Өнгөрөгч баасан гарагт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан билээ. Тэгвэл энэ хуулийн талаар туршлагатай улс төрчдийн нэг болох УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоос цөөн зүйл тодрууллаа.
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдлаа. Энэ хууль сайн хууль болж чадсан уу?
- Хуулийг сайн муу болсон гэх үнэлгээг бид өгөхгүй. Харин бусад хүмүүс дүгнэнэ. Харин энэ хуулиар зохицуулах харилцаа үүссэн. Тэр харилцааг зохицуулахуйц хууль боллоо гэж хэлж болно.
- Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэхүү хуулийн “ачаар” МАН бүлэг албажлаа шүү дээ. Гэтэл хуулийг буцаан хэрэглэж байна гэсэн шүүмжлэл гарч байна?
- Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэ хуулийн төслөөр хэд хэдэн зүйлийг зохицуулж өгсөн. Тэдгээрээс хамгийн анхаарал татаж байгаа нь УИХ-д бүлэг байгуулах тухай асуудал. Өмнөх хуульд бол УИХ-д наймаас дээш суудалтай нам эвслийн төлөөлөгч УИХ-ын дарга сонгогдсноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулах тухай асуудлаа мэдэгдэх ёстой. Улмаар УИХ-ын дарга чуулган дээр мэдээлснээр бүлэг байгуулагдана. Тэгвэл энэ хуулинд 24 цагийн хугацааг тооцохгүйгээр УИХ-д наймаас дээш суудалтай нам бүлэг байгуулах бололцоотой боллоо.
Хуулийг буцаан хэрэглэх гэдэг ойлголттой холбоотой юу, үгүй юу гэдэг асуудал гарч ирж байсан юм. Өөрөөр хэлбэл нэгэнт болоод өнгөрчихсөн, байгуулагдаагүй бүлгийг байгуулж байгаа нь буцаан хэрэглэж байна уу гэсэн асуудал яригдаж байгаа. Тэгэхээр хуулийг буцаан хэрэглэж байгаа асуудал биш. МАН-ын бүлгийг энэ хуулийн дагуу байгуулаад, гэхдээ энийг анхдугаар чуулганы хуралдаан болсноос хойш бүлэг байгуулагдсан гэж үзнэ гэвэл буцаан хэрэглэж байгаа асуудал гэсэн үг. Гэхдээ МАН-ын бүлэг байгуулах тухай асуудлаа 2012оны 12-р сарын 21-ны өдөр УИХ-ын даргад мэдэгдэн байгуулагдсан. Тэгэхээр хуулийг буцаан хэрэглэх талаар маргаан байхгүй гэж ойлгож болно.
- Улс, төрийн ажлын нэг том гацаа нь нам, эвслийн бүлгийн завсарлага авах байсан. Үүнийг шинэ хуульд хэрхэн зохицуулж өгсөн бэ?
- Нам, эслийн бүлэг завсарлагыг хугацаагүй авдаг байсан. Харин энэ нь бодит хэрэг дээрээ завсарлага биш, УИХ-ын болон олонхийн үйл ажиллагаанд ямар нэг шалтгийн хэлбэртэйгээр чуулганы хуралдааныг хугацаагүй хуралдуулах боломжгүй болгож хойшлуулдаг байсныг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд тодорхой асуудлаар ажлын таван өдрийн завсарлага авч болно. Хэрвээ УИХ-ын дарга болон завсарлага авсан бүлэг үнэхээр шаардлагатай бөгөөд завсарлагыг сунгах үндэслэлтэй байна гэж үзвэл нэмж гурван хоногоор сунгана.
Харин нэг асуудлаар завсарлага авсан бол дахиж авахгүй гэж заасан байгаа.
- Нэг асуудалд таван өдөр гэдэг хангалттай хугацаа мөн үү?
- Тодорхой асуудлыг бүлэг дээрээ хэлэлцэх болон бусад бүлгүүдтэй зөвшилцөн, дундын хувилбарыг бий болгох зайлшгүй шаардлагатай байдаг. Үүнд ажлын таван өдөр хангалттай.
- Чуулганы үдээс хойшхи ирцийг өглөөнийхөөр тооцоод хуралддаг. Гэтэл чуулганы танхимд 20-30 хүрэхгүй гишүүн сууж байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах боломжтой вэ?
