Америкийн иргэн Робби Миддлтоныг найман настай бяцхан хүү байхад нь нэгэн этгээд модонд хүлж байгаад бензин цацаж шатаасан ажээ.
Энэхүү хэрэг 1998 онд Техасын Сплендора хотод болсон ба хүү 3-р зэргийн түлэгдэлт аван, биеийнх нь 99% шатсан байна. Анагаахын онолоор бол ямар ч амьдрах найдваргүй байсан хэдий ч бяцхан хүү эр зоригийн гайхамшгийг үзүүлэн тэсэж гарч чаджээ. Тэрээр 200 мэс ажилбар, асар их хэмжээний эм тариаг даван туулсан байна.
Харин өнгөрөх онд, 21 нас хүрэхээсээ хэдхэн долоо хоногийн өмнө хүчтэй түлэгдлээс үүссэн арьсны хорт хавдар өвчнөөр нас барсан ажээ. Тэрээр хорвоог орхихынхоо өмнөхөн өөрийнх нь насан туршийн шаналал, зовлонгийн гэм буруутныг нэрлэжээ.
1998 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Роберт Рэй Миддлтон найман насны төрсөн өдрөө тэмдэглэж байхдаа хөршийнхөө 13 настай Дон Коллинстой уулзсан аж. “Дон намайг мөрнөөс маань шүүрч аваад нүүр рүү гааз цацсан, тэгээд цаашаа юу болсныг би санахгүй байгаа” хэмээн Робби видео бичлэгтээ ярьсан байна. Мөн энэхүү аймшигт хэргийн өмнөхөн Дон Коллинс түүнийг хүчирхийлэн, хэнд ч хэлэхгүй байхыг түүнээс шаардан тэрхүү үйлдлийг хийсэн аж.
Хэрэг илрэх үед 26 настай байсан Дон Коллинс сексийн шинж чанартай өөр хэргүүдээр шүүгдэж байсан ба дээр нь хүн амины хэргийн хариуцлага нэмэгдсэн байна.
13 жилийн өмнө Роббигийн ээж хүүгээ анх хараад нүдэндээ итгээгүй аж. “Тухайн үед би жаахан оройтож очоод, модон дээр Роббигийн шатсан биеийг олж харсан. Түүний бүх үс нь шатан, арьс нь гарын алган дотор бутарч унаж байсан” хэмээн ярьжээ.
Робби хүү амьдралынхаа ихэнх хугацааг түлэнхийн төвд өнгөрүүлжээ. Түүний ээжийн өгүүлснээр, эдгээр бүх зовлон шаналлаа үл харгалзан, хүү хэзээ ч, хэнд ч уурлаж, гомдоллож байсангүй. Харин хүүд шөнө бүр ганц л зүйл зүүдлэгддэг: ахин түүнийг шатааж байна гэж. Мөн шилжүүлэн суулгасан арьс нь гэмтчих гээд ямар нэгэн болгоомжгүй хөдөлгөөн огт хийж болохгүй байжээ.
Талийгаач хүүгийн эцэг, эх Дон Коллинсын эсрэг иргэний хөдөлгөөнд ялан, шүүх АНУ-ын түүхэнд хамгийн өндөр нөхөн төлбөр болох 150 сая доллар тогтоосон боловч энэ нь хэлбэр төдий, билэг тэмдгийн зүйл хэмээн тэдний өмгөөлөгч ярьж байна.
Гэвч Роббигийн эцэг эхийн хувьд, мөнгө чухал биш, ийм шийдвэрт хүрч чадсандаа сэтгэл хангалуун байна хэмээн үзжээ. Түүний ээж “Бид эцсийн эцэст шударга ёсонд хүрч чадлаа. Тэд Робби маань бидэнд хичнээн үнэтэй байсан, мөн тэгэж зовж шаналах ёсгүй байсан гэдгийг сайн ойлгосон нь хамгийн чухал юм” хэмээн өгүүлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )