Улс төрчид хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Манайд ийм хууль үйлчилж байгаа. Гэтэл үүнийгээ далимдуулан жирийн иргэн Батаа, Болороогийн амнаас ч гармааргүй үгээр улс төрчид наадаж байна. Гоё харагдах гэж зарим нь тэгж мулгуутдаг бололтой. Гүндүүгүй, шулуун шударга хүн болох гээд элдэв муу үг цуглуулан түүнийгээ энд тэнд ярьж яваа хүнийг улс төрч гэнэ гэсэн тодорхойлолт маягийн юм ч гараад ирэв бололтой. “Дорбинкдох”, “Өсөрхөх” гэх мэтээр хэн нэгнийг илт заналхийлсэн янзтай үг тэдний амнаас унахаар хүмүүс айж байна. Цусан өшөө авна, буудан хорооно гэсэн утгаар ойлгогдоод байгаа юм. С.Эрдэнэ гишүүн саяхан “Би өс санаж яриад байгаа юм биш” гээд л баахан бурлаа. Хэрвээ тэр өс хонзон санаж явсан бол яах байсан гэж. Алах байсан юмуу, Ардын намынхныг. Эсвэл Ардчилсан намынхаа нөхдөөс өс хонзонгоо авч байна гээд амийг нь хороох уу. Түүнийг 2008 оны сонгуулиар Ардын намынхан шахаж, шоронд суулгах гэж байлаа. Гэхдээ үндэслэлгүй гүтгэлэг гэсэн байдлаар хэрэг нь хаагдсан. Үүнд юм санаад өс өвөртлөөд, мэс ханцуйлж яваа юм биш байгаа даа. Ер нь энэ мэтээр улс төрийг хамгийн ихээр бохирдуулж байгаа хүмүүс бол өнөөгийн УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө шүү дээ. Урьд нь бас ийм л байсан. Тэд Монголын баялгийг цөөн хэдэн хүний гарт төвлөрүүлэн хуучин нийгмийнхээ үеийнх шиг бүхнийг мэдэлдээ байлгахын төлөө үхэн хатан зүтгэж байна. Тэд наанаа ардчилал гэж яриад цаанаа жинхэнэ дарангуйллыг хүсээд байгаа тухай олон хүн шүүмжлэх боллоо. Тийм хүмүүс л өс хонзон өвөрлөж байж магадгүй. Тэдний нэг нь С.Эрдэнэ байсан юм болов уу.
Я.Ымербек. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )