Удахгүй мал, малчин хоёр Улаан номонд орно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 01

Өмнөговь аймгийн түүх соёлын өв сэдэвт онол практикийн бага хурал зохиогдов. Илтгэлд дурдагдаж байгаагаар Монголын хамгийн урд хязгаараас олдож буй археологийн олдворууд нь энэ нутагт  бүр Х зууны эхээр ч монголчууд амьдарч байсныг илтгэдэг гэнэ. Энэ нь тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлын том баталгаа болдог юм байна. Эндээс юу ойлгогдож  байна вэ гэхээр өвөг дээдэс маань хэзээ ч нутаг усаа эзэнгүйдүүлж орхиж байсангүй.

Монголчууд олуулаа биш. Гэхдээ л цөөдөхгүй, энэ сая зургаан зуун мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийн зах хязгаар нь хүртэл уугуул суугуул иргэдээрээ  дутаж дундарч байсан нь үгүй. Төрж өссөн газар нутагтаа үе залган ажиллаж амьдарч,  тооноо тэнд өргөж, голомтоо тэнд бадрааж байсан цаг үе саяхных.

Буурал дээдсийнхээ буурийг сэлгэн нүүж, нутаг ижий хоёртоо аргамжааны ботго шиг эргэлддэг байсан элгэмсэг сэтгэл  нүүдэлчин монголчуудын хүй цөглөсөн газар шороондоо эзэн байх алсын хараатай бодлогынх нь уг ундрагын нэг байсан байх.

Гэвч цагийн эрх, аж амьдралын хувьсал өөрчлөлтийн салхинд төрж өссөн нутаг усаа гэх сэтгэл зүрх зугуухан бүдгэрч, төв рүү чиглэсэн их нүүдлийн  бурантаг хөдөөнөөс хот руу эргэсэн тэр л янзаараа хорин намрын хонгор өдрүүдээ тосох гэж байна.

Амьдран суух газраа чөлөөтэй сонгох тухай Үндсэн хуулийн заалт ч үүнд бас ташуур өгөв бололтой. Үр дүн нь гэвэл хөдөө нутаг эзгүйрч үлдэж байна. 

Нийслэл хот өдөрт дунджаар 90 орчим шилжин ирэгсдээр бүл нэмж, хөдөө нутагт малчдын тоо жилд 40 гаруй мянгаар цөөрч байна.  Яаж ч бодсон энэ бол тун хатуухан сануулга байх. 

Саяхны нэг тоо баримтаар Монголын хөдөөд 142.5 иянган малчин өрх байгаа бол малын тоо толгой 49 саяас давжээ. Энэ бол Улаанбаатарын гэр хорооллоос цөөн өрх гэсэн үг. Мал өсч малчид цөөрч байгаа нь өнөөгийн хөдөөгийн илэрхийлэл болж байна.  

Хөдөөд идэр залуу малчид нүдний гэм болсон. Ихэнхдээ хөгшин хөвөө, ахмад настнууд нь малаа адгуулж,  бууриа сахьж үлдсэн.

Өнгөрсөн хавар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд очлоо. Нутгийнхан нутаг маань эзгүйрч байна хэмээн гуниглангуй байна билээ. Залуучуудын ихэнх нь аймаг, хот гээд амьдрал хөөгөөд явчихсан. Нутаг усандаа үлдсэн нэг нь малаа орхиж, уул уурхайд ажиллах болсон гэнэ. Яг иймэрхүү үгийг Баянхонгор аймгийн Баянлиг сумынхан бас ярьж байна. Нэгдэл нийгмийн хүлээс алдарч, мал хувьчлагдснаар малаа өсгөх сонирхол нэг хэсэг  нэмэгдсэн, одоо харин малынхаа дэргэдээс эргээд зугатах болсон гэнэ. Мал, малчин хоёр удахгүй “Улаан ном”-д орж мэдэх л байх хэмээн эндэх нутгийн нэгэн буурал санааширч байна билээ.

Төрсөн таван хүүхдээ үе залгамжлуулан малчин болгож нутагтаа тогтоож үлдсэн  М.Цэрэнпил, Н.Даваа нарыг нутгийнхан нь толгой дээрээ тахих нь холгүй магтаж байсан. Хоёр хөгшин төрсөн хэдийгээ хөдөөдөө тогтоож үлдээсэн ч ач зээ нараа хот суурин газар руу “гүйлгэчихсэн”  гэж сууна билээ.  

Баянлигийнхэн  социализмын  үед илгээлтийн эздээр малчдын залгамж халааг бэлддэг байсныг үгүйлж буй янзтай, “Одоо энэ мянган тэмээтэй Ц.Шинэн чинь тэр илгээлтээр гарсан сүүлчийн хүүхдүүдийн нэг шүү дээ. Мал дагалаа гээд нэр хүндтэй сайн сайхан л амьдарч байгаа биз дээ” хэмээн асуух анхааруулахын дундуур хэлж байсан.

Өмнөговийн Гурвантэс сумын малчин Тогтох  гуай “Хөдөө эзгүйрч байна. Харин чоно л олширч байна” гэсэн бол Баянлигийн  малчин өвгөн  Р.Адъяа “Одооны залуучууд малын дэргэд төрж өссөн хэрнээ малаасаа айдаг болчихжээ. Ус нутгийнх нь  агаар салхинаас илүү Улаанбаатарын утаа сайхан байдаг юм байлгүй” хэмээн ёжилсон. Тархин дундуур татаад авах шиг болж байна билээ.

Энэ намрын сүүлчээр нутагтаа хэд хононгоо олон жил багийн даргаар ажилласан Н.Батаа гэх тохь тулхтай нэгэнтэй “буу халж”  будаатай цайг нь дундлалцлаа.

“Манай хөдөөнийхэн уг нь ийм байгаагүй юм. Хэрэв энэ янзаар бол нүүдэлчин амьдралын сүүлчийн хэвшил удахгүй Монгол нутагт маань үгүй болж мэдэх л юм” гэж сууна лээ.

Хөдөөнийхнийг  төв рүү үргээлгэдэг цас зуд гэхчлэн цаг улирлын хүчин зүйл  байдаг л бололтой юм. 2000 оны зуднаар хотоо харлуулсан олон малчин төв суурин газар бараадсан тэр хэвээрээ эргэж ирээгүй хэмээн  нутаг нутгийнхан ярьдаг.

Нэг үеэ бодвол хөдөөд хүн тогтож суурьшаад амьдарвал энүүн шиг сайхан юм алга байна. Мал, мах сүү, эрүүл сайхан байгаль,  зурагтын олон суваг, утас, унаа машин, гэрэл цахилгаан гээд тэнд үгүйлэгдээд байх юм үгүй. Одоо ихэнх  аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдлоо.  Тэглээ гээд төв рүү чиглэсэн их нүүдлийн цуваа татраагүй хэвээр байна.

Гэхдээ энэ бол үйлдвэржилт дагасан нүүдэл бус зүгээр л аж амьдарлын ая тух, ядуурлаас гарах арга зам хайсан тийм л аян.

Орон нутагт эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх, мах сүү, арьс ширийг нь боловсруулах үйлдвэр байгуулахаас эхлээд  нутаг дэвсгэрийн жигд хөгжлийг бий болгох нь хөдөөгийнхнийг нутагт нь уях арга  зам гэдгийг орон нутгийнхан ярьж байна билээ.  Энэ бол тэдний санаа бодол.  

Малчдыг орон нутагт нь аргамжих өөр нэг “чөдөр” бол орон нутгийн баялаг. Энэ баялагт түшиглэсэн боловсруулах аж үйлдвэр байгуулах, баялгаасаа  нутгийнхан түлхүү ашиг орлого хүртдэг байх нь бас л нэг боломж. Түүнчлэн хотод төвлөрөөд буй их дээд сургууль, цэргийн анги зэргийг  орон нутагт  тараан байршуулахаас эхлээд  хөдөөгөө эзэнжүүлэх олон боломж бий.

 П.Ядамдорж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top