Цайлган сэтгэлт гавьяат маань арай л эрт буцлаа даа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Ард түмний хайртай жүжигчин алиалагч Д.Батсүх  бурхны оронд залраад  арав гаруй хоножээ. Үзэгч олныхоо  хайрыг татаж, хүндэтгэлийг нь хүлээсэн түүний амьдралын утга учир нь түмэндээ цагаахан инээд бэлэглэхэд оршиж  байлаа.  Гэмгүй цайлган харц, инээд цалигуулсан төрхтэй гавьяат маань элэгний хүнд хэлбэрийн өвчин туссан гэх таагүй мэдээг дуулгаж,  сайхан сэтгэлтэй, урлагт хайртай түмнийхээ  өглөгөөр БНХАУ-д нэлээд хэдэн сар эмчлүүлээд ирсэн ч эх орондоо ирээд яаралтай түргэн тусламжаар хэдэнтээ эмнэлэгт хүргүүлж, гэр бүлийнхнийгээ сандаргасан гэдэг. Уг нь "Бие маань дээрдвэл, нэг их удалгүй тайзнаа дахин гарч ирнэ" хэмээн ярьж байсан тэрээр ид хийж бүтээх  55-хан насандаа, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд Монголын мянга мянган үзэгч олон  өнөөг хүртэл харамссаар  байна. Тэрээр  гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн дунд сургуульд суралцаж байгаад 1974-1976 онд Москва хотын Цирк, эстрадын дунд сургуульд шилжин  Монголын анхны мэргэжлийн алиалагч болсон юм. Сайн  яваа нэгэндээ сархад барьж сэтгэлээ илчилдэг манайхны зан түүнийг тойроогүй . “Эр хүний үзэх ёстой газрын нэг бол эрүүлжүүлэх, хамгийн гол нь архи уусан хүн эхнэр хүүхэддээ эр бяраа гаргаж болохгүй шүү” хэмээн эрүүлжихэд хамт байсан залууст сэтгэлийн гүнээс  сургамжилж байжээ. Түүнтэй хамт хошин урлагт анх хөл тавьж байсан МУГЖ Л.Чаминчулуун “ Ардчилал” сонинд өгсөн ярилцлагандаа “Ховорхон авьяастай, дэндүү цайлган дүү минь байсан юм аа. Хөдөө орон нутгаар  мөн ч олон удаа  хэдэн мянган км зам хамт туулж  жаргал,  зовлонгоо хуваалцсан даа. Тэр тоглолтод оролцоогүй ч гэсэн хөдөө гадаа явах гэж байна гэвэл хэзээний л хүрээд ирчихсэн “Тэг ингэ, дутуу зүйл юу байна” гээд гүйж явдагсан. Хошин урлагийн бүх продакшнтай хамтарч ажилласан. Хөдөө хамт явахад хачин халамжтай, бүх л юмны түрүүнд гүйж явдаг болохоор залуу жүжигчид хамт байх их дуртай байсан. Хоол сайхан хийнэ, үргэлж л хөөрхөн хөгжөөж явна. Ярихад их хэцүү байна. Талийгаач маань хачин өгөөмөр сэтгэлтэй, тусч, ёстой нэг хорхойд хоргүй хүн байсан юм шүүдээ. Бид дундаа хамгийн гэгээлэг, даруухан хүний хайлан нь байсан. Тийм сайхан хүмүүсийг л бурхан түрүүлээд түүгээд авчихдаг юм байна.” хэмээн  дурсан өгүүлжээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор цирк болон хошин урлагт амьдрал, уран бүтээлээ зориулж, ард түмэндээ инээд түгээсэн хамгийн өглөгч хүн гэж түүнийг л хэлэх байх.  Монголын ард түмэнд алиалагч Бачка гэж хүндлэгдсэн эрхэм гавьяат маань арай л эрт гундуухан буцчихлаа гэсэн өр өвдөм бодол өөрийн эрхгүй төрөөд байх юм аа. Үүний цаана олон олон Бачкагаа бид бас гундуухан амьдруулсаар, урлагийн алтан тайзнаас нь мөнгө хөөсөн хэдэн хүүхдүүдээр хөөлгөж туулгаад байгаа нь дахин эмгэнэл дагуулсаар байна шүү.

 З.Марал. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top