Номхон тэмээ шиг ноолуулсан Сү.Батболдыг зах зээлийн хуулиар нисгэе

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Борчуудын амьдрал хот хөдөөгүй хүндхэн болж байна. Талх, шатахуун, цахилгааны үнэ нэмэгдлээ. Цаашдаа ч мөнгөний ханш улам унах бололтой. Инфляци бараг 20 хувьд хүрэх байх гэсэн таамаг бий. Сү.Батболдын Засгийн газар одоо барьц алдаж эхэллээ. Түүн рүү боорлон дайрч, муу үгийн бай болгох хүн захаасаа аван гарч ирсээр байна. Өглөө босоод зурагтаа асаах бүрийд шахуу нэг шинэ хөдөлгөөн, холбоо гараад ирчихсэн Сү.Батболдын нэр дээр хаягласан “Огцор” хэмээх шаардлагаа уншиж  байна. Энэ нь ч зөв биз. Гэхдээ номхон тэмээг ноолох амархан. Сү.Батболд  ч гэж дүүрчихсэн ноомой амьтан юм. Юу ч хэлж чаддаггүй. Сүүлдээ жаахан эргүү ч юмуу гэж бодогдохоор сонин болчихжээ. Саяхан Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос түүнд “Гэр хорооллын айлуудад үнэгүй орон сууц барьж өгөх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол энэ оны зургадугаар сарын 9 гэхэд огцор” гэсэн байх юм. Ардчилсан нам хэзээ ингэтлээ бэлэнчлэх, үнэгүй юмаар хангуулах болчихов. Либераль үзэл нь соц нийгмийн үеийнх шиг үнэгүй болгох эдийн засгийн үзэл номлолтой билүү. Үгүй байх аа. Харин иргэдээ сайхан амьдрал өөд хөтлөх, амьдралаа дээшлүүлэх бүх боломжоор нь хангахын тулд хүнээр юм хийлгэдэг байх учиртайсан. Засгаас хэн ч, юу ч шаардаж болно. Аягүй бол миний эхнэрийн биеийг угааж өг гэх мулгуу нар ч гараад ирж мэднэ. Гэхдээ аливаа юманд боломжит хэм хэмжээ гэж бий. Орон сууцаар хангах өнөөгийн бодлого арилжааны  хэдэн банкны луйврын сонирхол дор нам дарагдчихаад байна. Үүнийг харин чөлөөлж, иргэддээ хүүгүй, урт хугацааны зээл олгон орон сууц барьж өгөх талаар Сү.Батболдод хичээл зааж өгвөл илүү тустай байх болов уу. Цаадах чинь банк, санхүүгийнхний торон дундаас гарч чадахаа болиод байна. Ийм ядарсан “шувуухай”-г торноос нь гаргаж агаарт чөлөөтэй нисгэх хэрэгтэй байх аа. Хэрвээ зах зээлийн хуулиар дэвэн нисч чадахгүй бол огцруулна л биз.  

Я.Ымербек. Zindaa.mn   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top