Монгол улс аюулгүй байдлын дэлхийн хамгийн том байгууллагын гишүүн боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад (ЕАБХАБ) 57 дахь оролцогч орноор нэгдэн орж, тус байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болов. ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл 2012 оны 11 дүгээр сарын 8-20-ны өдрүүдэд хуралдаж, Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлаар санал хураалт явуулсны дүнд гишүүн орнуудын санал нэгтэйгээр манай улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж байгаа юм байна.

Манай улс тус байгууллагын гишүүн болох асуудлыг 1997 оноос эхлэн тавьсан бөгөөд 2011оны намар албан ёсоор хүсэлтээ гаргаж байжээ.

2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Вена хотноо хуралдах ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс тус байгууллагын 57 дахь гишүүн орноор нэгдэн орсныг албан ёсоор мэдэгдэж, тус байгууллагын төв байранд Монгол Улсын төрийн далбааг залах ёслол болно. 

ЕАБХАБ нь бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлыг урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.  Тус байгууллага нь аюулгүй байдлын асуудлыг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний гэсэн гурван орчинд авч үздэг, зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхээс эхлэн хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөлддөг, нийтийн зөвшилцөлд тулгуурлан шийдвэр гаргадаг.

Анх 1975 онд Хельсинкийн төгсгөлийн баримт бичигт Европын 33 орон, АНУ, Канад гарын үсэг зурснаас хойш “хүйтэн дайн” дуусч ЗХУ болон хуучин ХБНСЮУ задарч, Европ, Азийн газрын зураг ихээхэн өөрчлөгдөн шинэ тулгар улс үүсэн ЕАБХАБ-ын хүрээг өргөжүүлэн тэлж, 2006 онд Монтенегро тусгаар улс болж, тус байгууллагад элссэнээр 56 оролцогч улстай болж байсан гэнэ.

 ЕАБХАБ-ыг энэ жил Ирланд улс даргалж байгаа бөгөөд манай улс тус байгууллагын гишүүнийг болсныг  дэлхий нийтэд зарласан юм.  Үүний дагуу ОУ-аас манайд баяр хүргэж байлаа.

Тус байгууллагын гишүүн болсноор олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, туршлага солилцон, яриа хэлэлцээнд тогтмол оролцох боломжтой болж байна. Мөн гуравдагч хөршийн бодлогын хүрээнд АНУ болон Европын холбооны гишүүн улсуудтай хамтын ажиллагаагаа харилцан эрх тэгш байх үндсэн дээр баяжуулах, илүү дотно харилцаа үүсгэх боломж бий боллоо. ЕАБХАБ нь Европын холбоо, Европын комисс, НАТО эвсэл зэрэг олон улсын байгууллагатай нягт хамтарч ажилладаг тул бид тэдгээр байгууллагатай хамтарч ажиллах боломж бүрдсэнээрээ ихээхэн ач холбогдолтой. Харин манай улс тус байгууллага болон Азийн түнш орнуудыг холбосон гүүр болж ажиллах боломжтой болж байгаа юм.  

Ирландын Дублин хотноо ирэх сарын 6-7-ны өдрүүдэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын зөвлөлиийн 19-р хуралдаан болно.  Үүнд манай улсын Гадаад харилцааны сайд Л.Болд  болон албаны хүмүүс явахаар төлөвлөөд байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top