Энэ сарын 9-нд “Оюутолгой” ХХК анхны баяжмалаа экспортолж эхэллээ. Ингэхдээ тус компани монголын талын хувь нийлүүлэгчдийн шаардлагаар Баяжмалын борлуулалтын гэрээг танилцуулж, борлуулалтын орлогоо Монголд бүртгэлтэй банкны дансаар дамжуулахаар болсон.
Оюутолгойн баяжуулах үйлдвэр нь өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Зургадугаар сарын 20-ноос энэхүү хүчин чадлаараа ажиллаж эхлээд байна. Ийнхүү тус үйлдвэр нь жилдээ ойролцоогоор 36 сая тонн хүдэр боловсруулж, жилдээ ойролцоогоор 1 сая тонн орчим зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байна. Цаашид баяжуулах хүдрийн хэмжээг нэмэгдүүлж 2018 он гэхэд жилдээ 54 сая тонн хүдэр боловсруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна
Ийнхүү Оюутолгойн баяжмалын экспорт эхэлснээр Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмалыг 80 хувиар, нийт экспортын өсөлтыг 30-40 хувиар, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлж, манай улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломжтой болох юм.
Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход, тус компанийн удирдлагууд зэсийн баяжмалаа хаашаа, ямар үнээр гаргаж байгаа талаарх тодорхой мэдээллээ одоог хүртэл Уул уурхайн яаманд ирүүлээгүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )