Шоронжсон улстөр, шошгоо солих уралдаан

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

Баяртай 2012. Улиран одож буй 2012 онд улстөрийн тогоо час халуунаар буцалж, нийгэмд сонин, содон үзэгдлүүдийг шинээр бий болгов. Улстөр тойрсон олон асуудлуудаас хамгийн томоохон үйл явдал нь “Хөл нүцгэн хаан” гэх шинэ нэр томьёо бүхий баривчлах ажиллагаа байлаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэх 60 дөхөж яваа өвөөг баривчлах гэж онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн 600 гаруй цагдаа,  тусгай албаны баг зүүсэн 10 гаруй булиа залуусын хүчээр гэрийнх нь хаалгыг эвдэж, ширээ сандлын хөл хугалан байж барьж, гутлыг нь ч өмсүүлэлгүй хөл нүцгэн ачаад явав. Хэзээний сэргэлэн, асуудлыг аль тийш нь эргүүлбэл өөрт ашигтай байх вэ гэдгээ тооцоолоод сурчихсан Н.Энхбаяр ард түмэндээ хэрхэн хөөрхийлөлтэй харагдах вэ гэдгээ ч төлөвлөчихсөн сууж. Телевизийн сэтгүүлч дуудаж өрөөндөө, өөрийнхөө дэргэд байлгаж гэрийнхээ гадаа болж буй үйл явдлыг зурагтаар харсан шигээ сууж байхдаа л бүхнийг тооцож. Харин “өрсөлдөгч” талынхан онц ноцтой гэмт хэрэгтэнг барьж байгаа юм шиг аашилж хэдэн зуун цагдаагаар хашааг бүслүүлж, хаалга үүдэн дээр нь хүртэл харуул манаа гарган, том гэгчийн лантуу, сүхээр зэвсэглэн хаалгыг нь хүчээр эвдсэн нь “Авлигын загалмайлсан эцэг”-т аятайхан боломж өгчихсөн юм. Бас гэрт нь дайран орж ирсэн багтай залуус үүдний өрөөнд байсан хүмүүсийг толгой дараалан “дэгээдэж” унагаан, Н.Энхбаярын дэргэд байсан УИХ-ын гишүүдийг буйдан дор дарж, нүдний шилийг нь хагалан тартагт нь тулгаад “Хаан”-ыг хөл нүцгэн авч гарсан нь оноо алдахад хүргэсэн.

Дээр дурьдсанчлан аливаа зүйлийг өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг хөл нүцгэн хаан ард түмэн рүүгээ гараараа даллах боломж байгаагүй учраас гуталгүй нүцгэн хөлөө хөдөлгөж “баяртай” хэмээсэн. Энэ нь түүний хувьд өрөвдөлтэй байдал төдийгүй, хожим хойно нь хэрэг болох үзэгдэл байлаа. Ингээд л олигахижсон улстөр хэмээгдэж байсан саарал ордныхон шоронжсон улстөрийн дүр зургийг Н.Энхбаяраар төлөөлүүлэв. Болж бүтэхгүй байвал шууд л асуудаг, ачдаг жишиг тогтоож буй нь Монголын нийгмийг төдийгүй улстөрийг шоронжиж байна хэмээгдэхэд хүргэсэн юм.

Үүний дараагийн асуудал бол шоронд заларсан Н.Энхбаярын шошгожуулсан хүмүүстэй холбоотой. Өөрөөр хэлбэл “Н.Энхбаярын хүн” гэх шошготой нөхдүүд эл “муухай” шошгоо сольж нам сэлгэх ажиллагаагаа эхлүүлсэн. Харин МАХН-аас угшилтай, МАН-ын хэсэг бүлэг нөхдүүд МАН гэсэн шошгоо МАХН болгон өөрчилж, Н.Энхбаярын гэх тамга даруулсан нь албан тушаал ахих виз болсон юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан гээд нэгэн үе МАН-ын томоохон төлөөлөл болж нийгэмд, улстөрд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн нөлөө бүхий нөхдүүд нь шошго өөрчлөх аянд хамгийн түрүүнд мордож хүссэндээ хүрэв. Харин Н.Энхбаярын халаасны хүмүүсийн нэг болох УИХ-ын гишүүн Д.Арвин шошго өөрчлөх аянд хожуу нэгдсэн ч МАХН биш харин “Загалмайлсан эцэг”-ийнх нь  хамгийн гол дайсан болох АН руу орж,цэнхэр батлах гардсан нь намынхан төдийгүй Н.Энхбаярыг ч гайхахад хүргэсэн юм. Нэгэн цагт “Элсний-13”-ын бүлэглэлд орж Н.Энхбаярын захиалгаар М.Энхболдын Засгийн газрыг чөдөрлөж, улмаар унагааж “Ах”-ынхаа тушаалыг онцсайн биелүүлэгчдийн нэг нь Д.Арвин. Түүнийг 18 жил түшсэн унаган намаасаа татгалзаж өөр намын хаалга татна гэхэд Н.Энхбаяр битүүхэн горьдлого тээж байсан нь лав. Тэдний харилцаа сүүлийн үед хөндий байсан ч хамтран хийж амжилтанд хүрсэн төлөвлөгөө чамгүй бий. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Д.Арвиныг АН-ын батлахыг авсан гэх мэдээллийг сонсоод “Д.Арвин АН-д орчихлоо гэж үү” хэмээн дуу алдсан биз.

Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр хамгийн түрүүнд Н.Энхбаярын гэх тамгыг өөр дээрээ даруулсан ч тэдний нөхөрлөл удаан үргэлжлээгүй. Намаасаа гарч нам байгуулахаар сэтгэл санаа шулуудсан тэрбээр нэгэн үе Н.Энхбаярт үнэнчээр зүтгэж салаавч Ц.Шинэбаяр гэх гуншинг хүртэл өөр дээрээ наасан. Түүнийг улстөр дэх салаавчны загалмайлагч гэж болно. Түүнийг салаавч үзүүлсний дараа улстөрийн хүрээнийхэн бие биен рүүгээ салаавч “чулуудах” нь элбэгшиж Ц.Шинэбаярыг “шинэчилсэн” хэрүүл амжилт олсон юм. Харин Н.Энхбаяраас холдсноор түүний улстөрийн карьер зогсонги байдалд орж анхаарлын төвөөс гарлаа.

Юутай ч 2012 онд өрнөсөн улстөрийн амьдралыг шоронжсон улстөр, шошгоо солих уралдаан гэж нэрлэж болохоор байна. Харин цаашид улстөрийн өнгө хэрхэн өөрчлөгдөж, хэний шошго “мода”-нд орохыг цаг хугацаа харуулна биз ээ.

Н.Алтай

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top