Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны музейн захирал Ли Сан Хи тэргүүтэй төлөөлөгчид манай оронд 2011 оны 5 дугаар сарын 5-9-нд айлчиллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар санал солилцож, музейн Захирал Ли Сан Хи-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шинжлэх ухааны бодлогын салбар зөвлөлийн гишүүнээр томилсон тухайгаа мэдэгдэн үнэмлэхийг гардуулав.
ЕрөнхийлөгчийнТамгын газрын санаачилгаар Шинжлэх ухааны музейн төлөөлөгчид Байгалийн түүхийн музейн удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичигт олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулган болон судалгааны ажил, үзэсгэлэн зэргийг хамтарч зохион байгуулахын зэрэгцээ хүүхэд залуучуудыг сургалт-аялалд оролцуулах зэрэг ажлыг тусгажээ. Мөн Ли Сан Хи МУИС-ийн харьяа Улаанбаатар сургуулийн Хүндэт доктор өргөмжлөл хүртэж, оюутнуудтай уулзан шинжлэх ухааны ирээдүйн хөгжлийн чиг хандлага болон Монгол орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө тэдний оруулж болох хувь нэмрийн асуудлаар ярилцав.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )