"Улаанбаатар таймс" сонины ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, МСНЭ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Глоб Интернэшнл" төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн Долгорын Чулуунбаатарыг 2011 оны гуравдугаар сарын 24-ний өдөр цагдан хорьсон.Түүнийг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр "2008 онд бусадтай бүлэглэн "Улаанбаатар таймс" сонин НӨҮГ-ын менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчилж авахдаа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, НӨҮГ-ыг үрэгдүүлж, онц их хохирол учруулсан" хэмээн Эрүүгийн хуулийн 150-р зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.
Үүнтэй холбогдуулан "Глоб Интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.Тэрбээр, До.Чулуунбаатарыг цагдан хорих хугацаанд биеийн эрүүл мэндийн байдал нь муудаж, нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гарсан байхад үл тоомсорлох, сэтгэл санааны хувьд дарамт учруулах, эргэлт уулзалтыг цааргалах, батлан даалтад гаргах хүсэлтэд удаа дараа татгалзах зэргээр хүний эрх, эрх чөлөөг зөрчиж буй тул Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав, Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга М.Ганхүү, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Д.Ганбат нарт хандаж түүнийг батлан даалтад гаргахыг шаардсан мэдэгдэл хүргүүллээ.
2011 оны тавдугаар сарын 4-ний өдрийн Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын хурлаар "Улаанбаатар таймс" сонин НӨҮГ-ын менежментийн гэрээний комиссын 2008 оны 75 тоот тогтоолооор баталсан өмч хувьчлалын үр дүнг гэнэт яаравчлан хэлэлцэж, менежментийн багийн хувьчлалыг хүчингүй болгосон нь гайхал төрүүлж байна. Энэ нь менежментийн багийн 2008 оны есдүгээр сарын 12-нд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний хариуцлагыг эрх чөлөө нь хязгаарлагдмал байгааг далимдуулан ганцхан До.Чулуунбаатарт үүрүүлэн тохох санаархал ч байж болзошгүй. Цагдаагийн газрын шалгаж дуусаагүй байгаа өмч хувьчлалын асуудлыг Нийслэлийн өмч хувьчлалын комисс яаравчлан хүчингүй болгосныг Төрийн өмчийн хороо зайлшгүй анхаарах ёстой.
До.Чулуунбаатарын 2011 оны тавдугаар сарын 4-ний өдөр батлан даалтад гаргахыг хүссэн сүүлийн өргөдлийг хуулийн хугацаанд нааштай шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Цаашид бид НҮБ, хүний эрхийн олон улсын байгууллага, дэлхийн хэвлэл мэдээлээл, сэтгүүлчдийн хамтын нийгэмлэгийн зүгээс дэмжлэг хүсэн, түүний эрх чөлөөг хангахын тулд тууштай тэмцэнэ хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )