Шүлэг: Үзэсгэлэнт бүсгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

 

Гүнрэгжавын Ишхүү

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат. “Хаврын зэрэглээ”, “Өвсөн шугуй”, “Сарны гэгээ”, “Хөх тоосгоны чимээлэн” зэрэг шүлэг найргийн ном туурвижээ. Шилдэг бүтээлээрээ МЗЭ-ийн шагнал хүртсэн. “Болор цом”-ын тэмцээнд дээгүүр давхидаг авьяаслаг найрагчийн шүлгээс таалан болгооно уу! 

 

Үзэсгэлэнт бүсгүй

Гоо үзэсгэлэн ертөнцийг чимдэг

Гоё байна, чи гоё байна

Цэл залуудаа чиний үзэсгэлэнтэй байсныг

Чинэрсэн хоёр хөх чинь гэрчилж байна

Ичингүйрлийн үгээр өөрийгөө бүү хуч хонгор минь

Эрээн даашинзтай алаг нүдтэй

Ийм л охин байсныг чинь

Ээ би мэдэж байна

Бага залуугий минь чи мэдэхгүй гэж

Бардам бодоод хэрэггүй ээ бүсгүй минь

Явдал гишгээ инээмсэглэл чинь

Яг л надад хэлж байна

Чамайг харсан хөвгүүдийн зүрхэнд

Чанадын гэгээ асагран сүлбэж

Үерхэе гэж дөлсөөр

Үгээн хэлэх гэж айсаар

Зүсийг чинь харан баясаж

Зүүдэндээ хааяа уулзаж

Зүрх сэтгэл урагдасныг

Зөнгөөрөө би мэдэж байна

Цаашдаа ч чи сайхнаараа

Цагийг эзэгнэсэн Сүнжидмаа

Өнөө гэсэн гоогоороо

Өнгө төрх чинь тэнгэрийнх байна

Инээмсэглэн алхал

Эрчүүд чамайг хараг

 

Ямар галбир үзнэ вэ

Асарлах хөхрөгчийн сувдан сүрэг анивалзахуй дор

Алдуурахуй сэтгэл чинь зүрхнээ хурган бүжээд

Лавай саран зүүд сэмлэн учиг хөврөхүйеэ

Лянхуан дэлбээ уруул чинь үзэсгэлэн төгс харагдмуй

Тэртээх цэнхэртэхийн эрхэсээс тэргэл хөөрөн эгцэрэхүй дор

Тэгтлээн чи намайг яасан их хүсэмжилнэм

Ариун бумба чинь төвөлзөөд атгахан зүрх чинь оволзном

Аяа би саран авхайн толинд ямар галбир үзнэ вэ?

Нартын доорх хөрстөд дурлалын охь амтлаг гэнэ

Найз минь бид үүнийг мэдэх билүү үгүй юу

Хурмастын хязгаар дахь янаглал ямарыг би мэдэхгүй ч

Хуурамч энэхэн замбуулин хүслэн хяслан ихтэй дэг

Учруулж болсон хойноо хясаж чаддаг хорвоогийн

Улаан түймэр хайранд шатаж би үзсэн

Янагийн халуун дэрэнд тавилан дутуу заяаж

Ядарсан эгэл шүлэгчийг бүү даажигнаг тэнгэр минь

Гэсгээл дэрлэсэн учралын хүслэнт шөнийг аргадан

Гэгээн сэтгэл нэхэмжлэх дарсанд хөлчье амраг минь

Учрахуй

Эгшигт Янжингийн зууван хоёр удвал лугаа

Инээмсэглэл нисгэн

                        дунгийн цагаан цахиур ярайж

Ихэд холын үзэсгэлэнт

                        охин биений төрхийг илтгэн

Итгэхүйеэ бэрх

                        далд хүслийн галыг ноцоож

Эдүгээ насны дурлалыг өдөөгч эрхэм авхай

Эрхэлхүйеэ мэт авир зангийн зөөлнөөр ирэв

Огоот хүслээс үл  холдсон

түүний саранг ажиглахуй

Огторгуйд суудалт

                         бодиства мэт

                                      нэгэнтээ байвч

Сэрэхүйеэ цагийн

                     гэгээн зүүднээ үзэгдэгч

                                      дагинас хийгээд

Сэтгэхүйеэ

               өмнө минь зогсоо

                                 үзэсгэлэнт лянхуан гоод баясмой.

Мөнөөх хүүхний уруулаас цацарсан

                                 эгшиглэнт дуу бүхэн

Мөшгихүйеэ надад

                         бийбаа хөгжмийн аялга мэт байвч

Мөрөөдөхүйеэ тавиланд

                      мартагдаад үлдсэн

                                           анхны хүслэн сэрээгч

Мөнгөн хонхны жингэнээтэй

                         яруу тунгалаг сонсогдов оо

Итгэсэн харцнаас

                           үл дальдрагч зөгий дүнгэнэн

Иссэн дарс амтлахаар

                             зууван жимс рүү дөхөхөд

Цээжин биений тушаанаа

                            бумбын хатуурал мэдрэгдээд

Цэнгэлийн тансаг орон луу

                                  шуудран давхиад явчихваа.

Zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top