“Сэрүүлэг” дээд сургуулийн оюутнууд үлгэр дуурайл болж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

“Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа бидний мэргэжил бүүр ч сайхан” хэмээн нүүрэндээ мишээл тодруулан дуу нэгтэй өгүүлэх оюутнууд бол "Сэрүүлэг" дээд сургуулийнх. Тэд хараахан ажлын талбар дээр гараагүй ч гэлээ  чадварлаг, мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ сонирхолтой нь үйлдэл, үг бүрээс нь илхэн. Онол дадлага хосолсон сургалтыг чухалчлах болсон өнөө үед тус сургууль оюутнуудынхаа суралцах нөхцөл, материаллаг баазыг үнэхээр сайн хангаж өгч чадсан нь ийнхүү оюутнуудад нь урам зориг нэмдэг биз ээ. Энд байгаа охид залуус бол “Сэрүүлэг” дээд  сургуулийн  “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент “-ийн ангийн оюутнууд бөгөөд танхимд үзсэн онолын хичээлээ лабораторид  хэрэгжүүлж  байхтай нь таарсан юм. Өнгөцхөн харвал хоол хийж сурж байгаа мэт хэсэг оюутнууд. Гэтэл дотроо маш нарийн зохион байгуулалтай ажилладаг юм билээ. Жишээ нь  борлуулалт хийх, захиалга авах, түгээлт, ахлах тогооч  туслах тогооч, бэлтгэгчийн үүргийг тус тусдаа ээлжээр хариуцдаг төдийгүй хийсэн хоолоо багш нар болон бусад ангийн оюутнууддаа худалддаг аж.  Ингэснээр оюутнууд мөнгөний үнэ цэнийг мэдрэх, мөнгийг хэрхэн зарцуулах, багаа яаж  зохион байгуулах, бусдыг удирдаж, бусдаар удирдуулж сурах зэрэг олон талын чадварт зэрэг суралцдаг гэнэ. Тэдний хийж буй хоолны зардлыг сургуулиас нь гаргадаг болохоор оюутнуудад ямар нэгэн хүндрэл гардаггүйгээс гадна  тэд олсон мөнгөө дахин эргэлтэнд оруулж ажилладаг байна. Сүүлийн үед Монголд хүнсний зөв хэрэглээ, аюулгүй байдлын тухай дээр дооргүй ярих болсон. Энэ цаг үед тэд ч бас нүдээ олсон мэргэжилтнүүд. Энэ нь ч салбар бүрт харагдаж байгаа. Тухайлбал энд “Үдийн цай” засгийн газрын хөтөлбөрийн тухай ярьж болох юм. Сургуулиудад хүнсний мэргэжилтэн тэр бүр  байдаггүйгээс  хүүхдүүд хордлоо гэж дуулдах нь цөөнгүй. Тиймээс энэ чиглэлийн мэргэжлээр сургалт явуулж байгаа их дээд сургуулиуд Сэрүүлэгийн туршлагыг хэрэгжүүлж, онол практик хосолсон сургалтаар оюутнуудаа жинхэнэ мэргэшсэн боловсон хүчин болгон төлөвшүүлэхэд анхаараасай.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top