Дутуу төрсөн нярайг амьдаар нь шатаажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Рязань мужид эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүйгээс үүдсэн ноцтой хэргийг шалгаж байна. Мужийн нэгэн эмнэлгийн сувилагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүний хариуцлагагүйгээс энгийн нэг эмчилгээний ажиллагаа үхэлд хүргэх хэрэгсэл болж, дутуу төрөлттэй нярай охиныг амьдаар нь шатаасан байна.

Аравдугаар сарын 17-ны өдөр бяцхан охин найман сар тээлтийн хугацаатай хорвоод мэндлэн, эмч нар бүх зүйл хэвийн байх болно хэмээн ар гэрийнхнийг тайвшруулж байжээ.

Ингээд аравдугаар сарын 20-нд охиныг мужийн хүүхдийн клиник эмнэлэгт шилжүүлсэн байна. Тэр үед ээж нь санаа зовон, охины амь насанд нь ямар нэгэн аюул учрахгүй биз хэмээн хэд хэдэн удаа асуухад эмч нар санаа зовох зүйл огтхон ч байхгүй хэмээн хариулж байсан аж.

Гэтэл 21-ний орой хонх дуугарахад хаалгаа тайлж өгтөл баахан эмч нар зогсож байжээ. Тэд охин түлэгдэж нас барсан талаар мэдээлсэн байна.

Дутуу төрсөн хүүхдэд хэрэглэдэг хэт ягаан туяаны энгийн ажиллагаа эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүйгээс үхлийн шалтгаан болсон аж. Гэрлийн лампа муу бэхлэгдснээс доошоо гулган бууж нярай охиныг амьдаар нь шарж үхэлд хүргэсэн байна. Тэр үед дэргэд нь хүн байхгүй, сувилагч эргэж тойрч хараагүй аж.  Охин өдрийн 12:15 цагт өнгөрсөн байхад гэрийнхэнд нь оройн 8 цагт мэдэгджээ. Энэ хугацаанд эмч нар юу хийж байсан нь үнэхээр хачирхалтай.

Эмнэлгийн багаж төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг сайн шалгаагүй, хүүхдийг харж асрах хүнгүй орхисон гээд эмнэлгийнхний хариуцлагагүй ажиллагаа...

Талийгаач бяцхан охины ээж Светлана одоо хүртэл шоокноос гараагүй байгаа аж. Тэрээр саяхан л бөөн баяр хөөрөөр бялхан, нөхрийн хамт шинэ төрсөн үрээ гэртээ угтаж авахаар бүх зүйлийг бэлдсэн байжээ. Түүнд зориулан худалдаж авсан хүүхдийн хөөрхөн бяцхан ор, тэрэг, бас бус өчнөөн хөөрхөн зүйлсийг одоо харахад зүрх шимширмээр...

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top