Пакистаны Ерөнхий сайд асан Беназир Бхутто “Ардчилал бол өшөөгөө авах хамгийн дөт арга” хэмээсэн бол Их Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчилл “Бусад туршигдаж байсан засаглалуудыг эс тооцвол ардчилал бол хамгийн муу төрлийн засаглал юм. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүү сайныг олж чадаагүй байна” гэж өгүүлсэн байдаг. Ерөөс ардчиллын “но”-г ил тодоор хүлээн зөвшөөрсөн “дэлхийн” эрхмүүдийн үгсийг энд жагсаавал ихээхэн урт үргэлжилнэ. Харин 200 жилийн настай ардчиллыг хорин гурван жилийн өмнө монголын хөрсөн дээр буулгахад хүчин зүтгэсэн манай цэвэр ариухан “ардчилагчид”-ын тухайд угаас сул талтай ардчиллыг өөрсдөө гишгэчин талхилж, үгүй хийж байгаагаа хүлээн зөвшөөрөх сөхөөгүй увайгүй аашилж байгаа нь эмгэнэлтэй байна.
Монголын ардчилал эрийн цээнд хүрлээ хэмээн цээжээ дэлддэг эрхмүүд түмний сонголтоор төрийн эрхэнд хэдүүлээ гарсан биш дэндүү эрт зөнөг залгаснаа батлан, Үндсэн хуульд заасанчлан Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд бус улстөрийн нам хүчний мэдэлд байгааг тунхагласан шийдвэрийг гаргасан нь “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгох тухай тогтоолыг үзэглэсэн явдал юм. Албан ёсны төлөв түвшин байрын нэртэй энэхүү тогтоол нь эцсийн дүндээ ардчиллын зүрх рүү мэс дүрж байгаагаас ялгаа юу байна вэ?
Учир нь ардчиллын үндсэн гол тулгуур зарчимууд гэдэгт чөлөөт сонгууль явуулахын тулд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах зэрэг хэдэн гол асуудал л байдаг шүү дээ. Түүнчлэн нийтлэлч Д.Жаргалсайхан эрхмийн өгүүлсэнчлэн “Ардчиллын ноён нуруу бол иргэний эрх чөлөөт байдал (civil liberty). Ардчилсан төр засгийн аливаа шийдвэр эцсийн эцэст иргэний эрх чөлөөт байдал, түүний салшгүй хэсэг болох иргэний эрх (civic right) болон эрх чөлөөг (freedom) бэхжүүлсэн байх учиртай” билээ. Гэтэл ардчилсан тэрдундаа бүр шинэчлэлийн хэмээх тодотголтой энэ засгийн үед иргэний эрх чөлөөт байдлыг төрийн эрх чөлөөт байдал нь гишгэчиж байгаа нь халаглаж харж суухаас илүүтэй хариуцлага асууж хазаарлах ёстой явдал юм.
Мэдээж эхэнд өгүүлсэнчлэн ардчилал төгс төгөлдөр засаглал бус. Тэрдундаа улс төрийн нам хэмээх үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлээс дэндүү ихийг хүлээх нь бас өрөөсгөл л дөө. Манай тухайд ардчиллын хэлбэрүүд дундаас Төлөөллийн ардчиллаар замнаж яваа. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-т “...Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэсэн байгааг шууд бус төлөөллийн гэсэн утгаар нь бид ойлгох нь зохистой юм. Төлөөллийн ардчилал гэдэг нь Иргэд сонгогчид төрийн эрхийг биелүүлэхэд үүрэг бүхий албан тушаалтанд итгэл хүлээлгэж, сонгож түүгээрээ дамжуулан засаглалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр юм. Тэгэхээр бид өнөөдрийн тухайд ийм л хэлбэрийг дагаж буй учраас үүнийг даган гарч ирэх үр ашиг болоод эрсдлийн аль альныг нь үзэж л таарна.
Гэхдээ арай ч ардчиллын зүрх рүү мэс дүрэхийг нь зүгээр хараад сууж болохгүй. Ардчилалд итгэдэг Монгол Улсын иргэн бүрт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх бий. Энэ эрхийг Үндсэн хуулийн 16.1.16. дугаар заалтаар баталгаажуулсан байдаг юм. Тэрчлэн монгол хүн бүхэнд ардчиллаар олдсон эрхээ эдэлж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх жинхэнэ индэр нь болсон цахим мэдээллийн хэрэгслүүдэд төрийн хяналтыг тогтоож, түмэн олны амыг барихаар шулуудсан шийдвэрийг гаргасан Засгийн газар нь Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлүүдийг цэгцлэх, зохистой хэрэглээг бий болгохын төлөө ийм зүйл хийсэн гээд байж байх юм. Цахим ертөнцийн хүчээр нэгэн хэмнэлээр урагшилж байгаа дэлхийн улс орнуудын жишгийг харж байхад манай хэдэн ардчилагч улстөрчид шиг иргэдийнхээ үзэл бодол, байр сууриас айсандаа сэтгэгдлийг шууд хааж, хязгаарлахаар шийдвэрлэж байсан явдал үгүй аж. Харин ч сэтгэгдлээр дамжуулан хэн нэгнийг гүтгэн, доромжлох оролдлогыг төр нь техник, технологийн дэвшлээр шийдэж, зохицуулж ирсэн байхад манай эрх мэдэлтнүүд ийм боломжийг ор нэрийн төдий байдлаар ашиглан, харагдах байдал дээрээ оролдсон дүр эсгэчихээд, цаанаа бол сэтгэгдэл гэдэг юмаар дамжуулан вэбсайтуудын системд программ суулгах замаар цахим хэрэгслүүдийг хянах алсыг харсан бодлого барьж байсан нь тодорхой болж байна.
Тэгээд энэхүү даварсан бодлогоо Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан ажил хэрэг болгохоор шийдвэрлэлээ. Тиймээс дахиад хэлье. Ардчиллын үндсэн гол тулгуур зарчимууд гэдэгт чөлөөт сонгууль явуулахын тулд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах зэрэг хэдэн гол асуудал л байдаг шүү дээ!
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )