Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
46 минутын өмнө

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 2026 оны аравдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс орон даяар эхэлж байна.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг, эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын чухал зорилтын нэг юм.

Энэ хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 301 дүгээр тогтоолоор хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар үзлэг зохион байгуулах удирдамжийг баталж, эрүүл мэнд, боловсролын салбар хамтран хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн урьдчилан сэрийлэх үзлэгт цэцэрлэгийн дунд бүлгийн гурван настай, ерөнхий боловсролын сургуулийн зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт тохирсон цогц үзлэг, үнэлгээнд хамруулна. 

Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл, эрүүл мэндийн талаарх урьдчилан бөглөх асуумжийг ашигласнаар эмч үзлэг хийхдээ хүүхдийн эрсдэлийг тодорхойлно.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эхийн оролцоо маш чухал. Тиймээс эцэг, эхчүүд асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт хамруулахад идэвхтэй оролцож, үзлэгийн дараа эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Эрүүл мэнд болон Боловсролын яамнаас уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top