Генерал Ч.Амарболд гадаадад эмчлүүлэх нэрээр хэргээс бултав уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

2008 оны 7 сарын 1-ний хэргийг шалгах ажил дахин үргэлжилж байгаа билээ. Цагдаагийн дарга нартай холбогдуулан шалгаад хаасан хэргийг нь Д.Дорлигжав Ерөнхий прокурор болмогцоо сэргээн шалгуулж эхэлсэн. Иргэдийн шаардлага, хүсэлт ч үүнд нөлөөлсөн . Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан генерал Ч.Амарболд нарын цагдаагийн дөрвөн хурандаа одоо шалгагдаж байна. Ч.Амарболдын хэргийн зүйл ангийг өөрчлөн шалгахаар болсон гэнэ. Гэтэл түүний бие гэнэт чилээрхэн гадаад руу явж эмчлүүлэхийг хүсч байгаа юм байна. Энэ тухайгаа өмгөөлөгч Е.Сагсайгаар дамжуулан прокурорт өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй ажээ. Гэмт хэрэгт яллагдагчаар татагдан мөрдөгдөж байгаа  хүнийг гадаад руу зорчуулах ёсгүй. Иймээс прокурорууд түүнд хариу өгөхөөс цааргалж байгаа бололтой. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр бас л “Миний бие муу байна” гэсээр хамаг албан тушаалаа өгч билээ. Солонгос, Америкт очиж эмчлүүлсэн. Үүний нарийн учрыг мэдэх хүмүүс харин өөрөөр ярьж байгаа. С.Баяр гол нь  7 сарын 1-ний хэргийн улмаас өөрийн санаачлагаар огцорсон гэж байна. Тэгвэл одоо харин тэр 2013 онд Ерөнхийлөгч болж магадгүй гэх бөгөөд, энэ албан тушаалд хамгийн ихээр горилж буй хүмүүсийн тоонд багтаад явж байгаа юм. Бие нь сайжирсан юм байлгүй дээ. Яг үүнтэй адил Ч.Амарболдын хэрэг бишдээд эхэлмэгц мань хүн С.Баярын адил заавал гадаадад очиж эмчлүүлэх хэрэгтэй болсон юм байх аа. Энэ нь хэргээс оргон зайлах санаа ч байж болох юм гэсэн нэгэн эх сурвалжийн үг ортой байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. 

Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top