Доктор, профессор Д.Эрдэнэбаатар: Домгийн амьтны нэг эвэр нь тэнгэр язгууртай, цорын ганц хүн гэсэн утгыг илэрхийлдэг
Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, археологич Д.Эрдэнэбаатараар ахлуулсан эрдэмтэн, судлаач, багш оюутнууд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын талаас Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр илрүүлэн малтлага судалгаа хийсэн. Тэгвэл өчигдөр Хүннүгийн төрт улс байгуулагдсны 2222 жилийн ойн баярын хүрээнд хийгдсэн “Хүннүгийн өв соёл” баримтат кино болон “Гол мод-2”-ийн археологийн малтлага, судалгааны гэрэл зургийн үзэсгэлэн, МУИС-ийн Улаанбаатарын Их Сургуулийн археологийн музейг сонирхох боломж нэгэн зэрэг тохиож Хүннүгийн үеийн гайхамшигт түүхэн баримттай танилцсан юм. Энд Ромын үеийн шилэн аяга, Хан улсын үеийн сүйх тэрэг, сүйх тэрэгний алт мөнгөн чимэглэл гээд ховор олдворууд олджээ. Эдгээр гайхамшигт олдворуудын талаар Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, археологич Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Түүхийн хосгүй үнэт эдгээр дурсгал нь асар том чулуун байгууламжинд байсан гэсэн. Хэр том байгууламж байв?
-МУИС-ийн Улаанбаатар сургууль дээр нээж олон түмэнд үзүүлж байгаа энэ музей бол 2000-2011 оны хооронд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт илрүүлэн олсон Хүннүгийн хаад язгууртаны булш бүхий газрын судалгааны үр дүн юм. Энд Хүннүгийн хаад язгууртны 200 гаруй булш байгаагийн зөвхөн нэгийг нь сонгож малтаж дууссан. Энэ булш нь уртаашаа 86 метр, өргөн нь 46 метр, өндөр нь 2.4 метр бүхий асар том чулуун байгууламж бүхий дурсгал байсан. Энэ дурсгалын онцлог нь бол хааны булшийг дагалдуулан 30 гаруй булш хийсэн. Энэ дагуул булш нь тухайн үеийн Хүннүгийн хаанд албат харъяат иргэдийг нь дагалдуулсан болох нь тодорхой байгаа юм.
-Толгой дээрээ нэг эвэртэй учир битүүлэг амьтны дүрс бүхий алт мөнгөн чимэглэлүүд олны анхаарлыг их татаж байна. Энэ ямар учиртай амьтан болох мөн юуг билэгдсэн юм бол. Учрыг тайлсан уу?
-Энэ булшнаас сүйх тэрэгний гоёл чимэглэл болох алт мөнгө, хүрэл эдлэлүүд илрүүлж олсон. Сүйх тэрэгнүүдийг чимэглэсэн чимэглэл нь Төв Азийн амьтны загварт урлаг. Алт мөнгөн чимэглэл дээр нэг эвэртэй домгийн амьтдыг сонгодог хэв загвараар дүрсэлсэнээрээ маш онцлогтой. Энд нэг эвэртэй, бар толгойтой, хангарьд биетэй домгийн амьтан байхаас гадна амьдрал дээр бодитой байдаг ямаа, гөрөөс, бар зэрэг амьтдыг хүртэл нэг эвэртэй хийсэн байдаг. Нэг эвэр нь тухайн амьтныг сүр хүчтэй болгож үзүүлэхийн хажуугаар үүнийг эзэмшиж байгаа хүн нь тэнгэр язгууртай, цорын ганц хүн гэсэн санааг илэрхийлж байгаа өвөрмөц дурсгалын зүйл юм.

-Тэгэхээр ямарч байсан дээрх булшны “эзэн” нь цорын ганц байх албан тушаалтан байж таарах нь...?
-Он цаг тогтоох шинжилгээний дээжийг ОХУ, АНУ, Солонгос зэрэг гурван улсад явуулсан байгаа. Шинжилгээний хариу ирсэн тохиолдолд хэн гэдэг хааны, ямар хүний бунхан болохыг тодорхойлох бололцоотой болох юм.
-Урьд өмнө нь ийм олдвор олдож байсан болов уу?
-Урьд өмнө монгол нутгаас илэрч олдож байгаагүй археологийн хосгүй үнэт дурсгалууд шүү дээ.
-Мэдээж түүхийн гэрч, үнэт өв болсон олдворууд бүгд л үнэ цэнэтэй байж таарна. Гэхдээ эдгээр олдворуудаас гарч ирсэн алт, мөнгөн эдлэлүүдийн үнэлгээг тогтоосон уу?
-Түүхийн дурсгалын үнэлгээний асуудал бол их төвөгтэй. Энд байгаа дурсгалууд нь бүгд хосгүй үнэт дурсгал. Засгийн газрын тогтоолоор хосгүй үнэт дурсгал гэдгийг нь тогтоогоод бүртгээд авчихсан. Мэдээж үнэлэх юм бол тодорхой тоон утга гарах ёстой боловч яг одоогийн байдлаар манай улсад “Энэ нь тэдэн төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний өв соёл байна” гэсэн тодорхой зүйл байхгүй.
-Дээрээ домгийн амьтныг дүрсэлсэн алт мөнгөн эдлэлийг жинлэж үзэв үү. Нэг чимэглэл нь хэдэн грамм татах бол?
-Одоогийн байдлаар тийм нарийвчилсан судалгаа хийгдээгүй. Яагаад хийгээгүй байна вэ гэхээр бохирдлыг нь арилгах, цэвэрлэх ажлууд байгаа. Түүний дараа цэвэр жингээрээ тэдэн кг гэдэг ч юм уу, тэдэн грамм жинтэй алтан эдлэл эсвэл мөнгөн эдлэл гэдгийг нь гаргах боломжтой. Энэ бол судалгааны дараагийн ажил.
-Эдгээр үнэт олдворууд нь газрын хөрсөнд хэдэн жил булаастай байсан бол. Зарим нь их зэвэрчээ. Зарим нь гайгүй юм?
-Олдворууд нь ойролцоогоор 2200 гаруй жилийн турш газрын хөрсөнд байжээ. Гэхдээ тухайн үеийн газрын хөрсний чийг, хуурайшил нь дурсгалын хадгалалтанд их нөлөөлдөг. Төмөр болон алт, мөнгө, хүрэл эдлэлүүд нь газрын хөрсөнд маш муу хадгалагддаг. Тийм ч учраас та бүхний одоо харж байгаа дурсгал бол бохирдсон, зэв идсэн байдалтай байгаа. Үүнийг манай соёлын өвийг сэргээн засварлах газар засаж янзлан хуучин хэвэнд нь оруулахаар хичээж байгаа.

-Газрын хөрсөнд олон жил дараастай байсан зүйл өмхөрсөн, зэвэрсэн, хэврэгшсэн нь мэдээж. Эмзэг ч гэж болохоор олдворуудыг хаана хадгалж байна. Манай улсад түүхийн олдворуудыг хадгалах асуудал нэлээд хүндрэлтэй байх?
-Ер нь Монгол улсад түүх соёлын хосгүй үнэт эдлэлүүдийг хадгалах асуудал хаа сайгүй хэцүү байгаа. Улсын Төв музей ч, орон нутгийн музей ч, манай сургуулийнх ч тэр. Гэхдээ аль болох түүхийн дурсгалын бүрэн бүтэн байдлыг үндсэн хэвийг нь алдагуулахгүй байх үүднээс өөрсдийн бололцооны хэрээр хадгалж байна. Энэ бол яалт ч үгүй анхаарах асуудал.
-Музейд том жижиг 2 араг ясны зураг байсан. Булшны “эзэн” мөн болов уу?
-Эртний хүмүүсийг ганц нэгээр нь, хосоор нь, зарим тохиолдолд гэр бүлээр нь оршуулдаг оршуулгын зан үйлүүд бий. Мөн хүрэл зэвсгийн үеэс авахуулаад Хүннүгийн бүхий л үеийн дурсгалуудад хүнийг зориудаар дагалдуулж оршуулдаг зан үйл бас бий. Энэ нь өөрийнх нь эзэмшилд байсан хүнийг хамтад нь оршуулдаг эртний уламжлалтай холбоотой. Үүнийг нэлээд хожуу буюу 15-16 дугаар зууны үед болиулсан байдаг. Музейд байгаа хоёр хүний араг ясны тухайд хааныг дагалдуулан оршуулсан албат болов уу.
Ж.Нарангарав anu_naran@yahoo.com