Бодоод байсан чинь Монголчууд хаана амьдардгаа ч мэдэхээ байчихсан юм байна. Эрх биш Монголд л гэж хэлнэ байх. Тэгээд цаашаа бол Зүүн Хойт Ази, Төв Ази хоёрын алинд нь ч байгаагаа мэдэхгүй балайнууд. Энэ Баабар л Зүүн Хойт Ази энэ тэр гэж толгой эргүүлээд тэр байхгүй юу…
Физик газар зүй гэж нэг “лут юм” байх. Уг нь дунд сургуульд бүгдээрээ үзсэн санаатай, бас бүгдээрээ хоолтойгоо холиод идчихсэн. Тэгээд юу гэж ?! Энийгээ мэдэхгүй бол Монгол хүн хэзээ ч эдийн засаг гэж ойлгохгүй, цаашид ч зах зээл гэж мянга орилоод нэмэргүй…
Монгол орны уур амьсгал хатуу ширүүн, жилийн дундаж температур 0 градус. Гэтэл хамгийн хүйтэн гэгддэг Оросын жилийн дундаж температур хасах 5.5 градус.
Жилийн дундаж температур бол юу ч биш. Цаг агаарын хатуу ширүүн гэсэн ойлголт байдаг ба энэ нь зун өвлийн болон өдөр шөнийн температурын зөрүү юм.
Дэлхийн цаг агаарын бүсүүд их хачирхалтай тогтсон бөгөөд далайн эргээсээ тивийн гүн рүү илүү хүйтэн болдог аж. Бидний экваторын шугамаас алслах тутам хүйтэн болдог гэсэн ойлголт огт буруу юм.
Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, Монгол бол энэ дэлхийн хамгийн хүйтэн орон мөн.
Энэ тэгээд юу нь сонин байгаа юм гэх гэж байна уу ?! Чухам эндээс чинь л тун олон “сонин” юм гардаг юм. Сүүлийн үед Монголыг дэлхийн бүс нутгуудтай олон талаар жишиж харьцуулах болов. Энэ ч болох л зүйл, бас хэрэгтэй эд. Гэхдээ ганцхан суурь зүйлийг л харьцуулж болохгүй. Энэ бол газар зүйн нөхцөл болон хүчин зүйлс юм. Үүнийг манайхан бараг мартчихаж.
Европ
Азийн улсуудаас өөрсдийгөө хамгийн их европ гэж боддог хүмүүс манайхан байх. Иймээс эхлээд Европыг авч үзье:
“Баруун болон Төв Европыг Атлант-Европын цаг агаарын муж бүрдүүлдэг, энд голлох үүргийг атлантын далайн болон европын эх газрын (халуун, гэхдээ чийггүй) агаар гүйцэтгэдэг. Үүний хамт Баруун Европт Атлантикийн нөлөө хүчтэй бөгөөд энд эх газрын агаарын томоохон голомт байхгүй. Өөрөөр хэлбэл энд удаан хугацааны хүйтрэл буюу дулаарал байхгүй. Атлантын агаар орж ирэх давтамж хийгээд түүний хүч нь их хүчтэй бөгөөд өвөлдөө Хойт хэсгээс бусад Европын изотермийг өргөргийн дагуу биш, харин уртрагийн дагуу чиглүүлэн явуулж чаддаг. Энд ган болох нь ховор. Баруун Европын жилийн дундаж тундас 500-1000 мм байдаг. Өвөл ойртох тутам далайн агаар бүлээн болдог” гэжээ.
“Изотермүүд уртрагийн чиглэлд явдаг” гэсэн нь юу вэ ?
Энэ нь өвлийн цаг агаарын хатуу ширүүн шинж Норвегийн хүн амьдардаг хэсэг, Швецийн өмнөд, Дани, Нидерланд, Бельги, Баруун Германи (Бавариас бусад), Дорнод болон Төв Франц, Хойт Итали, Хорват, Албани, хойт Грек, Туркийн далайн бүсүүд, Крымийн өмнөд эрэг, Кавказын эрэг зэрэгт адилхан гэсэн үг юм !
Англи, Баруун Франц, Испани, Португали, Өмнөд Итали болон Грек бол бүр ч дулаан, ойролцоогоор бараг адилхан. Нэгдүгээр сард тэнд нэмэх 5, нэмэх 10 градус байдаг.
