- Ахмад настан, хөгжлийн бэрхшэлтэй иргэдэд олгох 340,000 төгрөгний талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
- Манай яамнаас өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нэлээд олон ажлуудыг зохион байгууллаа. Үүн дотроо түрүүчийн Засгийн газрын дутуу хийсэн ажлуудыг гүйцээх ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, хүнийг хөгжлийн сангаас олгож байгаа 21 мянган төгрөгийн дутууг ирэх оны төсөвт 32 тэрбум төгрөгийг суулгаж баталгаажуулсан. Мөн судалгаанд хамрагдаагүй иргэд болон дутуу авсан иргэдийнхээ тооцоог бүрэн гаргаж дууссан байгаа. Мөн сүүлийн үед иргэдийн зүгээс маш их санал гомдол ирж байгаа асуудлуудын нэг болсон ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгөөс дутуу олгогдсон 340 мянган төгрөгийн асуудлыг бид судалгаа хийсний үндсэн дээр санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх тал дээр Сангийн яамтай хамтарч асуудлыг шийдэх тал дээр ажиллалаа. Өчигдөр хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж бүх арилжааны банкуудад энэ мөнгийг байршуулах ажлыг эхлүүллээ. Үндсэндээ Хаан, Хадгаламж, Капитал гэсэн гурван банкны салбаруудаар нийт 115 тэрбум төгрөг үндсэндээ шилжиж байгаа. Энэ нь нийтдээ 178 мянган ахмад настанд олгогдох мөнгө юм. Энэ мөнгийг бид шилжүүлж дуусаад 27-оос өмнө амжиж олгох ёстой. Үндсэндээ их хэмжээний мөнгө, гүйлгээ тооцоо хийх гээд нэлээд ажлууд бий. 27-нд олгож эхлэхээр төлөвлөж байна. Хэрвээ оны эцсийн гүйлгээ хийж амжих юм бол арилжааны банкуудаар энэ мөнгө олгогдож эхэлнэ. Хоёрдугаарт олгож эхлэхээр ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ талаар тусад нь зарлана. Өнөөдөр энэ мөнгийг он дотор олгохын тулд бид чармайлт гарган ажилласан. Энэ мөнгөний эх үүсвэрийг Засгийн газрын 1,5 тэрбумын бондын хөрөнгөөр олгоогүй гэдгийг хэлмээр байна. Засгийн газрын Хүний хөгжил сангийн 940 тэрбум төгрөгийн бонд гаргасан байгаа. Энэ бондыг бол үндсэндээ Монголбанк худалдаж авсан. 108,1 тэрбум төгрөгийн бондыг нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс бид худалдаж авсан. Нийгмийн даатгалын тухай хуулиараа нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлийг Хадгаламжийн банкинд байршуулж түүний хүүгийн орлогоор чөлөөт үлдэгдлийг арвижуулах, мөн Засгийн газрын болон эрх бүхий байгууллагын бондыг худалдаж авч түүнээс олсон орлогыг нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлд зарцуулах хуультай. Энэ хуулийн дагуу арилжаа хийгдсэн. Мөн энэ мөнгөнөөс ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгийг гаргасан. Ямар нэгэн өөр эх үүсвэрээс авсан санхүүжүүлсэн зүйл байхгүй.
- Бондын хүүний хувьд?
- Засгийн газрын бондыг манайх жилийн найман хувийн хүүтэйгээр авч байгаа. 21 мянган төгрөгөө аваагүй буюу дутуу авсан иргэдийн мөнгө ирэх оны нэгдүгээр улирлаас эхлэн олгогдож эхэлнэ. Ирэх ондоо багтааж иргэдийн аваагүй буюу дутуу олгосон мөнгийг бодож дуусгана.
Ер нь долдугаар сарын 1 гэхэд 21 мянган төгрөгөө авах байсан. Мөнгөө авч чадаагүй иргэдийн 80-90 хувь нь иргэд өөрсдөөсөө шалтгаалан аваагүй гэсэн судалгаа гарсан. Дахиад хэлэхэд эдгээр мөнгүүдийг олгох нь энэ Засгийн газрын үүрэг биш. Бид төрийн ажил зогсолтгүй явах ёстой. Иргэдийг хохироож болохгүй гэсэн зарчмыг л барьж байгаа.
- Дээрхи мөнгөнөөс гадна хувьцаа бус нэг сая төгрөгөө авъя гэсэн хүсэлтийг гаргасан иргэд байгаа. Энэ мөнгө олгогдох болов уу?
- Энэ мөнгийг Шинэчлэлийн Засгийн газар олгохгүй. Энэ түрүүчийн Засгийн газрын бодлогыг буруу гэж дүгнэж байгаа. Ялангуяа би гишүүн байхдаа түрүүчийн Засгийн газрын сая төгрөгөөр хувьцаа худалдаж авахыг боловсон дээрэм гэж нэрлэж байсан. Тиймээс боловсон дээрмийн ажиллагааг бид зогсоож байгаа. Та бүхэн мэднэ хөрөнгийн бирж дээр хувьцааг эрэлт нийлүүлэлтээр тодорхойлдог болохоос биш манайх шиг Засгийн газар нь хувьцааны үнийг тогтоодог улс байхгүй. Хувьцаа бол арилжааны хэрэгсэл шүү дээ. 1990 онд цэнхэр ягаан тасалбарыг тухайн үеийн нөхдүүдийн зохион байгуулалттайгаар хийсэн ажиллагаагаар тухайн үед хувьцааг шил архи гарын савангаар дээрэмдээд авсан. Түүний үр дүнд цөөн тооны нөхдүүд хагартлаа баяжаад дийлэнх нь хувьцааны үр дүнг үзэж чадаагүй. Ухаа худаг, Энержи Ресурсын нэгж хувьцааны үнэ хамгийн багадаа 4000 төгрөг байгаа. Тэгэхээр нэг хүнд ноогдох 1070 хувьцаа чинь хэрвээ Хонг Гонкийн хөрөнгийн бирж дээр гаргаад хамгийн бага үнээр тооцоход дөрвөн сая төгрөг дөрвөн ам бүлтэй айлын хувьцаа 16 сая төгрөг. Гэтэл үүнийг дөрөвхөн сая төгрөгөөр авах гэж байсан. Энэ бол дээрмийн үйл ажиллагаа. Энэ бол иргэдээр дамжуулж Таван толгойг булааж авах гэсэн бодлого байсан. Тийм учраас явуулахгүй. Харин энэ Засгийн газраас хийх гэж байгаа ажил бол таван толгойн IPO-г яаралтай хийж хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй. Хувьцаа арилжаанд ороод ирэхээр хувьцааны үнэ зах зээлийн жамаар тогтоогдоно. Тэр үед нь зах зээлийн жамаар хөрөнгийн биржийн үйл ажиллагаагаар дамжуулж иргэд өөрсдөө хувьцаагаа борлуулах ажиллагаанд орох юм.
- А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )