Монголчууд анхдугаар үндсэн хуулиа баталж, тусгаар улсаа нотлон тунхагласан түүхт өдөр өнөөдөр тохиож байна. Өмнө нь үндэсний баяр болгон Тусгаар тогтнолын баярын өдөр хэмээн бүх нийтээрээ амарч, ёслол төгөлдөр тэмдэглэдэг байсан энэ өдрийг 2012 оноос эхлэн “Үндэсний тэмдэглэлт” өдөр болгон “ажиллангаа” тэмдэглэх болоод байгаа билээ.
1924 оны энэ өдөр Улсын анхдугаар хурлаар Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж Бүгд Найрамдах Монгол Ард улсыг тунхагласан юм. Үндсэн хууль боловсруулах комиссын боловсруулсан төслийг Улсын Анхдугаар Их хуралд оролцсон Халх дөрвөн аймаг, дөрвөд хоёр аймаг, их шавь, Алтай ба Хөвсгөлийн урианхайн хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдож ирсэн 77 төлөөлөгч 20 гаруй хоног хэлэлцсэний эцэст Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны Үндсэн хуулийг баталсан түүхтэй.
Ардын хувьсгал ялсны дараахнаас Монгол Улс Үндсэн хуультай болох оролдлогуудыг хийж эхэлсэн нь түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн юм. Тухайлбал, Үндсэн хуулийн анхны төслийг Ардын Засгийн газрын ерөнхий сайд Д.Бодоо боловсруулж байжээ. Түүний дараагаар Ардын Засгийн газар 1922 оны тавдугаар сард Үндсэн хууль боловсруулах комисс байгуулж Шүүх яамны сайд Магсаржав хурцаар ахлуулан ажиллуулсан ч хөрөнгөтөн орны үндсэн хуулийг хуулах гэлээ хэмээн долоон сарын дараа татан буулгажээ. Улмаар 1924 оны есдүгээр сарын 23-нд дахиад Үндсэн хууль боловсруулах комиссыг Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулан байгуулжээ. Тус комисс анхдугаар үндсэн хуулийг боловсруулан батлуулсан бөгөөд тэгэхдээ Зөвлөлт орос улсын Үндсэн хуулийг иш болгосон гэж олон судлаач тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч Зөвлөлтийн Үндсэн хууль зургаан бүлэгтэй байхад манай Үндсэн хууль мөн л зургаан бүлэгтэй, тэгэхдээ бүлгүүдийн нэр нь хүртэл яг ижил байдаг байна.
Гэхдээ л харийн дайсныг эх нутгаасаа хөөн зайлуулж, туурга тусгаар улсаа байгуулснаа хуульчлан баталж, дэлхий дахинаа заран тунхагласан нь Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол байсан юм.
Энэхүү Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад шилжүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заасан бол Анхдугаар Үндсэн хуулийн төгсгөлд “Монгол улсын 14 дүгээр он 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 дүгээр сарын 26-ний өдрийн үдийн хойд цаг 4 цаг 17 минутанд энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав” гэжээ.
Анхдугаар Үндсэн хуулийн бас нэг ач холбогдол нь Монгол Улсын төрийн байгууллыг анх удаа хуульчлан, хоёр шатны парламент байгуулсан явдал байлаа. Анхдугаар Үндсэн хуулийн “Улсын дээд эрхийг барих газрын тухай” гэсэн хоёрдугаар бүлэгт УИХ-ын тухай, Улсын Бага хурлын тухай, Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тухай, Засгийн газрын тухай” хэмээн зааж өгснөөр Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг анх удаа хуульчилсан байдаг.
Монгол Улс хэдийгээр Богд хаант засгийн үед улсын дээд ба доод хурал гэсэн хоёр шатны парламентын хэлбэртэй байсан ч Анхдугаар Үндсэн хуулиар хоёр шатны парламентыг хуулиар баталгаажуулж, эрх мэдлийг нь ялгавартайгаар зааж өгсөн нь манай улсын хууль тогтоох байгууллагын түүхнээ нэгэн содон хуудас болж үлдсэн юм.
Энэ Үндсэн хууль 1940, 1960 оны Үндсэн хуулиар агуулга нь улам баяжсаар 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдах хөрс суурь нь болсон гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахгүй биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )