ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр 2024.09.20. Энэ оны 264 дэх өдөр бөгөөд он дуусахад 102 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 37 минутад мандаж, 18 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 9 хэм, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Венесуэл, Перу, Уругвайд Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний өдөр. Тайландад Үндэсний залуучуудын өдөр. Өмнөд Осетод Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Гондурасын Ерөнхийлөгч асан Мануэл Селайя, Америкийн жүжигчин Гэри Коул, Эммигийн хоёр удаагийн шагналт жүжигчин Кристен Жонстон, жүжигчин, Италийн жүжигчин, кино найруулагч, дуучин Азия Арженто, Оросын жүжигчин Карина Андоленко, холимог тулааны тамирчин, UFC-гийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929: БНМАУ-ын 14 дүгээр Бага хурал хуралджээ.

1944: Ард нийтийн цэргийн алба хаах үүргийн тухай хууль батлагдав.

1960: Монгол, Хятадын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатар хотноо “БНМАУ-д тусламжаар барилга барих БНХАУ-ын барилгын ажилчдын тухай хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1990 оны энэ өдөр Өмнөд Осет Гүржээс тусгаар улс болжээ.

1992 оны энэ өдөр бүх нийтийн санал асуулгаар Францын иргэдийн дийлэнх нь улсаа Европын Холбоонд оруулахыг дэмжив.

1993 оны энэ өдөр Азербайжаны парламент ТУХН-д элсэх шийдвэр гаргажээ.

2021 оны энэ өдөр Пермийн их сургууль дээр буутай этгээд халдлага үйлдэж, зургаан хүний аминд хүрч, 47 хүнийг шархдуулсан юм.

Билгийн тооллын 18. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top