Эрх баригчид хар тамхичдын толгойг илээд өнгөрч байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

 


  Монгол улсын иргэд архин далайд живэхийн хажуугаар чимээгүй үхэл буюу хар тамхинд оюутнуудаасаа өгсүүлээд урлагийнхан хүртэл толгойгоо хүртэл шигдчихээд байхад манай эрхбаригчид мэдээгүй дүр үзүүлж суух нь иргэдээ үхэл рүү түлхэж байгаа хэрэг юм.  Монголчууд гадаадад мансууруулах төрлийн наймаанд гар бие оролцож бүх насаараа хорих ялнаас өгсүүлээд цаазын ял хүртэл  аваад байгаа эмгэнэлтэй хэргүүд ар араасаа гарсаар байна. 2009 оны зургадугаар сарын 28-нд “СА-972” нислэгээр Бээжинд буухдаа хар тамхины 149 ширхэг үрэл тээшиндээ нууж, 52-ыг залгин хил нэвтрүүлэх гэж байгаад баригдан БНХАУ-ын Ардын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Л.Байгальмаагийн хэрэг. Мөн Киргизээс Хятадын Шинжаан-Уйгарын нутгаар дамжуулан дөрвөн килограмм хар тамхи зөөвөрлөж яваад бас л баригдаж БНХАУ-ын Ардын шүүхээс цаазын ял сонссон Монгол Улсын иргэн Ж.Дамдингийн хэрэг, Филиппинээс Монголд оруулж ирсэн 1,7 килограмм героиныг улсын хилээр гаргах гэж байгаад Замын-Үүдийн гааль дээр баригдан Монгол Улсын шүүхээс 15 жилийн ял авсан иргэн М.Ойгонбаяр нарын хэрэг гээд урт дараалал хөвөрнө. Гэхдээ энэ гурвын цаана маш олон илэрсэн, илрээгүй хэрэг буйг хэлэх нь зүйтэй байх.  Энэ бүхэн Монгол Улсын хуулийн байгууллагууд болон эрүүл мэндийн газар мансууруулах бодис, хар тамхины эсрэг сурталчилгааг ер хийхгүй байгаатай холбоотой.

 Хар тамхи тээсэн, зарж борлуулсан тохиолдолд манай улсаас бусад улс оронд маш хатуу хуулийн заалт үйлчилж хамгийн багадаа 25 жилийн хорих ялаас авахуулаад бүх насаар нь хорих, эсвэл шууд цаазын ял авдаг гэдгийг жирийн иргэддээ ухуулан таниулах ажил хийж байна уу. Мөнгөний төлөө  гээд бүхнийг зөвтгөх аргагүй ч ийм хуультай гэж мэдсэнгүй гээд сууж байдаг иргэдийг яалтай вэ.Энэ хуулийг яая гэх вэ гэхэд хар тамхийг түгээгч нэгний толгойг нь илээд шоронгоос сулладаг Ерөнхийлөгчтэй улс орон манайхаас өөр байхгүй.

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхи борлуулсан, хэрэглэсэн хэргээр долоон жилийн хорих ял сонсож түүнийгээ эдэлж байхад нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2009 онд зарлиг гарган суллаж байв. Өөр улсын Ерөнхийлөгч, тухайлбал, Барак Обама ингэж хэн нэгэн хар тамхины наймаачин рокерыг өршөөж зүрхэлсэн бол өдийд түүний Осама бин Ладенг устгасан гавьяа нь шууд арчигдахаар барахгүй ёстой үг дуугүй огцрох байлаа. Харин одоо дээрх рокеруудын сүүлийг мушгин “Лемонс” гээч хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ төрлийн гэмт хэргийн улмаас ял сонслоо. Урлаг соёлд хайртай гэж цээж дэлдсэн нэгэн нь сонгууль ойртох үед бас өршөөчих ч юм билүү, хэн мэдэх вэ. Товчхондоо манай эрх баригчид хар тамхичдын толгойг нь илээд өнгөрч байна.  Иргэд хуулиа мэдэхгүйгээс болоод  олон улсын хар тамхины мафийн  саварт аль хэдийнэ базагдчихаад байхад Эрүүгийн цагдаа болоод гаалийнхан та нар юу хийж байна?

 М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top