УИХ-ын гишүүн Н.Энхболд: иргэний хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх ёстой

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

УИХ дахь МАН-ын бүлгийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар албан ёсоор баталгаажуулсан билээ. Энэ дагуу бүлэг анхны хуралдаанаа өнөөдөр хийсэн юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг 10:00 цагаас хуралдахаар тов  зарласан ч үдээс хойно 14:00 цаг болгон өөрчилсөн юм. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараа 16:00 цагт бүлэг хуралдаж, хуралдааны дараа мэдээлэл хийлээ. Хуралдаанаараа бүлгийн ажлийн хуваарилалтыг хэлэлцжээ. Мөн нэг байнгын хороонд 2-3 гишүүн харьяалагдахаар болжээ. Нөгөөтэйгүүр байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог нэмэгдэхүүлэх, зөвхөн тухайн байнгын хороондоо харьяалагдахаар хуулийн төсөл санаачлан өргөн барихаар болсноо мэдэгдсэн юм. Ингэснээр байнгын хороодын ажил сайжирч, гишүүдийн ирц бүрдэх явдал гарна гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн эх баригчдад асуулт, хариулт тавьж үнэн бодит мэдээлэл авдаг байдлыг бий болгохоор болж, харин нарийн зүйл ярихгүй бол хариуцлага хүлээлгэдэг байдлыг зарчмын хувьд оруулж, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнийг хэрэгжүүлсэнээр цөөнхийн зүгээс олонхийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжирна гэж үзэж байгаа юм байна. Үүнээс гадна сүүлийн үед Монголын улс төрд сонгуулийн дараа намаа сольдог үзэгдэл явж байгаа. Энэ нь сонгох, сонгогдох эрхэд ноцтой халддаг, төрийн ажлын эмх замбарааг алдагдуулж, ойлгомжгүй болгодог, яваандаа төрийг сонгуулийн аргаар бус бусад аргаар үйлчлэх байдал гарч байна. Иймээс үүнийг хуулийн хүрээнд зохицуулах нь зүйтэй гэж үзэн хууль санаачлан оруулахаар болсноо МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдсэн юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Сонгуулийн дараа гишүүд намаа өөрчлөх үзэгдэл газар авч байгаа учраас энэ талын зохицуулалт шаардлагатай байна гэж үзэж, төсөл боловсруулахаар шийдэж. Энэ нь Д.Арвин гишүүний намаа сольсонтой холбоотойгоор гарч ирлээ гэж ойлгож болох уу?

-Зөвхөн Д.Арвин гишүүний сонголттой холбоотойгоор үүссэн асуудал биш. Сүүлийн үед монголын улстөрд явах болсон үзэгдэл нь сонгуулийн дараа УИХ-ын гишүүн нь намаа, эвслээ сольдог, байр сууриа өөрчилдөг, ингэснээрээ иргэд сонгогчдын сонгох сонгогдох эрхэнд ноцтой халддаг, төрийн ажлын эмх цэгцийг алдагдуулдаг ойлгомжгүй болгодог, төрийг сонгуулийн аргаар биш, бусад аргаар эмхлэн цэгцэлж байгуулдаг арга руу чирж байна гэж манай бүлгийн гишүүд үзсэн. Тийм учраас энэ асуудлыг зохицуулах хуулийн төслүүдийг нэн даруй өргөн мэдүүлэхээр тогтсон. Ялангуяа УИХ-ын 2012 оны сонгуулийг шинэ хуулиар явуулсан, энэ тохиолдолд жагсаалтаар нэр дэвшиж орж ирсэн хүмүүс намаа солиод өөр нам руу шилжсэн тохиололдолд яах вэ. Хэрэг дээрээ ард түмэн намын нэрээр санал өгсөн байдаг. Гэтэл парламент дахь хүчний харьцаа ойролцоо үед УИХ-ын гишүүн нь гуйвж дайвж өөр нам эвсэлд орно гэдэг бол үндсэндээ иргэд, сонгогчийн сонголтоор биш улстөрийн урвалт шарвалтын арга замаар хувь хүн өөрийнхөө эрх ашгийг бодож ийм асуудалд хандсанаас ард түмний хаан сонголт нааш цаашаа эргэх, үүнээсээ болоод төрийн эрх өөр бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөртэй улстөрийн хүчинд шилжиж болох нөхцөл рүү явж болзошгүй байна. Одоо нэг, хоёр гишүүнээр яригдаж байгаа ч цаашдаа олон хүн нааш цаашаа хөдөлвөл яах вэ. Энэ тохиолдолд иргэдээс саналыг нь авч сонгууль явуулж байдаг дэг жаяг өөрчлөгдөж болзошгүй учраас одоо зохицуулалт нь дутуу байгаа асуудлыг хуульчилж эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна гэж үзсэн.

-Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан, түүгээр Сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллах ёстой гэсэн асуудал яригдсан тухай дуулдлаа?


-Сөрөг хүчний хувьд цаашид яаж ажиллах ёстой талаар түлхүү ярьсан. Үүн дотроо олон нийт төрийн бус байгууллагуудтай ярилцаад иргэний хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Энэ чиглэлээр ажилладаг хэд, хэдэн механизм байна, тэр дагуу дэлхийн зарим орны парламентад хэрэглэгддэг сүүдрийн Засгийн газар, эсвэл иргэний хяналтын танхимын зохион байгуулалт байж болох юм гэж үзсэн л дээ. Иймэрхүү бүтэц зохион байгуулалт байх нь илүү үр дүнд хүргэж болох юм гэдгийг ярьсан, ойлголцсон. Гол нь эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзвэл холбогдох хуулийг санаачилж боловсруулах гээд ажлууд бий. Сүүдрийн Засгийн газрын тухайд төдийлөн олон оронд хэрэглэгддэггүй боловч улстөр нь төлөвшчихсөн, тогтчихсон нийгэм нь зөв хүлээн авдаг газар бол их зөв механизмын нэг. Энэ тухай ярихаар гаднаас шүүмжлэх л байх. Сүүдрийн Засаг газар нэрийн дор сайд байсан юмаа л ярих гээд байна уу даа гэж.. Тийм биш бид бол сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ, шийдчихсэн ухамсарлачихсан улсууд. Гол нь хяналт тавих хөшүүрэг механизм юу байна гэдэг дээр ярьж байгаа. Энэ дотроо сүүдрийн Засгийн газар гэж нэрлэхээс илүү иргэний хяналтын танхим байдаг юм уу ийм бүтэц байх талаар ярилцсан. Их зөв механизмыг олж аваад цөөнхөөр дамжуулаад нийгмийн эрх ашгийг төр засгийн бодлого шийдвэрт тусгуулдаг механизмтай болох нь чухал байгаа юм.

-УИХ-ын дэд даргад Н.Энхболдыг нэр дэвшүүлж байсан. Энэ асуудал хэзээ шийдвэрлэгдэх вэ?

-Манай намын бүлэг энэ асуудлаар УИХ-ын даргад хандчихсан байгаа.  Маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана, ирэх пүрэв гаригт чуулган хуралдаад шийдэгдэнэ.

-Намаас нам руу шилжиж байгаа энэ үзэгдлийг хязгаарлах зорилгоор хуулийн төсөл санаачилна гэлээ. Үүн дотроо тойрогт нэр дэвшигч намаа соливол яах вэ гэдэг шийдлийг гаргасан байгаа юу?


-Энэ асуудал зөвхөн манай намын санаа зовох асуудал биш болчихлоо. Цаашдаа энэ үзэгдэл газар аваад явбал аль ч нам хүн нь сонгогдсон хойноо яахыг мэдэхэд их хэцүү болчихоод байна. Тэгэхээр энэ бол зөвхөн бидний санаа зовох асуудал биш, одоогийн байдлаар бидний хувьд тойргоор сонгогдсон хүнээ тэгнэ, намын жагсаалтаар сонгогдсон хүнээ тэгнэ гэж нарийн томъёолоод бодчихсон хуулийн төсөл алга. Нийгэм даяараа урвасан шарвасан хэсэг улстөрчдийн хувиа бодсон тоглолтоос болоод төр засаг хаашаа ч эргэж магадгүй, улстөр тогтворгүй ажиллах нөхцөл рүү чирээд байна. Хамгийн харамсалтай нь, энэ үйлдлийг нэг улстөрч хийж байна гэхээс илүү улстөрийн хариуцлагатай улстөрийн хүчин оролцоод өөгшүүлээд уриалаад татаад явж байгаа нь илүү их болгоомжлох ёстой үзэгдэл гэж би хувьдаа бодож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top