Лицензийн наймаа гэх бизнесийн шинэхэн хэлбэр маш хүчтэй хөгжлөө. Харахад нэг муу эрээн цаас хэрнээ хамгийн ашигтай, үнэ цэнэтэй эд юм. Энэ бизнесийг жирийн иргэн Болдоо, Болороо нар хийж чадахгүй. Хийдэг нь тусдаа, тусгай хүмүүс. Тэд эрх мэдэлтэй. Хаана, аль аймаг, сумын нутагт ямар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз авч болохыг сайтар судалчихсан байдаг. Гадаадын худалдан авагчдаа төвөггүй олдог. Ийм бизнесээр дагнасан ченжүүд ч бий.
Манай улс 1993 оноос энэхүү цаас буюу тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн юм. Нийтдээ 62 нэр төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илэрц тэмдэглэгдсэн байгаа. Зөвшөөрөл олгож эхэлснээс хойших 18 жилийн хугацаанд 15 мянган ашигт малтмалын хайгуулын лиценз хүмүүст өгсөн гэдэг. Гэтэл Эрдэс баялаг, эрчим хүчний яамны сайдад хайгуулын лиценз дөнгөж 3603, ашиглалтын лиценз 1904 байгаа гэж бичигджээ. Бусад нь цуцлагдсан юм байлгүй дээ. Тэглээ ч гэсэн эдгээр лиценз бүхий газрууд нь Монголын нийт нутаг дэвсгэрийн 24.3 хувийг эзэлж байна. Лицензийн наймааны оргил үе 2000-2008 он байсан болов уу. 2004 оны сонгуулийн дараа “Буян”-гийн Б.Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайд болж Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт өөрийн талын хүмүүсээ шургуулан лицензээр жинхэнэ тоглож байлаа. Эмх замбараагүй олгосон лицензийн хэрүүл тасраагүй. Тэгээд тал талын шахалтанд орж, аргаа барахдаа лиценз олголтыг түр зогсоож байв. Гэсэн ч мань хүн энэ сиймхийг ашиглаад 700 гаруй лицензийг компани, хувь хүмүүст өгчихсөн л байсан. Үүнээс ч хөгийн, бүр аймаар юм зөндөө болж байлаа. Юу вэ гэхээр нэг удаа Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн лиценз олголт, уул уурхайн ашиглалтын талаар сайд асан Б.Жаргалсайхантай уулзалт хийжээ. Уулзалт өнөөх 700 гаруй лицензийг гол гаргачихсан үед болсноороо бас онцлогтой. Тэдний яриа нэлээд ширүүн хэрүүлээр эхэлсэн гэдэг. Б.Жаргалсайхан “Яадаг юм, би тэрийг чинь мэднэ” гэж даналзахад иргэний хөдөлгөөний нэг нөхөр түүн рүү “Тэгж яривал та нар Монголын ашигт малтмалын лизензийг газрын зургаар зааж, тодорхойлж олгохдоо хятадын нутаг дээр тэмдэглээд өгчихсөн байсан шүү дээ” гэх нь тэр ээ. Харамсалтай нь Б.Жаргалсайхан үүнд хариулт өгч чадаагүй гэнэ лээ. Энэ мэт олон хачирхалтай, онигоотой явдлууд лицензийн эргэн тойронд зөндөө гарч байжээ. Тэр жил иргэний байгууллагууд Монголын уул уурхайн ассоциацийнхантай хамт Хятадын Хөх хотод очжээ. Тэнд уул уурхайн үзэсгэлэн-семинар маягийн юм болж л дээ. Хятад, Өвөрмонголынхонтой манайхан янз бүрийн чиглэлээр ярилцаж байхдаа “Ар Монголын ашигт малтмалын лиценз, орд газруудыг борлуулах, үйлдвэрлэл үйлчилгээ хийх нийгэмлэг” нэртэй төрийн бус байгууллага байгуулагдсаныг анх удаа сонсоод мэл гайхаж цэл хөхөрцгөөсөн байна. Хятадууд ухаандаа ийм иргэний байгууллагаар дамжуулан Монголын ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг худалддаг, зуучилдаг болох нь тодорхой байв. Тэдний зохион байгуулсан ажил уу, эсвэл бас өөр байгууллага ч хийсэн байж болох бас нэг сонин яриа саяхан болтол амнаас ам дамжин яригдсаар байлаа. Тэр нь, Хөх хотод манай орны бүх аймаг сумын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын орд газруудын мэдээлэл сансраас авсан зургийн хамт хятад хэл дээр орчуулагдсан тухай юм. Задгайрна, замбараагүйтнэ гэхэд арай дэндэж байжээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ченж УИХ-ын гишүүд, тэдний гэр бүл, ах дүү нарын дунд цөөнгүй бий. УИХ-ын гишүүн Л.Гүндалайн дүү Дэлгэрдалай ашигт малтмалын газарт ажиллаж, гадаад дотоодын хүмүүст лиценз зуучилсан гэх шуугиан нэг бус удаа гарч байв. Одоо ОХУ-д суугаа элчин сайд Д.Идэвхтэн Хөвсгөлийн фосфоритын орд газрын лицензийг өөрийн нэр дээр авсан байлаа. Нутгийн иргэд хэл үг гаргаад ирэхээр зальдахыг оролдож “Тэр лицензийг миний нэр дээр манай хамаатны хүн авчихсан байсан” гэснээ төд удалгүй “Өө, нөгөө лицензийн эзнийг шүүхэд өгчихсөн” гэсэн юм. Ухаандаа түүний нэрийг бариад лиценз авсан хамаатнаа шүүхэд өгсөн хэрэг. Үүнийг бичигч миний бие нэгэн маргааны улмаас УИХ-ын гишүүн асан Д.Идэвхтэнтэй уулзахдаа “Шүүхэд өгсөн хамаатны чинь асуудал яаж шийдэгдсэн бэ” гэж асуусанд тэр “Шүүхэд өгсөн боловч юу ч бололгүй өнгөрсөн дөө” гэсэн юм. Нэг лицензийг ийнхүү гурван янзаар тайлбарласныг юу гэж ойлгох вэ. Хамаатных нь хүн хэн ч байлаа гэсэн Д.Идэвхтэний оролцоогүйгээр лицензээ баталгаажуулах боломжгүй шүү дээ. Түүний биет оролцоо зайлшгүй байж байх ёстой. Дарга нар ер нь ингэдэг л байхгүй юу.
Хэдэн жилийн өмнө лицензтэй талбай манай нийт газар нутгийн 46 хувийг эзэлж байлаа. Үүнийг цэгцлэхийн тул Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лиценз олголтыг зогсоосон жил гаруй хугацаанд харин 22 сая га талбайг хамарсан 2500 гаруй лиценз хүчингүй болж, нийт газар нутгийн маань 16 хувийг хамрах болсон нь олзуурхууштай. Одоо “Монголресорсес экспо-ло-рейшн”-д 247, “Адамсмайнинг” компанид 119, “Айвенхоу майнз”-д 117 гэх мэтээр гадаадын компаниудад нийт 975 лиценз байна. Эдгээрийн ихэнх нь алтны ордууд юм. Р.Фрийдланд Америкт очоод уул уурхайн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчидтай уулзахдаа “Бид Монголын газар нутаг дээр маш ховор эрдэнэсийг олж илрүүлсэн. Алт, зэс гээд надад үнэт металл бараг цөмөөрөө байгаа” гэж гайхуулж байв. Гадаадынхан манайд ирээд ингэж л баярхаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхдөө лицензийг ямар шалгуураар, хэнд олгож байхыг нарийн зааж өгөхгүй бол болохгүй нь ээ. Архины тусгай зөвшөөрлийг Засгийн газар дээр ярьж, шийддэг. Гэтэл ашигт малтмалын лицензийг нэг агентлаг өгч байгаа нь лицензийн луйвар, наймааг хэсэгтээ л гаарууллаа шүү дээ. Нэг л өглөө босоод ирэхэд бидний баялаг харийн хүнийх болчихсон, монголчууд өөрсдөө гадаадынхнаас баялгаа гуйгаад зогсож байх боллоо.
Б.Отгонбаяр.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )