Нэг өгүүлбэрээр: Анодын өмгөөлөгч нар авлигачдыг илчилж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Д.Батбаатар, Б.Мөнхтуяа нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн   шүүгчийн, Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, Н.Сарангүнийг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн, Д.Очмандахыг Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд сэлгээн ажиллуулах зарлигт гарын үсэг зурж, шүүгчдийн үнэмлэхийг гардууллаа.

  • Засгийн газраас "Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль"-ийн төсөл санаачлан боловсруулсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан байна.
  • УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан өргөн барилаа.
  • Монголын хөрөнгийн бирж өчигдрийн арилжаагаар нийт 32 ХК-ийн 68.7 мянган ширхэг хувьцааг 77.8 сая төгрөгөөр арилжжээ.
  • Анод банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваа өөрийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, Б.Оюунбилэг нараар дамжуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар болон бусад хэд хэдэн албан тушаалтны авлигын хэргийн талаар баримт дэлгэх хэвлэлийн бага хурал өчигдөр хийв.
  • МҮХАҮТанхимаас сав, баглаа боодол хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн дуу хоолойг холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, тэдэнд дотоодын зах зээлээ хамгаалахад нь туслах, үйлдвэрлэгчдийг дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор сав, баглаа боодол, хэвлэлийн салбарын хөгжлийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.
  • Олон нийттэй ажилладаг бодлого боловсруулагчид, удирдагчид орон нутгийн удирдлага, засаг дарга нар, мэргэжлийн бүлэг хүмүүс, шашны бүлэг, арилжаа наймаа эрхлэгчид, манлайлагчид идэвхжүүлэгчид олон нийтийн гишүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх" сэдэвт гурван өдрийн сургалт зохион байгуулна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top