УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ойд илгээлт илгээжээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан баярын хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсын язгуур эрх ашиг сонирхолд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдал, үндэсний эв нэгдэл, соёл иргэншил, эдийн засгийн тогтвортой байдал, экологийн хөгжил багтдаг.
Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих эхэн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэсэн төрийн тогтолцооны бүтэц гарч ирсэн юм. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудлаархи шинэ хандлагын эхлэл байв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь улс үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.
Улсын Их Хурал нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталдаг. Бид анх 1994 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталж, 2010 онд шинэчлэн баталсан.
Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үе хүртэл хүйтэн дайн, хоёр туйлт олон улсын харилцаа, гадаад бодлогын улирч буй зарчмаар тодорхойлогдсоор байсан. Аюул занал, хийрхэл түүнээс сэргийлэн хамгаалах бодлого нь дан батлан хамгаалах, зэвсэгт хүчний хүчин зүйлд тулгуурлахаар тооцоологддог байсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд олон улсын харилцаа олон туйлт болж, гадаад орчинд шинэ үнэлэмж, зарчим үйлчилж даяаршил дэлхийн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлс болсоор байна. Монгол Улс энэ хугацаанд ардчилсан улс төрийн систем, эдийн засгийн зах зээлийн харилцааны суурь үндсийг амжилттай тавьж, эргэлт буцалтгүй болголоо.
Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн, орон нутгийн зэрэг бүх нийтийн чөлөөт сонгуулийг нийт 18 удаа зохион байгуулж, засгийн эрх мэдэл нэг хүчнээс нөгөөд тайван замаар шилждэг нь улс төрийн уламжлал болов. Олон ургальч үзэл, үзэл бодлын өрсөлдөөн нь Үндсэн хуульд тусгалаа олсон хүний эрхийн суурь зарчмын илэрхийлэл болсоор байна.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд парламентын засаглалын тухай албан ёсоор тусгасан нь санамсаргүй зүйл биш юм. Монгол Улс ардчилал, иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн зорилго нь гагцхүү парламентат ёс, түүний зарчим, үнэт зүйлсд тулгуурлана. Үүнийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгайлан оруулж, ардчилсан өндөр хөгжилтэй улсуудтай нэгэн хамтын нийгэмлэгт багтахаа бас давхар онцлон тэмдэглэсэн хэрэг болно.
Монгол Улсын аюулгүй байдлыг хангах нь зөвхөн төрийн үйл хэрэг биш бөгөөд иргэдийн оролцоонд тулгуурлана хэмээн үзэж байгаа нь ардчилсан нийгмийн бас нэгэн шаардлагын тусгал юм. Ийнхүү ардчилал, парламентат ёсны утга агуулга, үзэл санаа Монгол Улсын аюулгүй байдлын асуудалтай шүтэлцэн нэгэн цогц ойлголт болж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр улс төрийн голлох хүчний төлөөлөл болсон Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар ажиллаж, Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхдээ Монголоо гэсэн сэтгэлээр хандаж ирснийг онцлон тэмдэглэж байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг анх тунхагласан Богд хаант Засгийн газрын зуун жилийн өмнөөс эхтэй уламжлагдаж ирсэн нэр хүндтэй уламжлал юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь улс орны гадаад, дотоод аюулгүй байдлын асуудлыг бодлогын хэмжээнд удирдан улс орны тусгаар тогтнол, хөгжлийн баталгаа болж ирсэн уламжлалаа орчин үе дэх аюулын шинэ хандлага, сорилтонд Монгол Улсын өсөн нэмэгдэж буй чадамжийг бүрэн дайчлан чиг үүргээ нэр төртэй биелүүлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Та бүхэнд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах энэхүү онцгой үйл ажиллагаанд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )