Доржнамжимын Мөнхзул 1990 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн. Морь жилтэй. “Хадны мангаа” шүлгээ дөрөвдүгээр ангидаа бичсэн нь яруу найргийн хөх асарт хөл тавих түүний анхны гараа байлаа. Тэрээр Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга” яруу найргийн наадмын хошой алт мөнгөн медальтай. 2008 онд “Цэцгэн дундах хорвоо” анхны шүлгийн номоо гаргасан. Одоо МУБИС-ийн сэтгүүл зүйн гуравдугаар курсэд суралцдаг. Д.Мөнхзул өнгөрсөн долоо хоногт болсон Хуульч Сандагийн нэрэмжит “Цэцэн билэг” яруу найргийн наадамд 3-р байрын шагнал хүртсэн юм. Залуухан найрагч таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
Эх орондоо унших шүлэг
Босгыг тань даван хөлд ороход минь
Бороон чимээтэй тосч угтсан
Бойтгондоо бүдэрч хөлд ороход минь
Бор хөрсөн дээрээ намайг түшиж тэнцүүлсэн
Эх орон минь
Уйлахдаа би салхиар чинь арчуур хийж
Уйтгарлахдаа би агаараар чинь гунигаа тайлдаг
Өнгө өнгийн цахиураар тань гэр орон тоглож
Өрмөн шаргал говиороо шүлэг хэлхдэг ээ
Эх орон минь
Бүсгүйн энэхэн биеэ цэцэгсээр чинь гоёж
Бардам тэнүүн омгоо уулсаар чинь тэтгэсэн
Гэгэлзэх заяаны хөргөө гол усаар тань эмжиж
Гэргий болох заяагаа танаараа чимлээ
Эх орон минь
Сар эрхэлж хоносон уулсын чинь бэл дээр
Саваагүй гэнэн насаа оддоор чинь гоёж үлдээлээ
Нар ээж туяарсан толгодын чинь энгэрээс
Намтрын гэрэлт мөрөө хөрүүлэн бичиж явна
Эх орон минь
Бүлээхэн хэвлийд чинь хичнээн жил жаргахаа мэдэхгүй ч
Буурал он жилүүдийн түүчээнд дуулж л яваа цагтаа
Бүхий л орчлонгийн баяр гунигийн хослолыг
Бийрийн үзүүрээр тан дээрээ л бичиж сууна аа би
Эх орон минь
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Гоё
Хүүхдүүдэд дуу шүлэг кино урлагаар дамжуулж эх орон гэж юу вэ тэр ямар үнэ цэнээр би болсон бид яагаад хайрлах ёстой вэ гэдгийг ойлгуулах ажил хэрэгтэй байх
Үнэхээр гоё шүлэг байна
BTS
Гоё шүлэг байна
Тэнэг