Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг яг одоо чуулганаар ярилцаж байна.
Энэхүү хуульд аймаг, нийслэлийн шүүхийг иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болгон өөрчилж, нутаг дэвсгэрийн ойр байдлаар бүсчлэн, шүүх байгуулах газрыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасны дагуу байршуулжээ. Иймд хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давж заалдах шатны 9 шүүх, иргэний давж заалдах шатны шүүх 9 шүүх гээд нийт 18 шүүхийг тойргийн журмаар байгуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн сум дундын 29, Захиргааны хэргийн анхан шатны 22, дүүргийн эрүүгийн 4, иргэний 4 нийт 59 шүүхийг байгуулах аж. Сум дунд Захиргааны болон дүүргийн шүүхийг байгуулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа тухайн аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр сум, дүүрэгт харъяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг ард иргэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцож харъяаллыг тогтоосон байна.
Давж заалдах шатны шүүхэд одоогийн байдлаар 101 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 57 орон тоо нэмэгдэж 158 шүүгч ажиллахаар, захиргааны хэргийн анхан ба давах шатны шүүхэд одоо 76 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 36 орон тоо нэмэгдэж 112 шүүгч ажиллахаар, сум дундын шүүхэд 170 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 57 орон тоо нэмэгдэж 227 шүүгч ажиллахаар, дүүргийн шүүхэд 91 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 93 орон тоо нэмэгдэж 184 шүүгч ажиллах аж.
Үүнийг гишүүд ихээр шүүмжилсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хөвсгөлд амьдардаг иргэн яаж Орхон аймагт очиж, давж заалдах вэ. Мөнгөтэй нь л Орхон аймаг руу явж очиж хэргээ үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явахаас биш мөнгөгүй нь очиж чадахгүй хохироод дуусах нь”
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Тойргийн зарчмаар байгуулахаар тусгасан Давж заалдах шатны шүүхийг ямар үндэслэлээр ийм хол байгуулахаар болсонд тодорхой үндэслэл хэлж өгнө үү? Жишээ нь Ханх суманд амьдардаг иргэн давж заалдахын тулд 700, 800 км явж байж, Орхон аймагт хүрч зөрчигдсөн эрхээ сэргээхийн төлөө явах болж байна. Энийг чинь би сонгогчиддоо юу гэж тайлбарлах юм бэ?
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Говь-Алтайд амьдардаг иргэд бол бүр 1000 гаруй км явж байж, давж заалдах болж байна. Хөрөнгө мөнгө шаардлагатай бол түүнийг нь гаргая, гол нь иргэдээсээ холдуулж болохгүй. Энэ хуулийн төслийг ийм байдлаар УИХ-аар баталж болохгүй, бүлгийн дарга эл хуулийн төсөл дээр завсарлага авах ёстой. Хуулийг батлахгүй гэж байгаа юм биш гол нь сайжруулах хүсэлтэй байна” гэв.
Хэдийгээр гишүүд шүүмжилсэн ч шүүгч болон хуулийн төслийг санаачлагчид зөв хэмээн “гүрийсээр” байв. Улмаар уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Г.Ганбат: Гишүүддээ хандаж хэлэхэд энэ хуулийг дэмжээд өгөөчээ. Мөнгө төгрөг чухал нь чухал. Гэхдээ тэр дараагийн асуудал шүү. 360 сум дээр 360 шүүх байгуулах хэрэггүй шүү дээ. Энэ хуулийг батлах юм бол бүх шатны шүүх хариуцлагатай болно. Өнөөдөр хамгийн их өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой газар нь шүүх шүү.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Би энийг дэмжиж байна. Мөнгө нэхээд байгаа чинь өргөн уудам нутагтайн зовлон ш дээ. Улаанбаатарт холоос ч гэсэн ирээд сурч байгаа ш дээ. Яагаад гэвэл сурах эрх хүн бүрт байгаа. Тэрнээс ялгаагүй. Энэ бол зөв зүйтэй асуудал. Шүүхийн чадавхийг дээшлүүлэх нь үнэ цэнэтэй асуудал.
М.Энхболд: Ерөнхийд нь дэмжиж байна. Гэхдээ анхаарах ёстой зүйл байна. Бүсчилсэн хөгжлийн зарчмыг баримтлан шүүхийг байгуулж байгаа нь зөв. Цаашид бүсчилсэн хөгжлийн зарчмыг баримтлах хэрэгтэй. Улаанбаатар хотод ачаалал нэмэгдэх хуваарлалт хийгдэж байгаа юм байна. Үүнийг цаашдаа анхаараарай.
Дээрх гишүүд дэмжиж саналаа хэлсэн бол эсэргүүцэж санал хэлэх гишүүн байсангүй. Улмаар маргаашийн чуулганы эхэнд энэ асуудлыг хэлэлцэх эсэхэд санал хураахааp боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )