БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бокт сайд нар бараалхлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

Эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн чухлыг онцлов

УИХ-ын даргын урилгаар манай улсад энэ сарын 18-22-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Ардын дээд Хурлын дарга ноён Чой Тэ Бокт өнөөдөр /2012.11.21/ Гадаад харилцааны сайд Л.Болд, Зам, тээврийн сайд А.Гансүх, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг нар бараалхлаа.

Уулзалтын эхэнд ноён Чой Тэ Бок хэлэхдээ, “Манай хоёр орны харилцаа түүхэн уламжлалтай. Үе үеийн эрх баригчид энэ харилцаагаа бэхжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргаж байсан. УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийхдээ хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхийг хүссэн. Өнөөдөр Монгол Улсын Гадаа харилцааны сайдтай уулзаж байгаа учир таныг ч мөн  энэ талаар анхаарч ажиллана гэдэгт найдаж байна. Тиймээс танд гурван хүсэлтийг уламжлах байна. Хоёр улсын хамтарсан эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны зөвлөлдөх комиссын есдүгээр хурлыг энэ ондоо багтаан зохион байгуулж өгөх, Улаанбаатарт байгаа БНАСАУ-ын Элчин сайдын яамны барилгын ажлыг  эхлүүлэх, ажиллах хүч солилцох асуудлыг нааштайгаар шийдэж өгөхийг таниас хүсэх байна” гэв. Гадаад харилцааны сайд Л.Болд ноён Чой Тэ Бокыг Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг ойлгон, дэмжиж буйд талархлаа илэрхийлээд, Зүүн Хойд Азийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг зорин ажиллаж байгаагаа онцолсон юм. Мөн санал болгосон дээрх хүсэлтүүдийг биелүүлэх талаас нь ажиллахаа илэрхийлсэн.

Далайн боомт ашиглах гэрээ байгуулах нь эдийн засгийн хамтын ажиллагааны тод жишээ болно

Үүний дараа Зам, тээврийн сайд А.Гансүх ноён Чой Тэ Боктой уулзаж, авто зам, төмөр зам, агаарын тээврийн харилцааг шинэ шатанд гаргах,  далайн боомт түрээслэх хугацааг сунгах талаар санал солилцлоо.

Тэрээр хэлэхдээ, “Бид ирэх гурван жилийн хугацаанд 5000 гаруй киллометр авто зам, 1800 орчим киллометр төмөр зам барихаар төлөвлөсөн. Энэ ажилд туршлагатай ажиллах хүчийг БНАСАУ-аас авах сонирхолтой. Ойролцоогоор 1500 орчим мэргэшсэн ажилтан шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоог гаргасан байгаа. Мөн хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох тухай асуудлыг ч шийдэх боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамны зүгээс бүхий л хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлмээр байна. Манай улс далайд гарцгүй учир хөрш орнуудынхаа далайн боомтыг ашигладаг. 2010 онд гарын үсэг зурсан БНАСАУ-ын далайн боомтыг ашиглах санамж бичгийн хугацаа энэ онд дуусна. Бидний зүгээс үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Ингэхийн тулд хамтарсан ажлын хэсэг ажиллаж, боомт ашиглах гэрээ байгуулах учиртай. Тиймээс 12 дугаар сард Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг танай улсад айлчлах үеэр энэ асуудлыг шийдэж өгөхийг таниас хүсье. Далайн боомт ашиглах гэрээ байгуулах нь эдийн засгийн хамтын ажиллагааны тод жишээ болно” хэмээв. Ноён Чой Тэ Бок хариулахдаа, Манай хоёр улсын улс төрийн харилцаа сайн байгаа. Харин эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага зүй ёсоор гарч байна. Ардын Дээд Хурлын зүгээс таны тавьсан асуудалд шууд оролцох боломжгүй ч урагшлуулах тал дээр дэмжинэ гэлээ.

Манай улсад БНАСАУ-ын 2000 гаруй ажилчин гэрээгээр ажиллаж байна

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга ноён Чой Тэ Бок Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуягтай уулзах үеэрээ 2007 онд байгуулсан хоёр улс ажиллах хүч солилцох хэлэлцээний хугацаа дуусч байгааг хэлээд хугацааг дахин сунгаж, 2013 онд ажиллах хүч авах квотыг батлах ажлыг түргэсгэх талаар ярилцлаа. Одоогоор БНАСАУ-ын 2000 гаруй ажилчин байгаа аж. Цаашид энэ тоог нэмэгдүүлж 3000-5000 болгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, “Шинэчлэлийн” Засгийн газрын зүгээс төмөр зам, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд ажиллах хүч нэмж авах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. БНАСАУ-аас ирсэн ажилчид сайн ажилладаг. Мөн манай улсын цаг агаар хүнд, эрс тэс уур амьсгалтай. Гэрээний ажилчид гол төлөв барилга, уул уурхай зэрэг хүнд салбарт ажилладаг учир эрүүл мэндийн тал дээр анхаарах хэрэгтэй байна. Цаашид хоёр улсын барилгын цэргийн ангиудын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

МУИС-д  БНАСАУ-ын гурван оюутан суралцаж байна

Мөн Монгол Улсын Их Сургуулийн захирал С.Төмөр-Очир БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын даргад бараалхлаа.

МУИС нь гадаадын 200 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний судалгааны төвүүдтэй харилцдагаас БНАСАУ-ын Ким Ир Сений их сургуультай нягт хамтран ажилладаг байна. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургуулийн ерөнхийлөгч Сөн Жа Риб тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 10 дугаар сард МУИС-д айлчилж, солонгос хэл, соёл судлалын салбар дахь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд  мэдээллийн технологи, био технологи, хими, эмийн ургамлын судалгаа зэрэг байгалийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах таатай орчин бүрдсэн гэдгийг МУИС-ийн захирал С.Төмөр-Очир хэлж байсан юм.  Одоогоор тус сургуульд БНАСАУ-аас мэдээллийн технологи, монгол хэл судлалаар гурван оюутан суралцаж байна.

Уулзалтын дараагаар БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга ноён Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид МУИС-ийн Мэдээллийн Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль 2002 онд байгуулагдсан,  МУИС-ийн 14 салбар сургуулийн хамгийн отгон нь юм. 1100 гаруй оюутантай. Электроник, мэдээллийн технологи, компьютерийн техник хангамж, график дизайн зэрэг зургаан мэргэжлээр бакалаврын сургалт, гурван мэргэжлээр ахисан түвшний сургалтыг явуулдаг байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top