ОХУ-ын иргэн "Алтан Дорнод Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушок МУ-ын Засгийн газрыг гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах ёсгүй хэмээн эсэргүүцэж 1.5 тэрбум доллар нэхэмжилж Арбитрын шүүхэд 2007 онд өгч гурван жил гаруй маргалдсаны эцэст манай улсын Засгийн газар ялсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш тус компанийн эд хөрөнгө, банкин дахь харилцах данс, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг битүүмжлээд байна. Битүүмжилсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ. Одоо С.В.Паушок манай улсад төлөх ёстой 127 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт яллагдагчаар шалгагдаж байгаа бөгөөд түүний эзэмшлийн, Монголд алт олборлож байсан компанийн манай улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Уг компанид холбогдох нийт 16,2 тэрбум төгрөгийн төлбөртэй шүүхийн 24 шийдвэр ирснээс одоогийн байдлаар 513 сая төгрөгийн төлбөрийг төлүүлээд байгаа юм байна. 15,6 тэрбум төгрөгийн үлдэгдлээс гадна кассанд нь үзлэг хийж 5,9 сая төгрөгийг гарган авч 33 мянган долларыг бэлнээр хураажээ. Төв аймгийн Заамар суманд байрладаг уг компанийн үйлдвэрлэлийн баазаас хоёр кг алт, дөрвөн кг цайвар алттай цагаан шороог хураан авч борлуулаад 106 сая төгрөгийн төлбөрийг барагдуулаад төлбөр авагчдад хувь тэнцүү олгожээ. Тус компанийн эзэмшлийн гурван автоцистернийг битүүмжилж тус бүр нь 227,5 сая төгрөгөөр үнэлээд байгаа. Тус компанийн эд хөрөнгө ашиглалт хайгуулын лицензүүд Голомт, Анод, Зоос банкинд барьцаалагдсан байгаа бөгөөд үлдсэн өрийн эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах, үнийн санал авах, мэргэжлийн үнэлгээний байгууллагуудаар үнэлүүлэх, олонд мэдээлэх зэрэгт тодорхой хугацаа орох юм байна.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )