Шүүх эмнэлгийн шинжээчид болон сэтгэцийн мэргэжилтнүүд Москвагийн нэгэн оффист болсон цуст аллага үүссэн нөхцөл байдлыг судалж байна.
Ажлын газрынхандаа даруу томоотой хэмээн үнэлэгддэг нэгэн хуульч залуу өглөө ажилдаа карабин буутай ирэн хамт ажилладаг нөхөд рүүгээ гал нээсний улмаас 5 хүн \3 эрэгтэй, 2 эмэгтэй\ газар дээрээ нас барж, 2 хүн хүндээр шархадсан байна.
Эм хангамжийн “Ригла” сүлжээ компанийн хуульчаар ажилладаг Дмитрий Виноградов өглөө ажилдаа зориуд эрт иржээ. Ангийн зориулалтын хоёр том буу, сум хэрэгсэл, ангийн зориулалтын хувцастай цүнхийг хамгаалалтын албаны хажуугаар хэрхэн өнгөрүүлсэн нь тодорхойгүй байгаа аж. Тэрээр бие засах газар орж хувцсаа сольж өмсөөд, өрөөндөө орж ирэн ажлынхантайгаа ярилцан кофе чанаж байсан гэнэ. Гэтэл нэн удалгүй санхүүгийн хэлтсийнхэн суудаг өрөөний үүдэнд очин дотор сууж буй хүмүүсийг толгойд нь онохыг хичээн гал нээж эхэлсэн байна.
Таван хүнийг тэрээр нам буудаж амжсан ба хоёр нь түүнээс зугатахыг оролджээ.
Виноградов маш хүйтэн хөндий хайнга байдлаар мэдүүлгээ өгч байгаа аж. Италид үйлдвэрлэгдсэн автомат карабин хоёр ширхэг буу түүний нэр дээр бүртгэлтэй байсан ба хамт амьдардаг ээж нь хүртэл түүнд энэ буунууд ямар хэрэгтэй байсныг маш их гайхсан байна.
Тэрээр хэдэн жилийн өмнө Зэрлэг байгаль хамгаалах дэлхийн сангийн сайн дурын ажилтан байхдаа шувууд аварч байсан аж. Их сургуулиа төгсөөд эм хангамжийн компанид хуулийн зөвлөхөөр ажилд орсон байна. Хамтран ажиллагсад нь Дмитрийн зан төлөвд үл мэдэгдэх ямар нэгэн зүйлс анзааран, түүний шинэ найз бүсгүйг холдуулахаар ятгасан аж. 24 настай түүний экс-найз бүсгүй Анна эдгээр буудуулсан хүмүүс дотор орсон хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.
Цуст аллага хийхээс хэдэн цагийн өмнө Виноградов өөрийн олон нийтийн сүлжээний хуудсанд “тунхаглал” гэж нэрлэсэн зүйл бичжээ. “Би хүмүүсийн нийгмийг үзэн ядаж байна. Түүний нэгээхэн хэсэг байх надад үнэхээр дур гутам байна. Би хүний амьдралын утга учиргүй байдлыг үзэн ядаж байна! Би амьдралыг өөрийг нь үзэн ядаж байна. Үүнээс гарах ганц гарц бол аль болохоор олон хүнийг устгах... “ гэх мэтээр баахан “солиотой” юм бичсэн аж.
Энэхүү захидал нь үүрийн 5 цагт интернетэд тавигдсанаас харахад тэрээр унталгүй, өглөөний аймшигт зүйлдээ бэлдэж байсан бололтой.
Урьдчилсан таамаг оношлогоогоор, найз бүсгүйдээ хаягдсандаа гутран энэхүү тэнэг үйлдлийг хийсэн байж болзошгүй хэмээн үзэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )