МУЭ-ийн хорооноос зохион байгуулдаг “Бичиг соёл” үзэсгэлэн гурав дахь жилдээ боллоо.Үзэсгэлэнгийн гол зорилго нь монгол үндэснийхээ хэл соёлыг цэвэр тунгалаг байлгаж, сайхан монгол хэлээрээ зөв ярьж, бичдэг болох, Монголын уламжлалт уран бичлэгийг орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлэх, дэлхий дахинд таниулахад чиглэгджээ. Монгол бичгийг дэлхий дахины соёлын их өв сангийн нандин эрдэнийн нэг гэдэг. Дэлхий дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг 13 бичгийн тоонд зүй ёсоор орсон монгол үндэсний бичиг үеэс үед уламжлагдан, мянган жил, түмэн онд дуурсагдах учиртай. Тиймээс хүүхэд залуусаас эхлэн бүгд л гайхамшигт монгол бичгээ сурч эзэмших, улмаар дэлхий нийтэд таниулан ойлгуулахыг мэрийн чармайх болсныг үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан үйл явдлууд харууллаа. Монгол хүн бүрийн эрхэм үүрэг, буянтай зөв үйлс болсон үндэсний бичгээ дэлгэрүүлэх зорилготой “Бичиг соёл” үзэсгэлэнг МУЭ-ийн дарга, Төрийн соёрхолт зураач Ц.Энхжин санаачилж, дэмжигч байгууллагаар “Хабу” компани ажиллаж монгол хэл, бичгийн соёлоо дээдлэх, хадгалан хамгаалах, өвлөн хөгжүүлэх их үйлст хамтран зүтгэж, хувь нэмрээ оруулахыг монгол хэл бичгийн багш нар, оюутан, сурагчид, нийт олон түмэндээ уриаллаа. Үзэсгэлэнд монгол бичиг, соёлын чиглэлээр судалгаа хийж байгаа гадаад, дотоодын эрдэмтэн, судлаач, уран бичээч буюу калиграф зураачдын бүтээл, оюутан сурагчдын хичээнгүй тэгээр бичсэн зохион бичлэг, эргэцүүлэл зэргээс дээжлэн толилуулав. Үзэсгэлэнгийн үеэр “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулж, сайхан бичлэгийн уралдааныг дүгнэлээ. Уралдааны уран бичлэгийн тэргүүн шагналыг чөлөөт уран бүтээлч Ц.Тамир хүртсэн бол Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан А.Анхбаяр хамгийн сайхан бичигтнээр шалгарсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )