МАН-ын бүлгийн дарга Н.Энхбодоос цаг үеийн асуулдаар цөөн зүйл тодрууллаа.
- УИХ-ын дэд даргад М.Энхболдыг дэвшүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье.
- М.Энхболд нь УИХ-д гурван удаа сонгогдсон, Ерөнхий сайд хийж байсан туршлагатай улс төрч бөгөөд энэ ажлыг хийгээд байх чадвартай гэж үзэж, дэвшүүлсэн. Ямар хүнийг дэвшүүлэх нь тухайн намын эрхийн асуудал байдаг. Дашрамд дурьдахад парламентийн 20 жилийн түүхэнд намын бүлэг нь хүнээ нэр дэвшүүлдэг, түүнийг нь бусад улс төрийн нам, хүчин дэмжээд явдаг бичигдээгүй хуультай. Бичигдсэн хууль ч бий. Өөрөөр хэлбэл УИХ-д бүлэг байгуулсан улс төрийн нам, эвсэл нь дэд даргатай байна гэдэг нь хууль мөн шүү дээ. Бүлэг нь өөрийнхөө эрхийн хүрээнд ярилцаж, нэр дэвшүүлж байгаа нь хуульд нийцэж байгаа.
- МАН-ын удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар нэр бүхий гишүүдийг хөөхөөр болсон гэж байна. Энэ үнэн үү?
- Тийм зүйл огт яригдаагүй. Харин сөрөг хүчний хувьд УИХ дахь намын бүлэг, УЗ-ийн уялдаа ямар байхыг ярилцсан. Тодруулбал намын бүлгээр дамжуулан сөрөг хүчний үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ гэдгийг голлон ярилцсан.
- МАН-ын гишүүд байнгын хороонд хуваарлигдчихсан уу?
- Яг одоо хуваарлих гээд явж байна. Бүлэг дээрээ энэ талаар ярилцсан.
- Тодруулбал?
- Байнгын хороо 19 гишүүнтэй байна гэж тогтсон шүү дээ. Өнөөдрийн байдлаар нэг байнгын хороонд 4-15 гишүүн байгаа юм байна лээ. Тэгэхээр манайхаас нэг байнгын хороонд 4-5 гишүүн орох боломжтой. Мэргэжил, ажлын туршлага, хариуцаж байсан ажлыг нь харж байгаад бүлэг дотроо ярилцаад аль байнгын хороонд орохыг ярилцсан байгаа.
- Нэг гишүүн хэдэн байнгын хороонд орох төлөв байна?
- Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа бол нэг гишүүн гурав хүртэл байнгын хороонд хамаарадана гэж заасан байгаа. Үүгээр бид хуваарлина. Цаашид байнгын хороодын гишүүний тоог нэмнэ гэж ярилцаад байгаа. Сая УИХ-ын Дэгийн тухай хуулинд уг нь ийм заалт байсан ч хасагдчихсан. Гэхдээ бүлгийн зүгээс энэ хуулийн төслийг өргөн барина. Өөрөөр хэлбэл 20 хүртэл гишүүнтэй болгосноор нэг гишүүн хоёр хүртэл байнгын хороонд харъяалагдана. Ингэснээр УИХ-аас гарах шийдвэр чанаржих болно.
- Нэг гишүүн гурван байнгын хороонд харъяалагдахад асуудал юу байна?
- 20 жилийн туршлагаас харахад нэг гишүүн гурав битгий хэл хоёр байнгын хороонд харъяалагдаж байхдаа давхцаад, самгардах тохиолдол бий. Заримдаа байнгын хороонд сууж амждаггүй шүү дээ.
- УИХ-ын гишүүн болчихоод намаа сольдогыг хуульчилна гэж байсан. Хэзээ хуулийн төслөө өргөн барих вэ?
- Энэ бол сүүлийн 20 орчим жил яригдаж байгаа зүйл. Хуульчлахгүй бол зохион байгуулалттайгаар, эсвэл сонгуулийн дараагаар санаатайгаар өөрчилдөг тогтолцоонд орох гээд байна. Энэ бол төрийн тогтолцоог сулруулаад зогсохгүй, сонгох, сонгогдох эрхийн үзэл баримтлалтай салшгүй холбоотой. Хамгийн гол нь иргэдийн хийсэн сонголт улс төрчөөс хувийн ашиг сонирхлоос болоод өөрчлөгдөх байдал үүсгэж байгаа юм. Тухайлбал авсан суудлын тоо ойролцоо байгаа үед дөрөв, таваараа намаа солиход иргэдийн өгсөн санал эсрэгээрээ гараад ирнэ. Хүмүүсийн хүсэн хүлээж байсан зүйл байхгүй болно.
- Тодруулга өгсөн таньд баярлалаа
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )