УИХ-ын гишүүн Г.Уянга: Монгол төрийн хүн олсон мэдээллээ гадныханд зараад баяждаг байж болохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

 

 УИХ-ын гишүүн Г.Уянга  гишүүн болсноосс хойш анх удаа бие даан хуулийн төсөл санаачилсан байна.  Түүний санаачилсан хуулийн төсөл нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай байсан юм.  Түүний энэхүү хуулийн төсөл өчигдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр олонхын дэмжлэг авч чадалгүй “унасан.” Тиймээс хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодрууллаа.

 

-  Таны санаачилсан хуулийн төслийн гол агуулга нь төрийн дархлаа байсан. Энэ талаар яриааа эхлэх үү?

-Төр өөрөө дархлаатай , хамгаалалттай байж гадаадын аюул заналаас сэргийлж чаддаг. Төрийн дархлаа юугаар илэрдэг вэ гэхээр хамгийн түрүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дамжиж илэрдэг. Тэгэхээр энэ нь хэн нэгэн хүнийг хайрлаж хамгаалах дархлаа биш. Төрийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, төрийн тогтвортой байдлыг хамгаалах дархлаа гэдэг талаас нь бодвол гарцаагүй Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг  хамгаалдаг. Аль ч улс орон хувь хүнээ хамгаална гэхээсээ илүүтэй төрөө хамгаалдаг. Дархлаа өөрөө хоёр янзаар илэрнэ. Нэгдүгээрт,  тэдгээр хүмүүсийн цалин хамгамж хувийн хамгаалалттай холбоотой асуудал. Хоёрдугаарт, энэ хүмүүсийг захын өөгөөр гэмт хэрэгтэн болгоод, түүгээр дамжуулаад гадны бодлого орж ирдэггүй байх дархлаа бол хамгийн чухал дархлаа. Ялангуяа манайх шиг цөөхөн хүн амтай үндэстний хувьд энэ дархлаа байхгүйгээр бид бусдад идэгдэх, бусдын бодлого Монголд орж ирэхэд их хөнгөхөн автана.
Өнгөрсөн 22 жилийг харахад хуулийн төслүүд дандаа гадаадын төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлсэн байдаг. Өнөөдөр Монголд баталсан хуулиудын 60-70 хувь нь гадны төсөл хөтөлбөр, санхүүжилтээр баталсан хуулиуд байх жишээтэй. Мөн дээрээс нь төр өөрөө бодлогоо барьж чадахгүй, эмх замбараагүй байвал гадныхан л орж ирдэг. Ямар ч аюулгүй байдал дархлааны асуудал өнөөдөр монголын ард түмэнд байхгүй байна. Хилээр эмх замбараагүй хүнс, эм бэлдмэл  орж ирж байна. Дээрээс нь энэ олон оюун санааны түрэлтүүдийг бид хазаарлаж, зогсоож чадахгүй байгаа. Жишээлбэл, гадны кинонууд. Тэгэхээр энэ дархлааны хүрээнд энэ хүмүүсийн дархлааг бий болгох нь хамгийн эхний алхам.

-Хуулийн төсөлд Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн  гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд түүнийг ялаас чөлөөлнө гэж тусгасан байсан. Энэ нь шууд утгаараа Н.Энхбаяртай холбон ойлгохоор харагдаж байна л даа?

-Нэг хүнтэй шууд холбон ойлгож энэ том бодлогыг хуулийн төслийг юу ч биш болгочих вий гэж би их болгоомжилж байгаа. Миний хувьд Н.Энхбаяр гэдэг хүнийг  жирийн иргэнтэй адилхан байх ёстой гэж ерөөсөө үздэггүй. Энэ бол монгол Төрийн тэргүүн байсан, Үндэсний аюулгүй байдлын бүх албан тушаалд ажиллаж байсан. Энэ хүнд жирийн иргэнд байхгүй нууц мэдээлэл бодлогууд байгаа. Энэ бол түүнийг суллуулахын төлөө хийж байгаа зүйл биш юм. Би сэтгүүлч байхдаа ч энэ талаар бичиж байсан. Үүнийг би УИХ-ын гишүүн болсноор санаа зовж байсан зүйлээ хууль болгох цаг үе маань ирсэн байх гэж байна.

-Дээрх заалттай холбоотойгоор олон улсын хуульт тогтоомжид хэрхэн тусгасан байдаг  юм бол?

-ОХУ-д үүргээ гүйцэтгэж дууссан Ерөнхийлөгчид зориулж хууль гаргасан байдаг. Тэр хуульд  тухайн Ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэж байхдаа захиргааны болон эрүүгийн гэмт хэрэг хийсэн бол энэ хариуцлагаас чөлөөлнө гэж байдаг. Мэдээж эх орноосоо урвасан, үндэсний аюулгүй байдлын гээд онц хүнд гэмт хэрэг бол мэдээж дээрх зүйл заалтад хамаарагдахгүй. Төрийн тэргүүн гэдэг үүднээсээ төр рүү шууд халдахгүй байх зүйлүүдийг хийж өгөх ёстой юм байгаа юм. Энэ утгаар орсон заалт түүнээс биш үүнийг хүмүүүст зориулаад, хүмүүсийг хамгаалъя гэсэн юм байхгүй.

- Нэг талаасаа  хувь хүний эрхийг хязгаарлаад байгаа юм биш үү?

-Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн гишүүн байна гэдэг нь өөрөө хувь хүн байх ямар нэг эрх нь хязгаарлагдмал байх ёстой. Хэрвээ би ямар ч эрхээ хязгаарлуулмааргүй байна. Би эрх чөлөөтэй шувуу шиг жиргэж явна гэх юм бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудал тэр хүн өөрөө наана нь очихгүй байх ёстой. Нэгэнт очсоны дараа хуульдаа захирагдаад тодорхой эрхээ хязгаарлуулна гэсэн үг. Ер нь төрд очиж байгаа хүн бүр ямар нэг эрхээ хязгаарлуулдаг шүү дээ. Тийм учраас хувь хүний эрх рүү халдаж байгаа ч асуудал биш. Төрийн хүн болж, төрд үйлчилдэг, төрийн нууцыг мэдэж, төрийн нэрийн өмнөөс алдаж онож туршлага хуримтлуулсан бол тэр бүхэн Монгол төрийн хүн олсон мэдээллээ гадныханд зараад баяждаг байж болохгүй.

- Манай Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс таны мэдэж байгаагаар ямар ажил эрхэлдэг юм бол?

-П.Очирбат Ерөнхийлөгч бол “Тэнгэрийн Цаг” гээд Уул уурхайн компанитай. Нүүрс зөөдөг. Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди бол Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд орсон, үүнийхээ төлөө цалин авдаг. Гуравдахь нь ял эдэлж байгаа. Ерөнхийлөгч одоогийн хуулиар насаараа цалингаа авна, хамгаалалт эдэлнэ. Төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс эргээд өөрийн ажиллаж, цалинжиж буй субьектийн лоббид оролцогч, төрийн бодлого, мэдээллийг ашиглуулагч болон хувирч болзошгүй байна. Үүнийг зөвхөн ёс суртахуунд нь найдаж орхиж болохгүй. Тиймээс энэ хуулийн төслийг боловсруулах шаардлага тулгарсан.

- Цаг гарган тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top