Баян байх нь буруу зүйл биш ч, баялаг нийгмийн олонхид хүртээмжгүй, нэг л тал руу төвлөрөөд байдаг нь эрүүл бус эдийн засгийн шинж гэдгийг эхлээд хэлье. Тиймээс ч Америкийн хүн амын нэгхэн хувь нь үндэсний баялагтаа эзэн сууж, бусад 99 хувь нь баялгийн тэгш бус хуваарилалтын золиос болж буйг эсэргүүцсэн “Уолл стритийг эзэл” хөдөлгөөн өрнөсөн байдаг. Өдгөө энэ хөдөлгөөн тэмцлийн хэлбэрээ өөрчилсөн ч, агуулга нь хэвээрээ байгаа юм. Баялгийн тэгш бус хуваарилалтын тухай асуудал дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээрээ л байна. Түүнчлэн манай тухайд ч энэ асуудал ихээхэн хамаатай. Эдийн засгийн төрөлжилтийг нутагшуулаагүй, зөвхөн уул уурхайгаас хамаарсан хэврэг маягийн эдийн засгийн бүтэц ноёрхож байгаа энэ үед иргэдэд тусах үр ашгийн асуудал хол байна гэгдэж байгаа. Хэдийгээр манай улстөрчид тэгш боломжийг иргэдэд олгох гэдгээр халхавч хийн ярьдаг ч, тэрхүү боломж нь тэгш хуваарилалтыг даган наашлах учиртай болов уу. Тиймээс Алан Данны яг энэ асуудлын араас мөшгөж бичин, Форбес сэтгүүлд нийтлүүлсэн “Америкийн дүндаж иргэнийг “Нэг хувь”-тай харьцуулах нь” нийтлэлийг хүргэж байна.
Ямартай ч, “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөн Америкчуудыг баялгийн хуваарилалтын тухай ярьдаг болгосон. Өмнө нь ихэнх хүмүүс баялгийн хуваарилалт, баячуудын давхрагын тухай ерөнхий л ойлголттой. Ангиудын орлогын ялгааны талаар тодорхой мэдлэггүй байсан байна. Одоо бол хүмүүсийн олонхи нь хүн амын “Нэг хувь” гэгч баян давхрагын тухай тодорхой төсөөлөлтэй болсон. Гэхдээ нийгэмд байгаа тэгш бус орлогын хуваарилалтын тухай хангалттай ойлголтгүй хэвээр байна. Тэгэхээр баялгийн тэгш бус хуваарилалт гэдэг нь шив шинэ, тэгээд зөвхөн АНУ-д байгаа асуудал биш. Хүний иргэншлийн эхний өдрүүдээс л ийм байдал бий болсон. Түүхийн туршид цөөн язгууртнууд ямагт илүү эрх мэдэлтэй байж ирсэн. Харин орчин үед баян, ядуугийн ялгаагаар нь авч үзвэл АНУ хөгжингүй орнууд дотроо “тэргүүлж” явна.
Америкчуудын баялгийн хуваарилалт
“Нэг хувь” гэж чухам хэнийг хэлээд байна вэ? Орлогоороо тэргүүлж байгаа хүн амын 1 хувийн жилийн орлого нь 717,000 ам.доллар. Харин бусад хүн амын жилийн орлого дунджаар 51,000 ам.доллар л байна. Гэхдээ жинхэнэ давхрагуудын ялгаа нь орлогодоо биш баялгийн хуримтлалдаа байна. 1 хувьд багтаж байгаа иргэний баялаг нь 8.4 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа. Энэ нь дундаж түвшний иргэний баялгаас 70 дахин их хэмжээ юм.
Тэгвэл 1 хувийг голчлон компанийн захирлууд, эмч, хуульч, улс төрчид бүрдүүлж байна. Эдний дотор бас 1 хувь болох, нийт хүн амын 0.1 хувь гэх бүр их баян цөөнх бий. Эдгээр хүмүүсийн жилийн орлого нь 27 сая доллар буюу дундаж иргэний орлогоос 540 дахин өндөр юм. Хүн амын дээд давхрага болох 1 хувь нь нийгмийн баялгийн 43 хувийг эзэмшдэг бол, дараагийн давхрагыг бүрдүүлж буй 4 хувь нь нийгмийн баялгийн 29 хувийг эзэмшдэг аж.
Түүхийн туршид цөөнх нь санхүүгийн дийлэнхийг хянадаг тогтолцоотой байсан ч Америкчуудын хувьд нийгмийн ийм гүнзгий ялгаа 1929 оны Их Хямралын өмнөх үед л байсан. Одоо энэ ялгаа улам л нэмэгдсээр байна.
Сайн хөдөлмөрлөхийн үлгэр
Америкчууд амжилтанд хүрэх тэгш боломжид итгэдэг. Ихэнх хүмүүс үнэхээр сайн хөдөлмөрлөвөл амжилтанд хүрнэ гэж боддог. Гэтэл 1979 оноос хойш Америкчуудын хөдөлмөрийн бүтээмж 80 хувиар өссөн боловч бодит орлого нь бараг нэмэгдсэнгүй.
Америкийн аль ч компанийн жирийн ажилтнуудын орлого менежер, захирлуудынхаасаа хавьгүй бага байдаг. Компанийн захирлын орлогыг тооцохдоо цалинг нь оруулахгүй зөвхөн бонусыг нь тооцоход ажилтнаасаа 62 дахин илүү орлого олдог байна. Энэ нь компанийн захирлын бонусаар 62 ажилтнаа цалинжуулж болно гэсэн үг. Өдгөө бонус урамшуулал нь санхүүгийн хямралын өмнөх үеэс 30 хувиар өссөн байна.
Энгийн америкчууд ба баян “Нэг хувь”-ийн ялгаа
Орлогын хэмжээ харилцан адилгүй хүмүүс мөнгөө зарцуулахдаа мэдээж ялгаатай байдаг. Хүнс, эрүүл мэнд зэрэг зарим зардлууд өөр өөр орлогын түвшний хүмүүсийн хувьд нэг их ялгагдахгүй ч, чухал гэх зардлууд нь чинээлэг болохын хирээр өөрчлөгддөг байна.
Жишээ нь, Америкчууд орлогынхоо 1/3-ийг байр байшиндаа зарцуулдаг. Зардлын хоёр дахь том зүйл анги нь тээвэр. Баячуудын орлогын 17 хувь бизнесийн болон амралтын замын зардалд явдаг байна. Бага орлоготой иргэд орлогынхоо 17 хувийг хүнсэндээ зарцуулдаг бол баячууд хүүхдүүдийнхээ боловсролд, хувийн сургуулиудад орлогынхоо багагүй хувийг зарцуулдаг байна. Баян 1 хувийн дийлэнх нь хувийн дээд сургууль төгссөн байх ба хүүхдүүддээ ч мөн дээд боловсрол эзэмшүүлэхийг эрхэмлэх нь тодорхой юм. Баян 1 хувь нь хүүхдүүдийнхээ дээд сургуулийн зардлыг нь төлөх чадвартай байхад орлого багатай дундаж иргэдийн хүүхдүүд онцсайн сурч санхүүгийн тэтгэлэг, зээл тусламжинд найдахгүй бол болохгүй. Хэдийгээр орлого багатай айлын хүүхэд Харвардад сурч болох ч баян айлын хүүхэдтэй харьцуулахад түүнд энэ сургуульд орох боломж нь орлого, холбоо сүлбээнийх нь хувьд ч хавьгүй хэцүү гэдэг нь ойлгомжтой.
Нэг тогооны онол
“Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнийхний эсрэг гол шүүмж нь баян 1 хувь нь хязгааргүй баялгийг өөрсдөө бүтээж байгаа. Тэд бусад давхрагын орлогоос тасалж аваад байгаа юм биш гэж тайлбарладаг. Гэвч бодит амьдрал дээр тийм биш байна. Нийгэмд шинээр баялаг бүтээгддэг хэдий ч, баян давхрага руу чиглэсэн мөнгөний урсгал ихэнхдээ нийгмийн бусад давхрагаас гаралтай. Баян давхрагаас ядуу давхрага руу чиглэсэн мөнгөний урсгал бараг байдаггүй билээ.
2007-2009 онд Уолл Стритийн ашиг 720 хувь өссөн байхад ажилгүйдэл 2 дахин өсч орон сууцны үнэлгээ 35 хувиар буурсан байна. 1979 оноос хойш хүн амын бага орлоготой 90 хувийн бодит орлого тогтмол буурсан байхад баян давхрагын бодит орлого өсч ирсэн байна. Хэрвээ дундаж иргэний орлого эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн өсч байсан бол түүний жилийн дундаж орлого 92 мянган доллар байх ёстой байлаа.
