг олгодог. Гэхдээ сургуулийн анги танхимаас олж авч чаддаггүй нэг чухал зүйл бий. Хүүхдийн тань цаашдын амжилтанд нөлөөлөх тэрхүү чухал зүйл нь мөнгийг зөв зохистой зарцуулах ухаан юм. Тиймээс ч бид энэ талаар мэдлэггүй аав ээжүүдэд зориулан бяцхан зөвлөгөө өгөхөөр шийдлээ.

“Эцэг эхчүүд хүүхдээ зөв зан төлөвшилтэй болгох талаар нь анхаарч, ороо байнга хураах, соёлч боловсон байх талаар нь үргэлж л сануулж байдаг. Энэ нь ч зөв. Харин цөөн тооны аав ээжүүд л хүүхдийнхээ ирээдүйн санхүүгийн мэдлэгт нь анхаарч энэ талаарх арга ухаанд суралцуулдаг” хэмээн санхүүгийн шинжээч, Raising Financially Confident Kids номын зохиогч Mary Hunt хэлжээ. Тэдний энэ талаар анхаарахгүй байгаа нь өөрсдөө ч гэсэн санхүүгийн ойлголт хомс байдагтай нь холбоотой байж мэднэ гэж тэрээр үзэж байгаа юм. Эцэг эхчүүд өөрсдөө өр зээлтэй эвсэл амьдралдаа хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй учраас энэ талын зөвлөгөө өгөх чадвар өөрсдөд нь байхгүй гэж боддог. Энэ нь маш буруу ойлголт бөгөөд санхүүгийн үндсэн ойлголтын тухай заах нь яг л ямар нэгэн хэл заахтай адил байдаг гэнэ. За ингээд хүүхэддээ санхүүгийн ойлголтыг өдөр тутмын амьдрал дээрээ тулгуурлан жинхэнэ практик  аргаар хэрхэн өгөх тухай хатагтай Mary Hunt-н зөвлөгөөг хүргэе.

Мөнгөний тухай хэрхэн ярилцах вэ?

Хүүхдүүд таны хийдэг үйлдлээс чинь илүү хэлдэг зүйлээс чинь үлгэр дууриал авдаг. Тиймээс мөнгөний тухай анхнаас нь л зөв ойлголтыг аажим аажмаар өгөх хэрэгтэйг юун түрүүнд анхаарна уу. Хамгийн эхний хичээл бол мөнгө өөрийн гэсэн үнэ цэнэтэй агаад чи үүнийг зарцуулсан л бол мөнгө чинь хорогдоно гэдгийг ойлгуулах. Балчир насны хүүхэдтэй ажиллахад кредит болон дебет картнаас илүү цаасан мөнгө буюу дэвсгэрт байвал их зүгээр. Учир нь цаасан мөнгө илүү бодитой нүдэнд харагдаж гарт баригдах зүйл шүү дээ. Дээрх төрлийн картнууд нь хүүхдийн толгойг эргүүлэх хандлагатай байдаг. Нөгөөтэйгүүр хүссэн бүхнээ л авчихаж болдог шидэт карт мэт сэтгэгдлийг бяцхан үрд тань төрүүлж болзошгүй юм.

Өөр нэгэн чухал зүйл нь хүсэл хэрэгцээ хоёрыг нь ялгаж салгаж сургах. Өөрт байгаа мөнгөнөөсөө илүү хэмжээний зардал гаргаж болохгүй талаар үг яриа, үйлдлээрээ ойлгуулах хэрэгтэй. Гэр бүл дундаа бяцхан тоглоом ч зохиосон болно. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү учир нь авахыг хүссэн зүйлээс нь байнга татгалзвал хүүхэд “манайх ядуу юм байна” гэсэн эмзэг бодол дотроо тээж магад.

Хэрэглээний мөнгийг нь зөв олгох

Халаасны мөнгө өгөх нь аав ээжүүдийн хувьд бас л нэг маргаантай асуудал даа. Ойр зуурын хэрэглээний мөнгө өгөх нь хүүхдэд мөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулах тухай ойлгоход нь ихээхэн тус нэмэр болох бас нэгэн арга юм. Ерөнхийдөө 6 настайгаас нь эхлээд долоо хоногт зарцуулах халаасны мөнгийг нь өгч эхлэх нь зүйтэй. Харин хэдий хэрийн мөнгө өгөх вэ гэвэл 6 настай хүүхдэд долоо хоногт $6, 15 настай хүүхдэд долоо хоногт $15 гэхчилэн насных нь тоог $1-р үржүүлээд өгөхөд болно. Тэгээд яваандаа мөнгө өгөх хугацаагаа уртасгаж бага насны хүүхдэд 2 долоо хоног тутам, өсвөр насны хүүхдэд сар тутам гэхчилэн халаасны мөнгө олговол тэд төлөвлөж бас төлөвлөсөндөө хүргэж зарцуулж сурдаг.

