Монгол Улсад дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, цаашид буурахгүй өсөх хандлагатай байна. 2005 онд 2700 орчим тонн тэсрэх бодис, 13400 тонн аммиакийн шүү, 18308000 ширхэг тэсэлгээний хэрэгсэл /асаагуур, бялт зэрэг/ оруулж байсан бол 2008 онд 2860 гаруй тонн тэсрэх бодис, 167000 тонн аммиакийн шүүг импортоор оруулж ирсэн байна.
Зөвхөн 2004-2009 онд дэлбэрэлтэд өртөж нас барсан, гэмтсэн, дэлбэрэх бодистой буруу харьцсан, тэсэрч, дэлбэрэх бодис хулгайлсан, дээрэмдсэн, хүч хэрэглэн булаан авсан, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн эсрэг зориудаар хэрэглэсэн, хууль бусаар борлуулсан, улсын хилээр хууль бусаар оруулахыг завдсан 32 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд илрээгүй нуугдмал гэмт хэргүүдийг тодорхойлох боломжгүй байна.
Тиймээс энэ төрлийн хуулийг боловсронгуй болгохоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд гишүүдийн 64.4 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Хэлэлэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асуусан юм. Тухайлбал
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл бол стратегийн ач холбогдох бүтээгдэхүүн. Монгол Улс 2050 он хүртэл эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх зорилготой байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд мэдээж уул уурхай чухал юм. Тэгэхээр уул уурхайн салбар тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлгүйгээр урагшлахгүй. Тэгэхээр тэсэрч дэлбэрэх бодис нь эдийн засгийн болоод үндэсний аюулгүй байдалд ч чухал зүйл юм.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Энэ бодис үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад ч хяналттай байх ёстой. Уул уурхайн салбарт энэ бодисыг ашиглах зөвшөөрөл өгөхдөө Цагдаа, Засаг дарга гээд олон хүн гарын үсэг зурдаг. Тэгэхээр үүнийг батлан хамгаалах салбарт шилжүүлсэнээр хүнд суртал багасах юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага гэж ямар байгууллага байна, мэргэжлийн зөвлөлд ямар ямар байгууллага оролцох вэ. Тэсэрч дэлбэрч бодисын үйлдвэрлэлтэй хэчнээн байгууллага байдаг юм бэ. Хариуцлагын асуудал сул байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр л торгоно гэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал ямар байдлаар тусгасан юм бол. Мэргэжлийн хяналтын байгууллагад яг энэ чиглэлээр хяналт тавих мэдлэг чадвартай хүн алга. Тэгэхээр хяналт, хамгаалалтын асуудал дутмаг байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Өмнөх Засгийн газрын үед боловсруулагдаад дэмжигдсэн юм. Мэргэжлийн зөвлөлийн хувьд зөвшөөрөл олгоход оролцдог ТЕГ, Цагдаагийн байгууллага, Уул уурхайн яам зэрэг байгууллага оролцох юм. Мөн эрдэмтэн докторууд оролцох юм. Хариуцлагын асуудалд өмнөхтэй нь харьцуулахад нэлээд сайжирсан. Хэлэлцэх үед хариуцлагын асуудлыг дээшлүүлээд явж болох байх. Нийтдээ 134 аж ахуйн нэгж үйл ажиллаагаа явуулж байгаа. Нэлээд замбараагүй явж байгаа. Зөвшөөрлийн хувьд таван зөвшөөрөл өгөх юм.
Ийн гишүүд асуулт асууж хариулт авснаар энэ асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого байнгын хороонд шилжүүллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )