Сэтгэцийн эрүүл мэндийн тухай болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг өнөөдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны эхэнд хэлэлцэв. Энэ үеэр С.Дэмбэрэл гишүүн: Манай улсад хичнээн өвчтэй хүн байна? энэ нь өнгөрсөн жилүүдийнхээс их байна уу? Удамшиж байна уу? Хэмээн танин мэдэхүйн шинжтэй асуулт асуув. Үүнд ажлын албаныхан “Бусад хөгжилтэй орнуудтай харьцууулахад 6-8 дахин бага байдаг. Сэтгэцийн эмгэг нийгмийн тогтолцоогоо дагаад нэмэгдэж байгаа. 2000 онд 10,000- 77 өвчлөл байсан бол 2010 онд энэ тоо 113 болж өссөн. Шалтгаан нь удамшил, нийгэм зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Компьютер тоглоомд донтож байгаатай холбоотой судалгаа байхгүй. Сэтгэцийн өвчтэй 100 хүн тутмын ердөө 10 нь эмчлгээ хийлгэдэг бол үлдсэн нь эмч, эмнэлэгийн байгууллагад хандаггүй” гэв. Үүгээр асуулт хариулт өндөрлөв. Үүний дараагаар гишүүд саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Эмч эмнэлэгийн ажилтнуудад ажлаа гүйцэтгэж байхдаа амь нас болон бие бялдрын хувьд хохирдог асуудал байдаг. Үүнийг хуулиндаа тусгаж өгмөөр байна.
УИХ-ын Г.Баярсайхан: Эмнэлэгийн байгууллагын ажилчид яг энэ асуудлыг нийгмийн хамгааллын тухай хууль болон эрүүл мэндийн тухай ерөнхий хуулиараа хамгаалж өгсөн байдаг болохоор тусад нь оруулж өгөх хэрэггүй.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Амь нас хохирсон болон гамшигийн үед ажиллах үед гэж л заасан байгаа. Тэгвэл сэтгэцийн эмч нарт энэ нь хамаарахгүй байгаа. Өөрөөр хэлбэл өөрийгөө хянах чадваргүй улсуудын дэргэд амь насаараа дэнчин тавьж ажиллаж байна. Цохиуллаа гэхэд эмч л хохироод үлдэж байгаа. Үүнийг л хэлээд байна гэв.
Улмаар хуульд энэхүү заалтыг оруулж өгөхөөр болж, санал хэлж дуусав. Ингээд зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураав. Энэ үеэр сэтгэцийн эмнэлэгээс өвчтөн алга болсон тохиолдолд цагдаагийн байгууллага хамтран хайх ажиллагаа хийнэ хэмээсэн нь олонхийн санал авсан юм. Ингээд санал хурааж дууссан бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо .
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )