Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хөндөж, өдгөө Иргэний бүртгэл мэдээллийн санг улсын нууцаас гаргахаар хэлэлцүүлж байна. Хууль санаачлагчдын хэлж байгаагаар иргэний бүртгэлийн санг улсын нууцын жагсаалтаас хассанаар Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв иргэдэд шуурхай үйлчлэх боломжтой болж байгаа гэх. Үүнээс гадна бас бус ашигтай зүйл их байгаа учраас хасахаас өөр аргагүй болож байгаа юм байх.
Мэдээж хууль санаачлагч өөрийн хийж буй үйлдлээ хамгаална. Харин үүнийг үнэхээр хөндөх ётой, зайлшгүй тулгамдсан асуудал мөн үү, биш үү гэдгийг 2 сая 800 мянган иргэнээ төрд төлөөлсөн гишүүд нягтлах ёстой. Үүнээс гадна иргэдийн бүртгэлийг нууцын зэрэглэлээс хасах асуудлыг УИХ-ын эрхэм гишүүн Ч.Сайханбилэгийн санал санаачлагаар биш нийт ард түмний санал асуулгын дүнд хасах эсэхийг шийдэх нь шударга баймаар. Иргэний бүртгэлийн асуудал бол яалт ч үгүй нууц асуудал мөн үү гэвэл мөн. Хэн дуртай нэгэн нь хүссэн хүнийхээ бүртгэл мэдээллийг үзэж муугаар ярихад гэмт хэрэгт ашиглаж болзошгүй. Нэг үгээр хэлбэл гэмт хэргийн суурь болох үндэслэлийг тавьж өгч байгаа юм биш байгаа даа гэх айдас хүн бүрийн дотор бий байх.
Ер нь зүгээр сууж байгаад гэмт хэргийн золиос болохыг хэн ч хүсэхгүй. Тиймээс иргэний аюулгүй байдал, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг хүчин зүйл нь болж байсан иргэний бүртгэлийн асуудлыг зүгээр байснаар нь орхивол яасан юм бэ. Гэмт хэргийн золиос болох “аюулаас” өөрийгөө хамгаалахын тулд бид нууц баймаар байна шүү дээ.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал улсын нууцын жагсаалтаас хасах зарим заалтад Иргэний бүртгэлийн сангаас гадна 10 гаруй сан байгаа. Үүнийг бүгдийг нь нууцын зэрэглэлээс хасах уу, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхдээ холбогдох байгууллагаас нь санал авсан эсэхийг тодруулж байсан. Энэ нь зөв. Гэтэл хууль санаачлагч Ч.Сайханбилэг “ҮАБЗ болон Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ бусад холбогдох байгууллагаас тодорхой санал дүгнэлтийг авсан. Мөн хэлэлцэх явцад тодорхой асуултаар асуулга тавьж, тайлбар авсан байгаа. Ер нь бол дэлхий нийтээр технологийн хөгжлөө дагаад бид энэ шинэчлэлийг хийх ёстой байгаа юм” гэсэн тайлбарыг өгсөн. Иргэний бүртгэлийг нууцын зэрэглэлээс хасах нь технологийн хөгжил хийгээд шинэчлэл мөн үү. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр Шинэчлэлийн, шинэчлэлийн гэхэд арай л хэтрүүлэн шинэчилж байгаа бус уу энэ Засгийн газар.Улсын нууцын цоожийг тайлж, иргэдийнхээ амар тайван байдлыг "хөндөх" нь хэний эрх ашгийн төлөөх үйлдвэл вэ гэдгийг иргэд дор бүрнээ тунгааж буй.
Иргэний бүртгэлийг нууцаас хассанаар чухам ямар шинэчлэл бидэнд ирэх вэ. Арай гэмт хэргийн “шинэчлэл” болох юм биш байгаа даа айдас төрж байна. Бас улаан цагаандаа гарсан луйвар явагдах вий гэсэн болгоомжлол байна. Энэ нь сонгуулийн луйврыг хэлээд байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар бид хангалттай сургамж авсан. Иргэний бүртгэлийн мэдээллийг дүүргүүд рүү нь шилжүүлж улмаар цахим машинд “засвар” хийж санал луйвардсан гэх асуудал дэврээд л намжсан. Асуудлыг хөөсрөхөөс нь өмнө шийдсэн гэх “шум” бий. Олны яриа ортой гэдэг. Иргэний бүртгэлийн улсын нууцаас хасахаар улайрч байгаа нь мөдгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ажил гэх "бор шувуу" бий. Ямартай ч УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон эл асуудалд эрх ашгийн үүднээс бус иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс ултай хандмаар байна гэдгийг эрхэм түшээдэд сануулах нь зөв байх. Бид нууц баймаар байна шүү дээ.
Н.Энэр
Сэтгэгдэл ( 0 )