Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар /2012.12.21/ Жижиг, дунд үйлдвэрийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид дэвшүүлж буй зорилтын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдэд мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд Ерөнхий сайд болон Хөдөлмөрийн сайдаас асуулт асууж, саналаа хэлж байна. Энэхүү асуудлаар хийсэн Ерөнхий сайдын мэдээллийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Ерөнхий сайдын чуулганы нэгдсэн хуралдаанд
хийсэн мэдээлэл
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ
АРГА ХЭМЖЭЭ, ЦААШИД ДЭВШҮҮЛЖ БУЙ ЗОРИЛТЫН ТАЛААР
Монгол Улсын Их Хурлаас 2007 онд баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлсны дагуу Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн билээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 71.6 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 55.6 хувь буюу 39.8 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 50 хүртэл ажиллагсадтай аж ахуйн нэгж 97.1 хувийг эзэлж байна. Дээр дурдсан аж ахуйн нэгжийн 66.5 хувь нь Улаанбаатар хотод, 33.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаагаас 4.2 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 13.2 хувь нь уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарт, 82.6 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт байна.
21 аймагт нийт 200.0 мянган гишүүнчлэлтэй 2446 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 60 гаруй мянган хүн байнгын ажлын байраар хангагдаж байгаа тоон дүнтэй байна. Ахуйн үйлчилгээний салбарт 60.0 гаруй мянган хүн ажиллаж, 120 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж, нийгэм, эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж байна.
Шинэчлэлийн Засгийн газраас ард иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилтыг нэн тэргүүний бодлогоо болгон тодорхойлсон бөгөөд жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг ажлын байр бий болгож, орлогыг нэмэгдүүлэх асуудалтай нягт холбон хөгжүүлэх асуудлыг шинээр байгуулсан Хөдөлмөрийн яаманд хариуцуулсан.
Иймд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлуулан жижиг, дунд үйлдвэрүүдийн нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөөг тооцох аргачлалыг боловсруулж нэвтрүүлэх, жижиг, дунд үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн сан байгуулж, бизнесийн сургалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, жижиг дунд бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын таатай орчинг бүрдүүлэх, гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцох, технологи дамжуулах, туршлага солилцох, хөгжингүй орнуудын бодлогын тогтолцоог судлах зэрэг шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүнг тоон үзүүлэлтээр дурдвал:
2012 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өмнөх жилүүдэд олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөс 39.1 тэрбум төгрөг төвлөрүүлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгохоор, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд сургалт явуулахад 251.5 сая төгрөгийг тус тус улсын төсөвт тусгаснаас 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтөөр 23.1 тэрбум төгрөг төвлөрүүлэн 17.7 тэрбум төгрөгийн зээл олгож, улсын төсвөөс 136.8 сая төгрөгийн санхүүжилт авч 120.0 сая төгрөгийг сургалтын зардлын урьдчилгаа төлбөрт зориулан олгосон байна;
Мөн 2011 оны бондын арилжаалагдаагүй үлдэгдэл 13.7 тэрбум төгрөгийг 2012 оны улсын төсвийн тодотголд тусган эх үүсвэрийг авч ноос, ноолуурын салбарын 13 аж ахуйн нэгжид олгоод байна.
Сангаас 2009 оноос аж ахуйн нэгжид олгох зээлийн дээд хэмжээнд хязгаар тогтоодоггүй байсан бол Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжсэнээс эхлэн хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй болгох зорилгоор зээлийн дээд хэмжээг 1.5 тэрбум төгрөг байлгахаар бодлого барьж байна;
Түүнчлэн Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрт 2011 онд 24.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, жилийн 3.0 хүртэл хувийн хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг 21 аймгийн 329 сумдад хуваарилан нийт 5094 төслийг шалгаруулан санхүүжүүлснээр 8773 ажлын байр шинээр бий болсон үр дүнтэй байна.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд Хөдөлмөрийн сайдын тушаалаар 2012 оны 12 дугаар сард Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрт дахин 24.0 тэрбум төгрөгийг 21 аймгийн 330 сумдад олгоод байна.
