“Шилэрсэн” хувь тавилан

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Зөвлөлтийн цэрэг Афганистаныг орхин гарснаас хойш 20 гаруй жил өнгөрч  байна. Энэ дайны гарз хохирлыг ярихаасаа илүүтэй тэнд албан үүргээ гүйцэтгэж байсан Зөвлөлтийн цэргүүдийн тухай эхэлж санах  ёстой. Харь газарт олон цэрэг ясаа тавьж, эх орон, элгэн садандаа амьд мэнд эргэн ирж чадаагүй. Мөн хэрхсэн нь тодорхойгүй олон цэрэг эрийн хувь заяа бүрхэг хэвээрээ үлдсэн юм. Алс тэртээх уулын нутаг Афганистаныг Зөвлөлтийн цэргүүд орхиод 20 гаруй жил өнгөрсөн ч тэнд сураггүй болсон эр цэргүүдээ эрж хайх ажиллагаа одоо ч үргэлжилсэн хэвээр байна.

20 жилийн эрэл хайгуул

Зөвлөлтийн цэргүүд энэ орныг орхин гарч байх тэр үед сураггүй болсон 300 цэргийн албан хаагчийн хувь заяа тодорхойгүй хэвээр байлаа. Амьд үхсэний аль нь болох нь тодорхойгүй тэднийг  сураггүй бологсод хэмээн нэрлэж байв. Хамаатан садан, найз нөхөд, сайн дурынхнаас гадна Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн улсуудын Засгийн газрын дэргэд байгуулагдсан Интернационалист дайчдын хэрэг эрхлэх Зөвлөл  тэдний хувь заяаны талаарх сураг ажгийг байнга  тавьж байсан юм.  Дээрх зөвлөл энэ хугацаанд  дайнаас эргэж ирээгүй тэр хүмүүсийн тухай мэдээлэл баримт бага багаар цуглуулсаар ирсэн юм. Үүний үр дүнд сураггүй болсон 29 цэргийн албан хаагчийг амьд мэнд олж тогтоосноос тэдгээрийн 22 нь эх орондоо эргэж ирээд байна. Харин бусад долоо нь Афганистанд эгнэгт амьдрахаар үлджээ. Мөн таван цэргийн албан хаагчийн цогцсыг олж эх оронд нь авчирч оршуулсан байна. Энэ мэтээр нэг хэсгийнх нь хувь заяа тодорхой болж  эдүгээ эрэн хайж байгаа хүний тоо 263 болж цөөрөв.

101 дүгээр хорооноос “төрсөн” Шейх  

Афганистаны Герат мужид Зөвлөлтийн цэргийн нэг албан хаагч байгаа тухай сургаар  эрлийнхэн холбоо тогтоожээ. Харамсалтай нь тэр эх орон нэгтнүүдтэйгээ уулзахдаа тийм ч дуртай байсангүй. Түүнтэй уулзах гэсэн гурван ч удаагийн оролдлого бүтэлгүйтсэн юм. Александр Лаврентьев тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчдийг  орон нутгийн афган иргэд Шейх Абдулл гэх хүнтэй уулзуулжээ. Гэтэл мөнөөх Шейх Абдулл үнэн хэрэгтээ Самарканд нутгийн унаган иргэн Бахретдин Хакимов болох нь нотлогдсон байна. Тэрбээр Зөвлөлтийн армийн сураггүй болсон дайчдын нэг байв.  

Зургийн тайлбар:  Бахретдин Хакимовын 33 жилийн өмнөх болон эдүгээгийн гэрэл зураг 

