2026 оны 11, 12, 2027 оны 1 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сар:
Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Арванхоёрдугаар сар:
Агаарын дундаж температур Баян–Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Өмнөговийн ихэнх, Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Нэгдүгээр сар:
Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ
Өвлийн эхэн буюу 11 дүгээр сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Харин 12 болон 1 дүгээр саруудад агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас 12 дугаар сард говь болон зүүн аймгуудын нутгаар, 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тул зуны хугацаанд хуурайшилт ихтэй байсан болон бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц хангалтгүй бүс нутгуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулж байна.
Түүнчлэн температурын гэнэтийн дулааралт болон хүйтрэл нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )