Үүнийг мэд. Үүнтэй тэмц

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 27

2010 оны тавдугаар сард хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн Чуулга уулзалтаар, жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Тус өдрийг манай улс 2011 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил “Энэ бол гепатит. Үүнийг мэд, Үүнтэй тэмц” гэсэн уриан дор зохион байгуулж байна. Вируст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өвчний хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, В вируст гепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий дахины вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүрийн анхаарлыг хандуулахыг зорьж байна. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТөв өнөөдөр мэдээлэв.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, "Вируст гепатитын талаарх хүмүүсийн ойлголт, мэдээллийг сайжруулах, баяжуулах, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй бүхий л үйл ажиллагааг ЭМЯ дэмжиж байгаа. Манай улс 1991 оноос шинээр төрсөн хүүхэд бүрийг B вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулж, хамралтыг 99,5 хувь хүргэснээр нярайн өвчлөл буурч чадсан. Хэдийгээр ийм амжилтанд хүрсэн ч сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар 8000 гаруй хүн вируст гепатитээр өвчилж байгаа нь нийт халдварт өвчний 21-29 хувийг эзэлж байгаа. Иймээс 2011-2015 онд хэргэжүүлэх Вируст гепатиттэй тэмцэх үндэсний стратегийг салбарын яамнаас боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. 2012 оноос А вируст гепатитын эсрэг вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолд нэг нас хоёр  сартайгаас нь оруулснаар тухайн насны хүүхдийн өвчлөл буурсан" хэмээв. Мөн түүний хэлснээр тандалт судалгаагаар вируст гепатит гарсаар байгаа шалтгаан нь хот, суурин газрын хүн амын хэт их төвлөрөл, хүүхдийн байгууллагуудын нягтрал, ундны ус болон ахуйн зориулалтын усны чанар, хөрс, орчны бохирдол зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг нь тогтоогдсон ажээ.

Иймээс вируст гепатит өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал юм. Гэр бүл, үр хүүхэд, орчин тойрныхоо хүмүүсийг хамгаалахын тулд, халдвар авсан бол өвчний хүндрэл, үр дагаврыг хэрхэн бууруулах талаарх мэдлэгээ нэмэгдүүлж жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй вируст гепатиттэй тэмцэх дэлхий нийтийн  өдрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг  мэргэжилтнүүд уриалж байна.

Дэлхийн нийт газар нутгийг вируст гепатитын тархалтын зэргээр нь өндөр, дунд, бага тархалттай гэж ангилан үздэг. Манай орон өндөр тархалттай орны тоонд багтдаг байна.

Гепатит өвчнөөс сэргийлэхийн тулд иргэн та:

 

    А, В вируст гепатитын халдварын эсрэг вакцин хийлгэх

    Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх

    Ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах

    Цус, цусан бүтээгдэхүүний хяналт шинжилгээг сайжруулах

    Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэг удаагийн эсвэл ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх

    Бэлгийн аюулгүй харьцаа: бэлгэвч хэрэглэх, бэлгийн хавьтагчдын тоог цөөрүүлэх

    Судсаар эм тариа хэрэглэгчдийн аюулгүй хэрэглээний дадлыг сайжруулах

    Шивээс хийлгэх, чих цоолох зэргээр арьс, салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх хэрэгтэй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
car(203.91.117.4) 2013 оны 07 сарын 28

eruul mendiin calbariinhan zebhen deeguuree jridag humuuc baih umemnelguudiin emz nab ni hund curtal medleg mergegil cetgelguin tuil bolcon nehduud baidag heleheer ter caiddaa ozig hel gecen conin himiic baih um

0  |  0
Top