1980 онд цэрэг Хакимов Афганистаны Герат мужид байрлаж байсан Зөвлөлтийн мото буудлагын 101 хороонд алба хааж байсан юм. Тэрбээр 1980 оны есдүгээр сард душмануудтай тулалдаанд  орж хүнд шархджээ. Тулааны талбарт шархдаж хаягдсан цэргийг  нутгийн иргэд олж эмчилж эдгээжээ. Хакимов угаасаа исламын Бүгд найрамдах улсаас /Узбекстан/ гаралтай,  нөгөө талаасаа цэл залуухан цэргийг өрөвдөн хайрласан нутгийн омгийн ахлагч түүнийг асрамж хамгаалалтдаа авчээ. Тэрхүү омгийн  ахлагч нутаг усандаа алдартай оточ,  ургамлаар өвчнийг анагаах талаараа нэрд гарсан нэгэн байв. Энэ хүний ачаар эдгэж илааршсан олзны цэрэг ачтантайгаа багш шавь болж, ургамлаар эдгээх увьдаст суралцаж эхэлсэн байна.  Улмаар Хакимов  нутгийн бүсгүйтэй гэрлэж Афганистанд үлдсэн байна. Тэр ургамлаар эмчлэх ухаанд суралцаж, Шейх Абдулл нэрээр олны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн болжээ. Тэр өнгөрсөн он жилүүдэд нутгийн иргэдтэй уусч орос хэлийг үндсэндээ мартсан байв. Түүнд ямар нэгэн бичиг баримт байсангүй, хагас нүүдэлчин хэв маягаар амьдарч байна.  Угаас хүүхэдгүй, эхнэр нь нас барж зүдрүүхэн байгаа гэнэ. Хакимов-Абдулл хэрэв тэд өөрсдөө хүсвэл Узбекистанд байгаа төрөл төрөгсөдтэйгээ уулзаж болох юм хэмээн ярьжээ.

20 жилийн дараа ирсэн захидал

Афганистанд сураггүй болсон нэгэн цэргийн үүх түүхийг адал явдлын романтай адилтгаж болмоор. 1982 онд Галиул Абдуллин ОХУ-ын Челябинск мужаас цэрэгт татагджээ. Хэсэг хугацааны бэлтгэл сургуулилтын дараа тэрбээр Афганистанд хуваарилагдсан байна. Тэнд очсоноосоо хойш бага түрүүч Галиул Абдуллин эцэг эхдээ хоёр ч удаа захидал бичсэнээс хойш нэгэн тулааны үеэр сураггүй болжээ.  Цэрэг эрийн хувь заяаны талаар бүтэн 20 гаруй жилийн турш ямар ч сураг ажиг гарсангүй.  Гэвч 20 жилийн хойно сураггүй болсон залуугийн ахад Голландаас нэгэн захидал ирэв. Энэхүү  захианы эзэн нь мөнөөх сураггүй болсон Галиул Абдуллин биеэрээ мөн байлаа. Гэрэл зургаа илгээхээ ч мартсангүй.  Түүний өнгөрсөн амьдралын түүх ийм зам мөртэй байв.

...1982 оны наймдугаар сарын 6-нд Парван мужид болсон тулааны үеэр тэр олзлогджээ. Дараа нь түүнийг Пакистан руу илгээсэн байна. Тэндээс нь Голланд руу явуулжээ.  Захиандаа тэр амьдрал ахуйгаа дажгүй байгааг дуулгажээ. Харин энэ хүртэлх он жилүүдийг хэрхэн туулсан нь одоогоор нууц хэвээр байна. Заналт дайсан гэгдэх душманууд Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдтэй тийм ч харгис хэрцгий хандаж байсангүй.  Тэднийг хооллож ундалж,  шоронд үлдэх үү, аль эсвэл Барууны аль нэгэн оронд гарч өөрийнхөө хувь заяаг бүтээх үү гэсэн сонголтыг санал болгодог байжээ.  Харин ийм сонголтыг тухайн үеийн ЗХУ-д урвалт гэж үзэх бөгөөд эцэг эх төрөл төрөгсөдтэйгээ уулзах боломжийг үүрд алдана гэсэнтэй адил сонсогддог байв.  Тийм ч болохоороо Абдуллин энэ захиаг 20 жилийн хойно, 1989 онд ЗХУ афганы дайны бүх олзлогдогчид, цэргийн анги байрлалаа орхин явсан цэргүүдийг өршөөх тухайгаа зарласны дараа бичсэн байгаа нь анзаарагдана. Харамсалтай нь Абдуллины эцэг эх нь хүүтэйгээ амьд мэнд уулзаж чадсангүй. Ах нь Голландаас дахин захидал хүлээн авсангүй.  Аргаа барсан ах тус улсын Улаан Загалмайн нийгэмлэгт дүүгийнхээ сургийг гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьжээ. Оросын иргэний хүсэлтээр Голландын Улаан загалмайн нийгэмлэг  Оросын цэргийн албан хаагч байсан Галиулл Абдуллин үнэхээр энэ улсад амьдарч байгааг тогтоосон бөгөөд  эх орондоо буцах хүсэлгүй байгаа, өөрөө хүссэн үедээ төрөл төрөгсөдтэйгээ эргэн холбогдохоо мэдэгдсэнийг уламжилжээ.