Амьдралд таатай газар нутгийг илэрхийлсэн “үр ашигтай талбай” гэсэн ойлголт байдаг. Өнгөрсөн зуунд францын газар зүйч Жан Элизе Реклю “Газар ба хүмүүс. Түгээмэл газар зүй” хэмээх бүтээлдээ: “далайн түвшнөөс доош 2000 километрт байдаг, жилийн дундаж температур нь хасах 2 градусаас багагүй газар нутгийг “үр ашигтай талбай” гэж нэрлэсэн байдаг. Үүнийг хүн төрөлхтний бүхий л туршлага нотолсон бөгөөд зөвхөн үр ашигтай газар нутаг дээр л хүний харьцангуй хэвийн үйл ажиллагаа боломжтой.
Манай албан мэдээгээр Монголд “газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Мөн усжуулалттай газар 840 км² байдаг. Гэхдээ манай үр ашигтай талбай дэлхий дээр хамгийн хүйтэн нь юм.
Манайд хээр байгаа буюу гудамжинд байгаа хүн бол мөсөн далайд унасан хүнээс нэг их дээрдээд байх юм байхгүй. Бид л дассан болоод амьдран буй орчноо анзаардаггүй юм. Тийм учраас манайд ажиллаж буй дипломатууд болон мэргэжилтнүүд цаг агаарын хатуу ширүүн нөхцлийн нэмэгдэл авч байдаг.
Америкийн Аляска бол манай дэргэд амралтын газар л байхгүй юу. Харин манайтай ихээхэн төстэй “нэгэн том газар” байгаа нь Оросын Сибирь, Алс Дорнодын баруун хэсэг юм. Яагаад гэвэл энэ бүс нутаг мөнх цэвдгээрээ ч, ер нь бол цаг агаар, газар зүйн бүх шинжээрээ манайтай ихээхэн төстэй. Европчууд Оросыг хүйтэн гэж айдаг, Оросын өвөл дэлхийд алдартай. Гэтэл Оросууд болохоор Сибирийг хүйтэн гэж айдаг юм.
Тэхээр манайх бол “бүх хүн аймаар газар” болох нь ямар ч эргэлзээгүй.
Канад
Сүүлийн үед манай “онолчид” Канадыг Монголтой адилтгах явдал ихсэв. Адилхан хүйтэн гэнэ ээ.
Канад бол хүмүүс нь Атлантын далайн зүүн эрэг, Их Нууруудын бүс болон баруун талдаа Номхон далайн баруун эрэг гэсэн хоёр салангид нутагт амьдардаг юм. Энэ нь Канадын бүх нутагтай харьцуулахад өмнөд хэсэгтээ шахагдсан өчүүхэн толбо юм. 30-аад оны үед энэ хоёр бүсийн харилцааг АНУ-ын нутгаар дамжуулан хийдэг байсан.
Газар зүйн номноос иш татъя:
“Хойт Америкийн цаг агаарыг тодорхойлох гэвэл юуны өмнө Канадыг ойлгох ёстой. Учир нь Евроазийн эх газраас хамаагүй бага Хойт Америк тив эх газрын эрс тэс уур амьсгал байхгүй…Жилийн турш үргэлжлэх хүчтэй, байнгын циклоны үйл ажиллагаа эх газрын уур амьсгалыг сулруулдаг. Энд нам болон өндөр температурын хаалттай, түгжигдмэл муж байхгүй. Энэ нь Дорнод Европоос ялгагдах ихээхэн ялгаа болж байдаг. Канадын өвөл хатуу ширүүн, дээд тал нь хасах 45 градус хүрч ч болно, гэхдээ хүйтэн нь тогтворгүй. Дунджаар бол өвлийнх нь температур Дорнод Сибирийн хамгийн хатуу ширүүн бүс нутгийнхаас 15-20 градусаар дулаан байдаг. Улмаар газрын хөрс нь Сибирь болон Дорнод Европын зарим бүсийнх шиг хөлддөггүй. Цасан тундас маш их байдгийг онцлон дурдах нь чухал.”
Улаанбаатарын жилийн дундаж температур – 1,3, байхад Москвад + 3,8, Ванкуверт + 9,8, Монреалд +6,7 градус байдаг. Ямар юмных нь Монголтой адилхан байгаа юм. Харин Москва нь арай дөхүү байна.
Жилийн дундаж температурын нэг градус гэдэг бол хүмүүсийн ажил амьдрал, эдийн засаг, нийгэмд маш их нөлөөтэй.
Гэхдээ Канадад хүйтэн хотууд бий л дээ, гэхдээ манайхыг гүйцнэ гэж байхгүй. жишээлбэл, Эдмонтон +2,7 градус, Виннипег +2,5 градус байдаг. Эд чинь манай дэргэд “жаргалын” орон байхгүй юу.
Канадын өөр нэг давуу тал нь нэмэх температуртай өдрийн тоо олон байдаг, “азтай хогнууд”. Ийм болоод л янз бүрийн шар буурцаг, эрдэнэ шиш мэтийг тарьж болоод байдаг юм. Улаан буудай гэхэд л га-аас 20 гаруй центнер авч болдог. Манайд 7-8-ыг л авдаг.
Скандинав
Өөр хэсэг “онолчид” манайхыг Скандинавын орнуудтай адилтган жиших болов. Бас л их хүйтэн юм гэнэ.
“Скандинавийн хагас арал болон Финлянд нь Атлант-Арктикийн цаг агаарын онцгой мужийг бүрдүүлдэг. Өвөл нь энд Атлантаас ирэх байнгын циклоноороо ялгагддаг. Хүйтэн өвөл ч гэсэн Атлантын хүчтэй нөлөөгөөр эрс дулаан бий болдог. Энд хаврын “хүйтэн буцах” буюу гэнэтийн хүйтрэл байдаггүй, ийм учраас газар тариалангийн ажил маш эрт эхэлдэг. Зундаа Хойт Европт нам даралтын бүс үүсдэг учраас энд ган болдоггүй, хавар зуны бүрхэг өдөр ихтэй ч (тухайлбал Финлянд) энэ нь ургамлын ургацад саад болдоггүй, гэрэлтэй өдөр уртсанаар нөхөгдөж байдаг. Энэ үзэгдэл бүх Хойт Европт түгээмэл юм.”
Швец Финляндаас дулаан, өмнөд Финляндын (хүн амьдардаг) цаг агаар бол ойролцоогоор Эстонитой төстэй. Ухаандаа Өвлийн Олимпиадын өмнө уулын Лиллехаммер-д (Норвеги) гурван жил дараалан цас ороогүй дулаан болж байсан. Бергенд (Норвегийн өмнөдөөс холгүй) температур +7.8 градус, бараг Мюнхен шиг байдаг.
Норвегийн хүн ам суурьшсан нутгуудын цонхны хүрээ дан байдаг, учир нь хөлдөөгүй далайн эрэг дагуу байрладаг. Нам газрын Норвеги дал мод ургадаг Англи, Дорнод Франц, Хойт Италитай нэг бүсэд оршдог. Ингээд Скандинав манайхтай адилхан байна уу ?!
Халуун хүйтнээс гадна температурын ихсэж багасах нь ихээхэн ач холбогдолтой. Хэрэв тэмдэглэгдсэн хамгийн дээд болон доод температурын зөрүү Европын эрэг орчмын бүсүүдэд 40 градус байдаг бол Баруун Европт (Одер болон Дунайгаас цааш) 50 градус хүртэл, харин Финлянд, Балти орчим, Польш, Словак, Хамтын нөхөрлөлийн Европын орнуудад 60 градус байдаг. Гэтэл Орост бол Урал хүртэл 70 гаруй, Сибирьт 80-90 градус байдаг.
Гэтэл манай Монголд энэ үзүүлэлт 99,3 градус буюу ойролцоогоор 100 градус болдог дэлхийн дээд үзүүлэлт тогтоодог. Энэ нь Монгол Антарктидийн эргийн эрдэм шинжилгээний станцуудынхаас илүү халуун хүйтний хэлбэлзэлтэй гэсэн хэрэг юм.
