Байгалийн түүхийн музейн талаарх 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Байгалийн дурсгал гэдэг нь сав шим ертөнцийн элдэв үзэгдлийн нөлөөгөөр үүсч бий болсон бөгөөд эрдэм шинжилгээний хувьд гойд сонирхол татам хосгүй ховор зүйлс байдаг билээ. Энэхүү байгалийн дурсгалт зүйлсийг үзмэр хэлбэрээр хадгалж олонд таниулж байдаг музей бол Байгалийн түүийн музей юм. Тус музей нь байгалийн түүх, түүний үзэгдлүүдийн хөдөлгөөн, хөгжлийг үзэгчдэд онолын судалгаагаар болон биет байдлаар танилцуулдаг сургалт, сурталчилгааны чиглэлтэй музей юм.

  1. Байгалийн түүхийн музей нь 1924 онд “Үндэсний музей” гэдэг нэртэйгээр 200 орчим үзмэртэй байгуулагдаж улс орныхоо байгалийн олдвор дээжийг тавьж үзмэрүүдийн үндсэн хэсгийг бүрдүүлснээр суурь нь тавигдаж байсан.
  2. Үүний дараагаар 1930 онд одоогийн барилгад нүүн ирж, 1956-91 онд “Улсын төв музей” 1992 оноос “Байгалийн түүхийн музей” болсон түүхтэй.
  3. Байгалийн түүхийн музейд газар зүй, геологи ашигт малтмал, ургамал амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой үзвэрүүд тавигдсан байдаг.
  4. Үүдэнд байрлах хоёр том арслан нь Богдын шар ордны шөргөөгөн хашааны үүдэнд байсан бөгөөд 1954 онд газарзүйн эрдэмтэн О.Намнандоржийн санаачилгаар Улсын төв музей байхад нь авчирч байрлуулжээ.
  5. Байгалийн түүхийн музейн барилгын ашиглалтын хугацаа 2013 онд дуусах хэдий ч өнөө маргаашгүй нурж унахад бэлэн болчихоод байна. Хүчтэйхэн явбал шал нь цөмөрч байгаа энэ барилгад Монголын түүх дурсгалын үнэт үзмэрүүд байрлаж байгаа билээ.
  6. Өдгөө байгалийн музейд музейд нийт 10 мянгаад үзмэр хадгалагдан монголчуудын болон жуулчилж ирсэн гадаадын иргэдийн нүдийг хужирладаг.
  7. Байгалийн түүхийн музей 2700м2 талбай бүхий үзмэрийн 10 танхимтай.
  8. Жилд 50.000 гаруй үзэгчдэд үйлчилдэг монгол улсын томоохон музейнүүдийн нэг байсан бол харин одоо хаалгаа бариад байна.
  9. 2007-2011 онд мэргэжлийн хяналтын байцаагч нар гурван удаа шалгаад, “Барилга байгууламжид тавих шаардлага хангахгүй байна. Газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй тул үйл ажиллагааг нь яаралтай зогсоох хэрэгтэй” гэсэн дүгнэлт гаргасан.

10.  Эхнийхэд нь барилгын байцаагч, сүүлчийн хоёрт нь бүх чиглэлийн байцаагч нарын баг ирж шалгасан юм. Тэд “Энэ музейн “А” блок ослын байдалд тул ашиглаж болохгүй. Барилгыг яаралтай актлан, буулгах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг өгсөн байна.

11.  “А” блок бол олон нийтэд үйлчилдэг хэсэг. Энд 1250 үзмэр бий.

12.  Тэр үед ССАЖЯ байгуулагдсан тул уг дүгнэлтийг сайдад танилцуулж 2013 он гараад МХЕГ-аас дахиад “Дөрөвдүгээр сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь зогсоо” гэсэн албан тоот ирүүлсэн байна.

13.  Үүний дараа ССАЖ-ын сайд тушаал гаргаж, тавдугаар сарын 31-нд үйл ажиллагааг нь зогсоогоод байна.

14.  Байгалийн түүхийн музейд уг нь Батаарыг байрлуулах учиртай ч тус музейн барилга нь элэгдэж муудаад ховор нандин үзмэрүүдээ дэлгэх ямар ч боломжгүй болжээ.

15.  Тус барилгыг олон улсын стандарт, музейн шаардлагад нийцүүлэн шинэчлэн барихаар төлөвлөжээ.

16.  Мөн музейн суурин дээр нь шинэ барилгыг сүндэрлэхээр болжээ.

17.  Музейн бүх үзмэрүүдийг баглаж боогоод фондод байрлуулах юм.

18.  2012 оны арванхоёрдугаар сард ССАЖ-ын сайд багцаасаа музейн үзмэрүүдийн баглаа боодолд зориулж, 200 сая төгрөг гаргаж өгсөн бөгөөд түүгээр зориулалтын төмөр болон модон хайрцаг, хүндрүүлэгчтэй төмөр шүүгээ, баглаа боодлын материал авчээ. Одоо мэргэжилтнүүддээ музейн үзмэрийг хэрхэн баглах, шилжүүлэх талаар сургалт явуулаад дуусаж байгаа өгөөд ажилаа эхлэхэд бэлэн болсон байна.

19.  Харин үзмэрүүдийг баглаж фондод байрлуулахад нэг жил шаардлагатай.

20.  Музейг гурав болон түүнээс дээш баллын хүчтэй газар хөдөлбөл нурах аюултай хэмээн үзэж ийнхүү үзэгчдэд үйлчилхийг нь зогсоосон боловч боож баглаад фондод байрлуулах хүртэл газар хөдлөхгүй байгаасай.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top