“IWFCI Монгол” байгууллага Сингапурт “ASEAN-Монгол Бизнес Форум”-ийг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 31

 Дэлхийн Эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн анхны холбоо бол IWFCI байгууллага юм. IWFCI байгууллага нь жил бүр салбар байгууллагуудынхаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор "GLOBAL WOMEN”S TRADE SUMMIT"-ийг зохион байгуулж иржээ. Энэ жил  “GLOBAL WOMEN’S TRADE SUMMIT-2017” арга хэмжээг ирэх есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Малайз улсын Куала-Лумпур хотод зохион байгуулахаар төлөвлөж буй ажээ.

Энэ удаагийн "GLOBAL WOMEN”S TRADE SUMMIT-2017"-ийг Малайзын Засгийн Газраас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Малайз улсын Ерөнхий сайд YAB Dato’Sri Mohd Najib Tun Abdul Razak, Minister of Women, Family and Community Development YB Dato’Sri Rohani Abdul Karim нар албан ёсоор оролцох юм. IWFCI Монгол салбар байгууллага GLOBAL WOMEN’S TRADE SUMMIT-2017-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Энэхүү арга хэмжээний үеэр 2018 оны “GLOBAL WOMEN’S TRADE SUMMIT-ийг IWFCI Монгол салбар байгууллага Монгол улсад зохион байгуулах эрхийг хүлээн авах ёслолын ажиллагаа болохоор төлөвлөгдсөн ажээ. Энэхүү үйл ажиллагаатай хамтатган Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яам, IWFCI Сингапур салбар байгууллагатай хамтран 9-р сарын 7-8-ны өдрүүдэд Сингапур улсад “ASEAN-Монгол Бизнес Форум-ийг хийхээр төлөвлөсөн байна. Зүүн Өмнөд Ази болон IWFCI байгууллагын салбар орнуудтай бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой, энэхүү үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй байгууллага, хувь хүмүүсийг нээлттэйгээр бүртгэж байгаа гэж IWFCI Монгол салбар байгууллагаас мэдэгдлээ. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын дээрх хуралд оролцох сонирхолтой хүмүүс ирэх сарын 05-ны өдөрт багтаан урьдчилсан байдлаар мэдээлэл ирүүлэх, бүртгүүлэх ёстой юм байна.

Монгол Улсаас IWFCI Монгол салбар байгууллагын Ерөнхийлөгч О.Байгаль, Дэд Ерөнхийлөгч Ө.Гэрэлмаа, IWFCI Монгол салбар байгууллагын Хөтөлбөр, үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Аюур, “GLOBAL WOMEN’S TRADE SUMMIT”-ийн Зохион байгуулах хорооны дарга Ц.Гантуяа тэргүүтэй шилдэг эмэгтэйчүүд оролцох юм.

    IWFCI байгууллага нь 1992 онд эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  Австралийн Мельбурн хотноо байгуулагджээ. Тус холбоо нь Дэлхийн 13 оронд салбар байгууллагатай үйл ажиллагаагаа явуулдаг. "IWFCI Монгол" салбар байгууллагын хувьд 2016 оны аравдугаар сард Мельбурн хотод болсон "GLOBAL WOMEN”S TRADE SUMMIT-2016"-д анхлан батламжлагдан 2017 оны 3-р сарын 8-ны өдөр Монгол Улсад албан ёсоор нээж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 


Т.Түвшин

ZINDAA.MN 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amjil Baigal aa(202.72.245.70) 2017 оны 07 сарын 31

Yostoi goyo zuv zuil hiij bgaa O.Baigal daa nayarlalaa.olon emegteichuudiin biznesiig demjij urgujihud ni tuslaarai

0  |  0
Top