До.Цэнджав, До.Чулуунбаатар ах дүү хоёр зохиолч, сэтгүүлчийг мэдэхгүй хүн Монголд ховор биз. Дүү До.Чулуунбаатар нь хуучин Сүхбаатарын хэвлэх үйлдвэр буюу “Улаанбаатар таймс” сонины байрыг хувьчлахтай холбогдсон хэргээр Ганц худагт хоригдон шалгагдаж байна. Сэтгүүлчийн эрхэнд халдсан явдал хэмээн “Глоб интернейшнл” Төрийн бус байгууллагаас түүнийг батлан даалтанд гаргахаар хөөцөлдөж байгаа. Уг хувьчлалд анх хөрөнгө оруулалт хийсэн Л.Сэргэлэнгийн 500 сая төгрөг хэзээ, юунд зарцуулагдаж, хаашаа алга болсон гээд хуулийнхны сонирхох, сонжих зүйл мундахгүй. Сүхбаатарын талбайн зүүн талд навсайж нурсан тэрхүү дуулиант байр нь угаасаа хотын өмч юм. Тиймээс хуудуутай хувьчлалын шуугиан дэгдээд ирмэгц хотын захиргаанаас яаравчлан өмч хувьчлалын шийдвэрийг хүчингүй болголоо. Гэсэн ч До.Чулуунбаатарыг цагдаагийнхан мөрдөн шалгасаар байна. Саяхан ах До.Цэнджав нь дүүгээ эргэж Ганц худагт очоод сэтгэл эмтэрсэн тухайгаа “Улс төрийн тойм” сонинд ярилцлага өгөхдөө дурджээ. Тэр мөн Н.Энхбаярт гомдож яваагаа хэлээд авсан байна. Дээрх гайтай хувьчлалын цаад нууц ноёнтон нь Н.Энхбаяр болон түүний эхнэр О.Цолмон гэх яриа эртнээс яригдсаар ирсэн. Одоо ч ихэнх нь үүнд итгэж байгаа. Цагдаа нар бас энэ мөрөөр орон баримт баталгаа хайж яваа бололтой. До.Чулуунбаатараас тэд яг 1932 оны үеийн До яамныхан шиг ааш авир гарган асууж байцаасан гэнэ. “Цаана нь хэн байгаа юм бэ. Түүнийгээ л хэл” гэж цагдаагийнхан тулгаж байцаадаг нь тун гайхалтай. Энэ бүхэнд До.Цэнджав бухимдаж байгаа ажээ. Мөн Н.Энхбаяр түүнийг өнгөрсөн сонгуулийн үеэр ажлаас нь гэнэт халсанд одоо болтол гомдолтой яваа гэж байна. Яагаад гэв гэнэт Н.Энхбаяр түүнээс нүүр буруулж, золигт гаргах болов. Уул нь До.Цэнджав “Засгийн газрын мэдээ” зэрэг сонинд эрхлэгч, орлогч эрхлэгчээр ажиллаж байхдаа Н.Энхбаярыг магтан дуулдаг, үүнийхээ ачаар сониныхоо санхүүжилтэнд мөнгө олдог байсныг мэдэх хүн олон бий. Одоо ч Н.Энхбаярын удирдаж байсан МАН-д үнэнч зүтгэгч бололтой. Харин Н.Энхбаяр МАХН-ыг дахин байгуулж өнөөгийн эрх баригчидтай дайн зарласан. Ялгаа нь үүнд байгаа байх. Гэхдээ Н.Энхбаяр шаварт унаад ирэхээрээ ямар ч сайн нөхрөө нойлын цааш шиг хаяж чаддаг муу зуршилтай гэж ойр орчмынх нь хүмүүс ярьж байна. Ортой болов уу. Долигонуур хүмүүс До.Цэнджав шиг бас ингэж хаягддаг. Н.Энхбаярыг төрийн өндөрлөгт гараад маасайж суухад доогуур гутлын үзүүрийг нь долоох шахам зусардаж явсан хүмүүс зөндөө байсан гэнэ лээ. Тийм хүмүүс удалгүй тараа таниулж мөнгө шингэсэн улс төрийн орон зайн хаа нэгтээ гээгдэж хоцордог тал бас бий нь ч бий шүү.
Я.Ымербек. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )