Оросын нефтийн мафийнханд зарагддаг манай шатахуун түгээгчид дахиад үнээ нэмэх Пи Ар хийж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Оросууд найтаахад монголчууд ханиадаг зуршил бүтэн зуунаар тогтохгүй хол замыг туулж байна. Ийм эмгэнэлт явдал цаашид хэдий болтол үргэлжлэхийг бурхан хүртэл төсөөлөхгүй байгаа. Хойд хөршийнхөн нефть, нефтийн бүтээгдэхүүнээрээ бидний хоолойг базаж амь тавиулах шахна. Заримдаа улс төр, эдийн засгийн шантаажиндаа үүнийгээ маш сайн ашиглана. Энэ удаа тэд дотооддоо нефтийн бүтээгдэхүүн хомсодлоо гэх нэрийдлээр экспортоо багасган дахиад манайхныг багалзуурдаж эхлэв. Монголын улс төрийг гартаа атгасан нефтийн компаниуд маань ч үүнийг хөөрхөн өлгөж аваад шатахуунаа 80 төгрөгөөр нэмж хэд хоног овоо ашиг олоод үнээ 50 төгрөгөөр буулгаж тоглосон. Энэ тоглоомонд нь Засгийн газар ямар нэг арга хэмжээ авч чадаагүй байтал дахиад үнэ нэмэх сураг дуулдлаа.  Үүнд Оросын дээрх  байдал нөлөөллөө гэх ажээ. Гэтэл бас Оросоос орж ирж буй нефтийн бүтээгдэхүүний чанар тааруухан боллоо гэсэн мэдээлэл хүмүүсийг бүр их бухамдуулах шинжтэй байна. Орос дахь нефтийн хомсдолыг холбогдох байгууллагууд нь судлахдаа энэхүү чанар муутай шатахууны асуудлыг ч хамруулан шалгахаар болсон гэнэ.  Гэхдээ тэдний нефтийн акулууд үндсэндээ мафийн сүлжээнд ажилладаг нь нууц биш болоод байгаа юм. Нефтийн бүтээгдэхүүнээ экспортод гаргаснаас дотооддоо нийлүүлбэл илүү ашигтай гэж акулууд  Засгийн газартаа иймэрхүү замаар шантааж хийж байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч энэ бүхний цаана манай хэдэн мангасууд шатахууныхаа үнийг нэмэх давхар ПиАр хийж байж  магадгүй ажээ. “Ажнай”, “Сод Монгол”, “Питровис”, “Жаст ойл” зэрэг шатахуун экспортлогч бүх мангасууд нэгэн зэрэг үнээ нэмдэг, мөн нэгдмэл үгээр Засгийн газрыг гартаа атгадаг тул иймэрхүү шалтаг, шалтгаан тоочин Пи Ар хийхийг үгүй гэх газаргүй хойно доо. Оросын нефтийн мафийн гарын үзүүрт зарагддаг манай эдгээр шатахуун түгээгч хүнд гарууд цаашдаа юу ч гэж донгодож байж мэдэх юм шүү.  

Х.Тулга. Zindaa.mn   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top