Мулла Омарын “Исламжсан орос”

Олзонд байсан Зөвлөлтийн цэргүүд өөрсдийнхөө тухай мэдээллийг дэлгэх дургүй байдаг. Ингэх олон шалтгаан байдаг байх. Олзноос чөлөөлөгдөхийн тулд тэд исламын шашинтан болсон байх нь олонтаа. Ялангуяа славян гаралтай цэргүүдийн хувьд амьд гарах нэг  боломж нь гарал угсаагаа худлаа мэдүүлэх явдал байсан гэдэг. Тэдний хувьд бүх зүйлийг шинээр эхлэх шаардлагатай болдог. Шинэ нөхцөл байдал, шинэ амьдрал хэнийх нь ч хувьд амар хялбар даваа биш байв. Тэр цагаас  хойш энэ газар нутагт 10,20 жил болоход тэд хүссэн хүсээгүй уусан идээшиж, гэр бүлийн амьдрал зохиож, үр хүүхдийн зулай үнэрлэж хүний амьдралын жам ёсны тойргоор бидэрч явна. Ийм болохоор тэдэнд эх орон  элгэн садандаа эргэн очих байтугай энэ тухай дурсан санах нь ч ховор байдаг биз ээ. Тэдний  дунд олзлогдсоны дараа эх орон нэгтнүүдийнхээ эсрэг тулалдаж явсан хүн ч бий. Ийм хар түүх нь эх орондоо эргэн ирэх  зам мөрт нь бул хар чулуу болон тээглэдэг биз ээ. Тухайлж хэлбэл сураггүй болсонд тооцогдож байсан Сергей Красноперов эдүгээ Афганистанд  амьдарч байна. Тэр эдүгээ Нур Мохаммад гэдэг нэртэй болсон. Тэр цэргийн ангийн эд хөрөнгийг зарсан хэрэгт буруутгагдаж  байх үедээ буюу 1984 онд  ангиасаа оргож  душмануудын талд урвасан байдаг.  Сергей Красноперов  Зөвлөлтийн цэргүүдийн эсрэг хүйтэн зэвсэг онилж буудах чадвараа душманууд буюу шинэ “хамт олон”-доо харуулж явсан нэгэн. Түүнийг талибуудын удирдагч Мулла Омар ихэд хүндэлж “Исламжсан орос” хэмээн нэрлэдэг  ажээ.

Дайн бол дайн. Тэр үед цэрэг эрс ямар шийдвэр гаргаснаас үл хамааран сураггүй бологсдыг эрж хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Магадгүй Афганистанд сураггүй болсон тэр бүгдийн хувь заяа хэрхэснийг  бүгдийг  тогтоож тодруулж чадахгүй байж мэдэх юм. Гэхдээ тэдний тухай мэдээлэл ард  хоцорсон ах дүү төрөл төрөгсөд, найз нөхдөд нь хэрэгтэй төдийгүй эх орны түүхийн нэгэн “цагаан толбо”-ыг  багасгах алхам болох учиртай.

Эх сурвалж: http://www.aif.ru/

Бэлтгэсэн: П.Булган

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
12(202.126.89.176) 2015 оны 01 сарын 16

Сонирхолтой л юм. Душманууд энэрэнгүй л хүмүүс байж дээ

0  |  0
Top