Засгийн газрын 2012 оны 95 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж мөн оны 4 дүгээр сарын 17-ноос 5 дугаар сарын 15-ны хооронд “Хөдөөг хоршоолох аян” өрнүүлсний хүрээнд 21 аймгийн 330 суманд салбарын мэргэжилтэн, хоршоодын холбооны сургагч багш, жижиг, дунд үйлдвэрийн газрын ажилтнуудын хамтарсан 21 баг аймгуудад ажиллаж, хоршоодод үнэлгээ хийн, 105 “Жишиг хоршоо”-г шалгаруулсан. Шалгарсан хоршоодод 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос 1.0 тэрбум төгрөгийг Мал хөгжүүлэх сангаас, 800 сая төгрөгийг Мал эмнэлэг, үржлийн газраас олгохоор тогтоод байна;
Мөн төрөөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд бизнесийн удирдлагын дадлага чадвар олгох, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, сумдад 2011 онд 255, 2012 онд 135 бизнесийн сургалтыг улсын төсвийн эх үүсвэрээр хийжээ.
Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 71 бизнес инкубатор, бизнесийн хөгжлийг дэмжих, аж ахуй эрхлэлтийн сургалтын төвүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтууд зохион байгуулж, зөвлөгөө өгч мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлсэн байна.
Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталсан Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу Засгийн газрын 2011 оны 100 дугаар тогтоолоор 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан. Үүний үр дүнд 2009-2012[1] онд 3145 аж ахуйн нэгж, иргэний 194.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжид 30.1 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлээд байна.
Улсын Их Хурлаас дээрх хуулийн үйлчлэх хугацааг нэг жилээр сунгасны дагуу Засгийн газрын 2011 оны 100 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Мөн Улсын Их Хурлаас 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталсан Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тухайн иргэн, аж ахуйн нэгжийн авах зээлийн 60 хүртэлх хувийг төрөөс батлан даалт гаргахаар заасан нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд нэн чухал, зайлшгүй хэрэгтэй шийдвэр болсон билээ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зээлийн батлан даалтын санг үүсгэн байгуулж, холбогдох дүрэм, журмыг боловсруулсан бөгөөд Зээлийн батлан даалтын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2012 оны 141 дүгээр тогтоолын дагуу 2013 оны эхний улирлаас үйл ажиллагаагаа явуулах бэлтгэл ажил хангагдаад байна.
Хөдөлмөрийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн А/51 тоот тушаалын дагуу иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн эрэлттэй уялдуулан хөнгөлөлттэй зээлийн төслийг 2012 оны 11 дүгээр сарын 5-наас 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл шинээр зохион байгуулж хүлээн аваад байна. Дээрх хугацаанд нийт 214.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 285 төсөл хүлээн авсан. Ирсэн нийт төсөлд үнэлгээ, судалгаа хийж шаардлага хангаагүй 32 төслийг хасч, 253 төслийг 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Төсөл сонгон шалгаруулах комиссын хурлаар хэлэлцэн нийт 69.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 103 төслийг дэмжээд байна.
Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 57 үйлдвэрт өргөтгөл хийн, 46 үйлдвэр шинээр бий болж, 840 ажлын байр хадгалагдан үлдэж, 2766 ажлын байр шинээр бий болно.