- Заримдаа 20-30 гишүүн сууж байдаг гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Өглөөний чуулганы хуралдаанд сууж, ирцэнд орсон улсуудыг тэр өдрийнхөө ирцэнд орсон гэж үзэж байгаа. Харин аливаа санал хураалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байхгүй бол хэлэлцэж байгаа асуудалд түүний саналыг татгалзсанаар хүлээж авдаг. Хэрэв үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай бол тайлбарлаад ирцнээс хасагдаад явна гэсэн үг.
Энэ нь ч зөв л дөө. Ирцэнд орчихоод гишүүн тухайн асуудалд оролцохгүй бол эсрэг санал өгч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл манай кнопын горимд бол “хэрэв кноп”-д хүрээгүй бол татгалзсанаар саналыг тооцдог”. Үүнтэй холбоотойгоор өглөөний ирцээр тухайн өдрийн чуулган явдаг гэсэн агуулгатай юм.
- “Кнопчин”, “төгөлдөр хуурч” гишүүд бас их байнаа. Энэ асуудлыг хуулиар зохицуулах уу? Эсвэл чуулганы дэгээр зохицуулаад явах ёстой юу?
- Тухайн гишүүн нь өөрөө дарж байж саналыг хүчинтэйд тооцдог, хурууны хээгээр таньдаг системийг манайд нэвтрүүлж болно л доо. Яг практик дээр санал хураах үед бие засахаар ч юм уу, эсвэл сонгогчдоос нэг нь уулзахаар яаралтай гарах тохиолдолд өөрийнхөө саналыг хажуугийн гишүүндээ хэлж, итгэмжлэл үлдээгээд гарах тохиолдол байдаг. Энэ бол буруу зүйл биш болоод байгаа. Эсвэл итгэмжлэлээ УИХ-ын даргад мэдэгдээд зохицуулалт хийх арга бий.
Харин зөвшөөрөл өгөөгүй үед дарах нь асуудал. Мөн чуулганы санал хураалтыг түр хойшлуулаач гэж санал тавьж болохгүй ш дээ. Чуулганы хуралдааныг сунжруулах механизм болох магадлалтай.
- Саяхан баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль өмнөхөөсөө ямар зүйл заалтуудаар ялгаатай юм бол?
- Сонгуульд нийт ард түмнээрээ санал өгдөг нэгдүгээр шат, олонхийн санал авсан нэр дэвшигч хоёр дахь шатны сонгуульд УИХ дээр ордог. Хоёр дугаар шат гэдэг нь сонгуулиар олонхийн санал авсан хүнийг Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг батлах хууль гаргаж байгаа. Систем нь бол ойлгомжтой.
Хамгийн гол нь сонгуулийн зохион байгуулалт, менежмент, оролцогч талуудын хариуцлага, үүрэгчлэлийг өөрчилсөн. Үүнтэй уялдуулан санал хураалтын үед автомат тоног төхөөрөмж хэрэглэхээр болж байгаа.
- Хандивын хувьд?
- Сонгуулийн зардлын дээд хэмжээг СЕХ гаргана. Хандивын тухай асуудлыг хуулинд тогтоодог. Анх орж ирэхдээ аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс 100 сая гэснийг 50 сая, хувь хүнээс таван сая болгож бууруулсан. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мөнгийг нэр дэвшигчид өгч болно. Харин намд өгөх хандив нь улс төрийн намын тухай хуулиараа зохицуулагдаад явчихна.
1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээг 10 сая гэж заасан байсан. Энэ нь өнөөгийн хуулийн этгээд 100 саяыг гаргахаар их хэмжээний үнэ цэнэ байлаа. Тэр үүднээс 100 сая гэснийг нь өөрчилсөн.
- Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ болох вэ?
- Ирэх зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногийн ажлын өдрөөр байгаа. Сонгуулийн ерөнхий сурталчилгаа 33 хоног байна. Сонгуулийн сурталчилгааг багасгасан.
- Санал авах өдөр бүх нийтээрээ амрах уу?
- Ажлын өдөр санал хурааж байгаа ч бүх нийтээрээ амарна.
- Тодруулга өгсөн таньд баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Arctelis like this are an example of quick, helpful answers.