Бодит амьдрал дээр баян давхрага доод давхрагуудаас мөнгийг нь авч байдаг нь үнэн юм. Консерватив үзэлтнүүдийн яриад байдаг “Баялгийн дээрээсээ доошоо урсгал” гэдэг нь амьдрал дээр батлагддаггүй. Ихэнх баячууд эдийн засгийг хөхиүлэн дэмжих хэмжээнд мөнгөө зарцуулдаггүй. Тэд мөнгө хадгалдаг. Эсвэл хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь бусад давхрагуудыг баяжуулдаггүй.
Орлого багатай хүнд гэнэтийн орлого орж ирвэл тэр бараг бүгдийг нь зарцуулж таардаг. Дунд болон доод давхрагын ажилтнуудад цалин, үйлчилгээний төлбөр хэлбэрээр очих зардлуудад тэд голчлон мөнгөө зарцуулдаг. Дээд давхрагынхан хэдийгээр ажлын байр бий болгодог байж болох ч, тэд мөнгөө зүгээр хадгалсан ч болдог.
Баян давхрага нь хүн амын дийлэнхийг тэжээх үүрэггүй тул Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх үүднээс татварын хөнгөлөлт гэх мэт хөшүүргүүд хэрэглэдэг.
Америкийн зардлыг үнэндээ хэн даадаг вэ?
Баячууд бусдыг бодвол өндөр татвар төлдөг аж. Хүн амын орлогын дээд 1 хувь нь орлогынхоо 35 хувийг татварт төлдөг байна. Гэхдээ энэ 1 хувь дотор хамгийн бага татвар төлдөг хүмүүс ч бий.
Хүн амын 99 хувь болон 1 хувийн хооронд их ялгаа байгаа ч 1 хувь дотроо орлогын бүр ч их ялгаа байгаа юм. 1 хувийн доод хэсэгт нь жилдээ 300 мянга орчим долларын орлого олдог эмч, хуульч гэх мэт мэргэжилтнүүд байна. Харин 1 хувийн дээд хэсэгт нь жилдээ 5.2-7.5 сая долларын орлого олдог хүмүүс байдаг бол цөөнхөд нь жилдээ 1 тэрбумд дөхөх орлого олдог ч хүмүүс байх юм. Энэхүү хүн амын 1/1000 нь дунджаар орлогынхоо 23 хувийг татварт төлдөг байна. Тэгвэл хамгийн өндөр орлоготой 400 иргэн дунджаар 18 хувийн л татвар төлсөн байна.
Баян давхрага нь өндөр хувийн татвар төлж байгаа юм шиг боловч доод давхрагын иргэдээс бүрдүүлж байгаа 15 хувийн татвар нь Төрийн нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлдэг аж.
Дээд давхрага ба Засгийн газар
АНУ-ын Конгрессийн 57 гишүүн санхүүгийн элит давхрагын төлөөлөгчид гэдэг нь нууц биш юм. Конгрессийн 250 гишүүн нь саятан бөгөөд гишүүний баялгийн дунд үзүүлэлт нь 891 мянган доллар буюу энгийн иргэнийхээс 9 дахин өндөр юм.
Иймд улс төрчдөөс дээд давхрагын баялгийг бууруулах хууль тогтоохыг хүсэх нь тэдгээрийн сонирхолтой зөрчилдөж байгаа хэрэг. Тэгээд ч өндөр орлоготой давхрагын татварыг бууруулсан хууль байнга гардаг. Үүнд ч гайхах зүйлгүй. Тэрчлэн эсрэг хууль бараг гардаггүй. Өндөр орлоготой хүмүүс мэдээж олсон орлогоо хадгалж үлдэхийг бодож байгаа. Тэдгээр хүмүүсийн тоонд мэдээж эрх баригчид өөрсдөө ордог.
Улс төрчид баячуудаар дэмжүүлдэг гэдгийг бид мартах ёсгүй. Сонгогдохын тулд тэдэнд мөнгө хэрэгтэй. Тэрийг нь том корпорациуд гаргадаг. Улстөрчид болон Корпорациудын хоорондох холбоог үгүйсгэх аргагүй. Тэрхүү холбоо нь улстөрчийн үзлээс нь хамааралгүйгээр байнга байж байдаг. Зүүний эсвэл Барууны үзэлтэн, нэр хүндтэй эсвэл шинэ улстөрч хэн ч бай том корпорацийн баян эзэдтэй л холбоотой байдаг.
АНУ татварын прогрессив тогтолцоотой ч татварын дийлэнх хэсгийг дундаж давхрага бүрдүүлж байхад, мөн засаг баячуудтай байнгын холбоотой байхад нийгмийн тэгш бус байдал өргөжин тэлж байгаад гайхах зүйл байна уу?
Сэтгэгдэл ( 0 )