Цаашдын зорилт
Цаашид хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд жижиг, дунд үйлдвэрийн ангиллыг тодорхой болгох чиглэлээр Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа төслүүдэд үндэсний аж ахуйн нэгжүүд давуу эрхээр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх, туслан гүйцэтгэгчээр ажиллахтай холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлэх, үйлдвэрийн кластер, өртгийн сүлжээ, үйлдвэр технологийн паркийн зохион байгуулалтад орж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид орлогын албан татварын 90 хувийг буцаан олгохтой холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Мөн санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын чиглэлээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн эрсдлийн даатгал, зээлийн батлан даалтын тогтолцоо бүрдүүлж, санхүүгийн шинэ үйлчилгээг бий болгох, импортыг орлох, экспортын чиглэлийн үйлдвэрлэл, бүс нутгийн онцлог зэргийг харгалзан татварын ялгавартай бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж лизингээр олгох үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, түрээсийн байрны хөнгөлөлт үзүүлэх, аймаг, сум бүрт ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүдийг байгуулах, хоршооллыг санхүүгийн эх үүсвэрээр дэмжих механизм бүрдүүлэх, аймаг, дүүргүүдэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг бойжуулах инкубатор төв байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан хэрэгжиж эхлээд байгаа уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн парк зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг дагуулан бичил, жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх талаар судалгаа хийж, салбарын яамдтай хамтран ажиллаж, шаардлагатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, үйлдвэржилтийн болоод бүс нутгийн онцлогт тусгасан төлөвлөгөө гаргах ажлуудыг эхлүүлээд байна.
Байнгын ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж мэргэжлийн боловсрол сургалтын төвийг төгсөгчдийг дадлагажуулах, бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаадад ажиллаж тодорхой чиглэлээр мэргэшсэн, Монголд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэдийг санхүү зээлийн бодлогоор дэмжих, хөдөөгийн иргэд, малчдыг хоршооллын зохион байгуулалтад орж үйлдвэрлэгч болоход нь дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлээ эхэлсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийг бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нь бий болгох ажлыг төрийн оролцоо, дэмжлэгтэйгээр эхлүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулан батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Харин Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: Дагалдах зүйлүүдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудаар хийлгэх төлөвлөгөөтэй байна. Жижиг дунд үйлдвэрлэл сум, орон нутагт хөгжиж байгаа хэдий ч борлуулалт байхгүйгээс зогсонги байдалд ордог. Том аж ахуйн нэгжүүдийн 97 орчим хувь нь жижиг аж ахуйн нэгжүүдбайна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын баталгааг нь өгч байгаа дэмжлэг юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Өмнө нь хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Мал аж ахуйн талын зүйл ерөөсөө ярихгүй байна. Ерөнхий сайд тодорхой хэллээ. Үүнийгээ шуурхайлах хэрэгтэй байна. Хүнд сурталыг арилгах хэрэгтэй байна. Иргэд аж ахуй нэгжүүдэд туслалцаа үзүүлэхийн тулд саар зүйлүүдийг шийдэх учиртай.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: Ирэх жилээс хөдөө аж ахуйн биржийг ажиллуулна. Төсвийн тодотголоор таван тэрбум төгрөгийг тавьсан. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх гэж байгаа хүмүүст бололцоо байх байх аа.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: ЖДҮ-ийг хөгжүүлэх асуудлыг өсгөж бойжуулах чиглэлээр ямар бодлого шийдвэр гарч байна вэ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: Одоогоор хийсэн ажил алга. Томоохон компаниудыг дуудаж уулзаад анхаарч ажиллах алхам хийж байгаа. Хятадаас орж ирсэн бүтээгдэхүүн дээр хяналт тавих алхамаа хийж байгаа. Дөрвөн жилийн хугацаанд ажлын байр хэрхэн нэмэгдүүлэх талаар судалгаа хийж байна. Мэргэшсэн ажилчдыг гаднаас оруулж ирэх сонирхол байгаа. Тиймээс залуу ажилчдыг сайн бэлтгэх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Малчдыг дэмжсэн төрийн бодлого явуулах хэрэгтэй байна. Эрчимжсэн фермерийг ажилуулах ёстой. Малчин өрхийн үйлдвэрлэлтэй холбоотой асуудал дээр ямар бодолтой байна вэ. Хуулийн төсөл гаргана. Дэмжиж өгөх үү.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Арьс ширний бонд байна. Ноосоо дэмжсэн шиг арьс ширээ дэмжинэ. Үйлдвэрүүдээ дэмжээд явья. Иймийн тулд тодорхой хэмжээний санхүүжилт хийгээд дэмжинэ. Ингэснээр хорших үйл ажиллагаа гарч ирж байгаа юм хэмээн хариулснаар энэ удаагийн мэдээлэл дууслаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )