Маш нууц зэрэглэлийн улаан тамгыг арилгах санаа буюу Хятадчилсан хяналт

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

Өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар цахим хуудасны сэтгэгдлийг хянах зорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгох шийдвэрийг гаргасан.

Засгийн газраас мэдээлж байгаагаар бол эл системийн програм хангамж, техникийн шийдэл боловсруулж нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт, домэйн нэр олголт болон мэдээллийн чиглэлээр ажилладаг цахим хуудсанд тавигдах шаардлагыг тодорхойлох зохицуулалтын журам боловсруулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгасан байгаа. Ингэснээр гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдлийн талаар уг мэдээлэлд холбогдогч гомдол гаргавал системээс нягтлан шалгаж, эзэн холбогдогчийг тодруулан хууль хяналтын арга хэмжээ авч ажиллах боломж бүрдэнэ гэж байгаа. Энэ нь зөв. Эх адаггүй, зах замбараагүй сэтгэгдэл эмхлэгдэж олныг үймүүлэхээ болино. Хэн нэгний өс хонзонгийн үгс цахим ертөнцийг хэрүүлийн талбар болгодог  асуудал цэглэгдэнэ гэсэн үг. Гэхдээ Ардчилсан, Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар үнэхээр ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө эл ажлыг сэтгэл гарган хийж байна уу гэвэл Та уучлаарай. Үгүй шүү.

Шинэчлэлийн Засгийн газар ард түмнийхээ төлөө цаг наргүй, нойр хоолгүй зүтгэх ёстой хэмээн амралтын өдөр хуралддаг болсон нь цаанаа учиртай. Ерөөс улстөрийн асуудал хөшигний ард шийдэгдэх боломж бүрдэж байна гэсэн үг. Хүмүүс амарчихсан, асуудалд анхаарал хандуулахгүй болсон амралтын өдрөөр “их зүйл” шийдэгдэж байгаа. Нэг үгээр хэлбэл урьд нь гурав дахь өдөр хуралддаг байсан Засгийн газар хагас сайн болгон хуваариа өөрчилсөн нь “Боохой борооноор...” л гэдэг үгийг хэрэгжүүлэх боломж болсон. Энэ дагуу л сэтгэгдэл хянах ажил хийгдэж байгаа.

Засгийн газрын төлөвлөснөөр бол сэтгэгдлийг ингэж хянана. Хэн нэгэн нь өөрийн байр сууриа илэрхийлэхээр бол эхлээд утасны дугаараа оруулна. Энэ нь программчиллын дагуу тухайн үүрэн телефоны оператор дээр очиж шүүгдээд үнэхээр сайтад сэтгэгдэл үлдээх хүсэлт тавьсан этгээдийн явуулсан утасны дугаар байна уу үгүй юу гэдэг нь автоматаар шүүгдэнэ. Хэрэв байгаа бол дараагийн алхам хийх боломж бүрдэнэ. Энэ нь тухайн иргэн регистерийн дугаар болон овог нэрээ оруулна. Энэ нь мөн л ИБЕГ-ын архивтай автоматаар холбогдон шүүгдэж хэдхэн секундын дотор гарч ирнэ. Хэрэв регистерийн дугаар болон овог нэр нь алдаатай бол сэтгэгдэл бичих эрхгүй. Асуудал ийм зохиолын дагуу явж байгаа учраас “төрийн нууц”-ыг зайлшгүй “задруулах” хэрэгтэй болно. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 2012 оны 12-р сарын 26-ны өдөр “Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан нь сайтуудын сэтгэгдэлтэй холбоотой байж.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Төрийн нууцын тухай хууль”-д хувь хүний мэдээллээр бүрдсэн санг “Маш нууц” гэсэн зэрэглэлтэй. Уг нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1-р зүйлийн 17-д “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-г Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хүрээнд  “Маш нууц” зэрэглэлээр байнга нууцлах хугацаатайгаар төрийн нууцад хамааруулсан байдаг.  Гэтэл засгийн газар улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсэнтэй холбогдохоос бусад мэдээллийг төрийн нууцад зайлшгүй хамааруулах шаардлагагүй гэж үзэж байгаа нь хэний эрх ашгийн төлөөх ажиллагаа болж буй уншигч та ч гэсэн бодоод үзээрэй.

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1.17-д төрийн нууцад хамааруулсан “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан” гэдэгт  Монгол Улсын иргэдийн бүртгэл, хувийн мэдээлэлд хамаарах тэдний ургийн овог, овог, нэр, оршин суугаа хаяг, нас, хүйс, гэрлэлт, нийгмийн байдал, өмч хөрөнгө, боловсрол, ашиг орлого, төлсөн татвар, шимтгэл, эрүүл мэндийн байдал зэрэг мэдээллийг агуулсан байдаг. Тэгэхээр зөвхөн сайтын сэтгэгдэл л хянахын тулд хувь хүний нууц, аюулгүй байдал гэдэг зүйл огт байхгүй болж, хэн дуртай нь хүссэн хүнийхээ мэдээллийг авч, дуртай зүйлдээ ашиглах боломж бүрдэж байгаа юм.

Иргэдийн регистерийн дугаар тухайн хүний хамгийн баталгаат мэдээлэл болж өгдөг. Үүн дээр тулгуурласан санхүүгийн болон итгэмжлэлийн маш том үйл ажиллагаа явагддаг. Түүнчлэн иргэдийн ашиг сонирхол, амь нас, эрүүл мэнд, хувийн амьдралд, цаашилбал хууль бусаар олж авч боловсруулах, ашиглах замаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй нэгэн хаалга эрх баригчдийн эрх ашгийн үүднээс нээгдлээ.

Засгийн газар “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-гийн зарим мэдээллийг нийтэд ил болгох гээд буй учраа “Цаг үеийн шаардлагыг харгалзан зарим бичиг баримтыг төрийн нууц жагсаалтаас гаргах шаардлага тулгарч байна” хэмээн тайлбарлаж байгаа. Гэтэл цаг үеийн асуудал нь Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хяналтын механизм байж шүү.

Хамгийн чанд хатуу диктатуртай гэгддэг Хятад улсад ч ийм хяналт байдаггүй. Уг нь сайтуудын сэтгэгдлийг хянах ганцхан гарц нь энэ биш. Өөр олон боломж бий. Иргэдийг регистерийн дугаар, овог нэр, утасны дугаараар нь бүртгэж байж сэтгэгдэл бичүүлэх нь хувь хүний, бүр цаашилбал үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө.

Ерөөс сэтгэгдлийг эзэнтэй болгох нь зөв ч энэ үгийн цаана хэсэг бүлэг хүмүүсийн, улстөрийн хүчний эрх ашиг явагдаж байна гэхэд хилсдэхгүй болж байна. Өнөөдөр Монгол улс нь ардчилсан улс гэж байгаа боловч ардчиллын салхийг буруу тийш нь чиглүүлж болохгүй. Энэ маягаараа бол Ардчилсан нам Ардчилсан коммунист нам ч болж магадгүй нь.


А.Одон

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top