Дээрээс нь манайх Сибирийн мөнх цэвдэгийн бүсэд амьдардаг. Их өргөн бүс л дээ. Багцаагаар манай бүх нутгийг хамарч зөвхөн говийн өмнөд хэсэг л үүнд ордоггүй. Манай цасан бүрхүүлтэй өдрийн тоо Монгол Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсаар 150-аас дээш байдаг.
Энэ бүх газар зүйн нөхцөл байдал эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх үү ?! Мэдээж нөлөөлнө. Хамгийн их нөлөөлнө. Гэтэл үгүй юм шиг байна…
Сүүлийн үеийн зарим эрх баригчид хаа амьдарч байгаагаа мартчихсан байна. Юм л бол гадаадын туршлага судлана гэж солиордог болж. Тийм туршлага байхгүй…
Ийм болоод л манайд байшин барих гэж “сохор номин” ч атаархмаар 4-6 метр гүнзгий суурь цутгаж, инженерийн шугам сүлжээ тавьдаг юм. Манай энийг дулаан орны гадаадынхан “ардын зугаа цэнгэл” гэж боддог байх. Жил болгон тэнэг юм шиг нэг газраа дахин дахин ухаад байхаар чинь тэгж бодож таарна биз дээ…
Европт бол “тохой хэртэй” ухаад л инженерийн шугамаа тавьчихдаг юм билээ. Тэдний авилгачид ёстой “азгүй хогнууд” шиг байгаа юм. Тэр “муусайнуудын” дэргэд манайхан жил бүр 4 метр гүн ухаж авилга авч байгаа юм чинь. Харин энэн дээрээ бол залхуурна энэ тэр гэж ёстой байхгүй, “авилгын” газраа ухаж байгааг нь харахад хятадууд ч атаархмаар…
Бас юугаа ч мэдэхгүй байж энд тэндэхийн стандарт ярьж солиорно. Ухаандаа Хятадад байр их хямд байна, манайд ёстой “хэрэг алга” гэнэ. Хятад чинь жилд хоёр ургац авдаг дулаан орон. Байр нь үлээлгээр халдаг, хана нь “хальс шиг” нимгэн. Америк байшин ч бас адил. Цохиулсан хүн хана цөмөлж унаад байгаа кино анх үзээд би шоолдог байсан юм. Тэгсэн чинь үнэн юм билээ л дээ. Тэнд дулаан болоод хана нь хариугүй нимгэн аж. Тэгээд л хямд байгаа юм. Манайд “америк” буюу “хятад” байшин барьж болох л байх. Тэгвэл ашиглалтын зардал, халаалтын зардлаа дийлэхгүй л юм болно доо гэх мэт эхлээд толгой ажиллах юм олон бий л дээ…
Зам болохгүй байна л гэнэ. Хаанахын ямар стандарт юм ?! Манайд Оросын Сибирийн стандартаас өөр стандарт таарахгүй, яагаад гэвэл энэ дэлхий дээр манайд таарах өөр стандарт байхгүй. Эсвэл инженерийн сайн тооцоо хийсэн бол Япончууд дөнгөж магадгүй. Төмөр хага хөлддөг өвөлтэйгээ мэдэх хэрэгтэй ш дээ…
Ийм байхад дэлхийн хамгийн хямд мөртлөө хамгийн сайхан барилгад амьдарна, дэлхийд хамгийн сайхан мөртлөө хямд зам барина, дэлхийд хамгийн чанартай атлаа хамгийн хямд гурил иднэ, дэлхийд бүх юмаараа өрсөлдөнө гэж солиорох бол нэг ёсны өвчин юм.
Өвлийн температураас хамаарч ажлын байрны ая тухын үнэлгээ хийсэн эмпирик судалгаа байдаг, хасах температуртай нөхцөлд хасах градус нэмэгдэх бүр энэ нь арваад хувь өсдөг. Жилийн дундаж температур хасах 2 градусаас доош үед нэг градус бүрт үнэлгээ хоёр дахин нэмэгддэг гэсэн баталгаа ч байдаг.
Бодит байдал ийм байтал манайхан чадахгүй байж нэг их сүрхий өрсөлдөнө энэ тэр гэж хөөрнө. Яаж өрсөлдөх юм ?! Жишээ авъя. Кола хийлээ гэж бодъё. Халуун орны ажилчин саравчин дор улавч, шоорт, футболк өмсөөд сникерс юмуу аяга цагаан будаа, кимчи идээд кокагаа үйлдвэрлэнэ.
Монгол ажилчин 8 сарын турш халаадаг байранд барууны үнэтэй хувцас өмсөж, тарган махтай 1, 2 дугаар хоол идэж колагаа хийнэ. Өртөг нь 3-4 дахин өндөр.
Энд монгол хүн ховдог болоод мах их идээд байгаа юм биш. Цаанаасаа цаг агаар нь тэгж шаарддаг юм. Дашрамд дурдахад сэрүүн орны хүн алдсан дулааны энергээ нөхөхийн тулд халуун орны хүнээс илүү их хоол иддэгийг шинжлэх ухаан тогтоосон байдаг.
Энэхүү түгээмэл бөгөөд байнга үйлчлэх “халаалт” хэмээх хүчин зүйл л манай эдийн засагт хамгийн их гамшиг болдог юм. Орон байрнаас эхлээд үйлдвэрийн газар, төрийн яам газар хүртэлх хүн ордог бүх “оромжийг” жилийн 8 сарын турш мод, нүүрс түлж халаадаг. Энэ нь үйлдвэрлэлийн буюу ашиглалтын зардлын ихэнхийг эзэлдэг.
Ингээд л Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар лөөлөө болдог юм.
Манайх их зовлонтой, хэрэв зун нь дулаан бол чийг байхгүй, хэрэв бороо ихтэй бол дулаан байхгүй. Манай нийлбэр хур тунадасны 85% орчим нь 4 дүгээр сараас 9 дүгээр сард ордог ч их хуурай, үүний 50-60% нь 7 дугаар сараас 8 дугаар сард ордог. Мөн Монгол орны шороон шуургатай өдрийн тоо 30-100 байдаг.
Хятад жилд 2 удаа ургац авна, Оросын Эрхүү хавь манайтай ойролцоо ч ургац алдвал “цаанаасаа” гурилаа авчихдаг юм. Харин манайх бүх дэлхийн трактор комбайн хольчихсон парктай, үрээрээ архи пиво хийчихсэн, газар бордоно, уринш, цэвдэгш гэдгийг ор тас мартсан, газраа гадаадынханд зарчихсан шигээ суучихаад өрсөлдөнө энэ тэр гэж ярих хэрэггүй л байхгүй юу. Цаанаасаа өртөг зардал нь болохгүй л дээ…
Тэгвэл зөвхөн Монголд байдаг, бусдад байдаггүй буюу ховор бүтээгдэхүүн, технологи гэж байна л даа. Жишээлбэл, чацарганаар хийсэн “Шар доктор” байна, ноолууран бүтээгдэхүүн байна, “Салимон” мэтийн оюуны багтаамжтай эм байна. Бас оюуны багтаамжтай ирээдүй бүхий асар бүхий олон салбар байна. Цаашаа бодоод байвал үй олон “юм” байна…
Зүгээр л хуурай сүү савалчихаад гадна нь монголоор биччихээр “үндэсний үйлдвэрлэл” болчихож байгаа юм биш шүү дээ…
Одоогийн манай эдийн засагчдийг хүй нэгдэлд ч тоож ажиллуулахгүй байх. Бүх юмыг улс төрөөр тайлбарлаж болохгүй ш дээ. Тэгээд ч манай улс төрчид шиг тэнэг маанаг улс гэж энэ ертөнцөд байхгүй…
Ер нь ийм төртэй байвал Монголчууд хэзээ ч эдийн засаг сурахгүй, хэзээ ч зах зээлд орж чадахгүй нь дэндүү ойлгомжтой.
Хэрэв толгойгоо сайн ажиллуулаад онцлогоо сайн харгалзвал Манай Монгол шиг давуу талтай орон гэж энэ дэлхийд байхгүй. Яагаад гэвэл Та бидний эх орон шиг сайхан орон гэж байхгүй…
Ямар ч гэсэн хөөрч давхихаасаа өмнө эхлээд хаана амьдарч байгаагаа нэг бодчих хэрэгтэй л дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг Эх сурвалж: www.ganaa.mn
2013 оны 1 дүгээр сарын 21.
Сэтгэгдэл ( 1 )
Суурь агуулгатай нийтлэл байна