Түүнчлэн аав ээж нар хүүхдүүддээ хариуцлага гэдэг зүйлийг ойлгуулж, өөрсдийн олдог мөнгөө байр, машин, хоол унд, үйлчилгээ зэрэгт хэрхэн хүргэж хуваарилдаг тухайгаа тайлбарлаж мөнгөө хэрхэн зөв хуваарилах талаар зөвлөх хэрэгтэй. Жишээ нь нийт мөнгөнийхөө 40 хувийг өдөр тутмын амьдралдаа, 40 хувийг нь богино хугацаат хадгаламж буюу шинэ дугуй болон тоглоом авахад, 10 хувийг нь коллеж эсвэл машинд зориулсан урт хугацааны хадгаламжинд, үлдсэн 10 хувийг нь өөртөө шагнал болгох зэргээр хуваарилж болно. Бага насны хүүхдүүддээ зориулж тус тусын хаягтай мөнгөний гахай ашиглаж болох бол арай ухаан суугаад ирэхээр нь цугларсан мөнгөөр нь банкны данс нээж өгвөл зүгээр байх.

Хүүхэд өөрийн гэсэн мөнгөтэй болмогцоо амьдралдаа сонголт хийж шийдвэр гаргах ямар чухлыг ойлгож эхэлдэг. Жишээ нь та тэдний хүсээд байгаа мөнгийг өгч гэж бодъё, гэтэл хүүхэд тань сарын халаасны мөнгөө эхний долоо хоногтоо л үрчихсэн бол яах вэ. Маш муу тийм биз. Тиймээс тэдэнд зээл өгөх хэрэггүй. Хэрэглээний мөнгө олгох гол санаа нь хүссэн зүйлээ авах мөнгөө яаж хуримтлуулахыг ойлгуулах юм. Дээрх жишээнээс харвал тэд эхний удаадаа алдсан ч дараа нь арай л ухаалаг сонголт хийж шийдвэр гаргах нь лавтай.

Амьдралаас суралцах шилдэг боломжууд

Өдөр тутмын болон гэр орны ойр зуурын ажлууд таны хүүхдэд мөнгийг хэрхэн зөв зарцуулахыг мэдрүүлэх сайхан боломж юм. Хүнсний мухлаг явахдаа тэднийг дагуулж яваад төлөвлөж, хадгалж бас боломжийн үнэтэй барааг хэрхэн сонгох тухай зааж сургаж бай. Дэлгүүр лүү явахдаа авах зүйлсийхнээ жагсаалтыг гаргаж зорилготойгоор дэлгүүр хэсэх нь чухал гэдгийг ойлгуулах. Бараа бүтээгдэхүүний үнийн ялгаа болон төрөл зүйлийг нь зааварлаж, 20 унцийг $4-р авсан нь дээр үү эсвэл 40 унцийг $6-р авсан нь дээр үү гэх мэтээр асууж бай. Тэгэхээр хүүхэд юмны үнийг мэдэж авч бас математикийн хичээлээ давхар давтана гэсэн үг шүү дээ.

Банк ч гэсэн бас нэгэн боломж. Хэдий орчин үеийн банкны үйл ажиллагаа онлайнаар явагддаг болсон ч хүүхэдтэйгээ цуг банкин дээр очиж тэд яаж ажилладгийг нүдээр үзэх нь маш чухал. Хэрхэн хадгаламж үүсдэгийг тэдэнд харуулж, банкны менежертэй уулзаж асуулт асуух боломж олгох нь тэдэнд сайн нөлөө үзүүлдэг. 10 настайгаас нь эхлэн хадгаламжийн данс нээхэд нь туслаж, хүүний тухай ойлготыг өгч, онлайнаар хэрхэн үйлчлүүлж болдгийг заахад хүүхэд түүнийг хүлээж авах чадвартай болсон байдаг. Өсч том болсон хойноо ажилтай болж өөрийн гэсэн бүртгэл тооцоотой, дебет карттай болоход нь багадаа сурсан дээрх мэдлэгүүд нь зайлшгүй хэрэг болно.

Тэдэнд санхүүгийн мэдлэг олгох өөр олон олон жишээ бий. Кредит төлбөр тооцоо яаж явагддаг, хэрхэн дебет карттай болох, төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол юу болдог, хүү гэж чухам юу вэ, татварыг яагаад төлөх ёстой зэрэг та бидний амьдралд байдаг эдгээр зүйлийг бага балчраас нь ойлгуулж чадвал нас биед хүрсэн хойноо илүү хэцүү санхүүгийн ойлголтыг хялбархан хүлээж авч чаддаг нэгэн болох боломжтой. Дээрх зөвлөгөөнүүдийг минь уншаад амьдралдаа амжилттай хэрэгжүүлэх болтугай гэх ерөөлөөр энэхүү нийтлэлээ өндөрлүүлье дээ.

 

З.Ууганжаргал

Эх сурвалж: Businessnews.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top